ДЭМБ-ын чуулган болж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

ДЭМБ-ын чуулган болж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 63 дугаар хорооны чуулган БНСВУ-ын Ханой хотноо өчигдөр эхэллээ. Олон улсын шинж чанартай, өндөр ач холбогдол бүхий уг чуулганд гадаадын 37 орны  төлөөлөгчдөөс гадна олон улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд ороллцож байна. Монгол Улсаас төлөөлж, энэхүү чуулганд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван нар оролцож буй талаар албаныхан мэдээллээ. Энэ есдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд бүсийн хорооны санхүүгийн гүйцэтгэл, төсвийн төсөл, ДЭМБ-ын шинэчлэлийн асуудал болон хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг нэг бүрчлэн хэлэлцэх ажээ.

Нэгдсэн хуралдаанаар Номхон далайн баруун бүсийн хорооны 2011 оны долдугаар сарын 1-нээс 2012 оны зургадугаар 30-ны хооронд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг тайлагнасан байна. Тодруулбал, халдварт болон халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналт, дархлаажуулалтаар дамжуулан сэргийлж болох өвчнууд, халуун орны өвчнууд, хумхаа, ХДХВ/ДОХ, сурьеэ, халдварт гепатитын хяналт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл, хоол тэжээл, эрүүл хот суурин хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлтийн эруул мэндийн нөлөөлөл, гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрүүл насжилт, зайлсхийж болох сохрол зэрэг асуудлуудад онцгой анхаарал хандуулж ажиллажээ. Ялангуяа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох тамхины хяналтыг чангатгах чиглэлээр Австрали улсын авч хэрэгжүүлж байгаа шийдэмгий арга хэмжээнүүд нь бүсийн улс орнуудад төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд үлгэр дуурайлал болохуйц байгааг цохон тэмдэглэсэн аж. Цаашдаа эрүүл мэндийн хүний нөөцийн хөгжлийн асуудалд Бүсийн хороо онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа гэнэ. Ингэхдээ анагаах ухааны боловсрол олгох сургуулиудын сургалтын хөтөлбөр, тогтолцоог сайжруулахад илүү анхаарах байр суурьтай байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс илэрхийлсэн байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж