Монгол Улс НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр 2009 онд сонгогдсон бөгөөд манай бүрэн эрхийн хугацаа энэ оны төгсгөлд дуусгавар болно. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сайд нарын энэ удаагийн уулзалтаар тогтвортой хөгжлийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудыг урагшлуулах, Эдийн засаг нийгмийн зөвлөлийг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болд 9 дүгээр сарын 24-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Томас Найдсыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол-Америкийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов. Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний нийгэм, ардчиллын асуудал эрхэлсэн зөвлөх Томайка Тиллманыг хүлээн авч уулзаж Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлүүд, цаашид төлөвлөж буй үйл ажиллагааны талаар ярилцлаа гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлстээс мэдээллээ.