Ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэв

Монголбанк өнөөдөр /есдүгээр сарын 25/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар худалдах болон худалдан авах санал ирүүлжээ. Тодруулбал, 20 сая ам.долларыг 1402.68 төгрөгийн ханшаар худалдах, 6.6 сая ам.долларыг 1402.00-1402.68 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанкны зүгээс ам.долларын дотоодын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэхүү арилжаанд оролцсонгүй. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 222.00-222.49 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бол Монголбанк 222.39 төгрөгийн хаалтын ханшаар 21 сая юанийг худалдсан ажээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж