Бусад төрлийн ашигт малтмалаас онцгойроод байх зүйлгүй ураны тогтоогдсон нөөц Монголд 50 гаруй мянган тонн гэсэн. Гэхдээ олборлох ашиглах тал дээр алт, нүүрс зэрэг түгээмэл олддог эрдэс баялгаас хамаагүй нарийн ажиллагаа, онцгой мэргэжил шаарддаг. Ураны ордтой харилцахад цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаасаа нэн өвөрмөц. Ядаж л ураны эрдсийг ялгаж танина гэдэг том асуудал. Алтны эрдсийг тоншиж үзээд, эсвэл элсийг шүүгээд алтыг ялгаад харчихдагтай огт адилгүй ойлголт гэсэн. Эдгээр өвөрмөц байдлаас нь шалтгаалаад өрөмдлөгийн ажил их шаарддаг бөгөөд үүнээс хамаарч хөрөнгө оруулалт, геологи, хайгуулын зардал өндөртэйд тооцогддог юм байна. Тэгээд ч ураныг хайж, нөөцийг нь тогтоох нэг хэрэг. Уурхай байгуулж, уранаа олборлоод, баяжуулж боловсруулан зах зээлд гаргана гэдэг бүр ч өөр асуудал. Монгол Улс лав ойрын арав, хорин жилдээ ийм үйл ажиллагаа дангаараа явуулаад дэлхийн зах зээлээс мөнгө шуудайлаад баяжих боломж хомс хэмээн геологичид үздэг. Учир нь одоохондоо манайд энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин гарын арван хуруунаас олонгүй байгаа. Тиймээс уран ашиглах тухай ярихаас өмнө үндэсний боловсон хүчин бэлтгэх тухайд ам нээх хэрэгтэй юм. Цөмийн энергийн газар байгуулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа нэг хэсэг энэ чиглэлд хүн сургахад хүч, хөрөнгө харамгүй зарна гэж байсан ч сүүлийн үед сураг алдарчээ. Чухам хэчнээн хүнийг хааш нь явуулаад, хэдий хэр хөрөнгө зарчихаад байгаа талаар мэдээлэл ч алга. Тэр ч бүү хэл цөмийн хаягдал булшлах гэж байна хэмээн хэзээ хэн хийсэн, бүр хийсэн эсэх нь ч тодорхойгүй гэрээ гэгчээр айлган байн байн гадныхны мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулах нөхдийн хэлж ярьж буйд ч тодорхой хариулт өгөлгүй таг чимээгүй суугааг нь ойлгохгүй юм.
Яг үнэндээ одоо бид бусдыг айлган турхирах биш байгаа эрдэс баялгаа яаж зөв ашиглаж, эндээс ямар ашиг яаж олж улс орныхоо хөгжилд зориулах вэ гэдэг дээр тодорхой бодлого боловсруулах хэрэгтэй байгаа.
Тэгээд ч уран гэдэг химийн элемент өдгөө бидний амьсгалж буй агаарт ч бий. Нийслэлийг цахилгаан, дулаанаар хангаж буй ТЭЦ-4-ийн шатаасан нүүрснээсээ гарсан үнсийг зайлуулдаг байгууламжийн ойр орчимд цацрагийн хэмжээ зөвшөөрөгдсөнөөс хол давсан. Яагаад гэвэл манайхны түлж буй Багануурын нүүрсэн дэх ураны агууламж өндөр. Тиймээс гэр хорооллынхны гудамжинд гаргаж асгасан үнснээс уран ялгарч бидний амьсгалж буй агаарт цацагдаж байгааг ярих хүн ч алга. Адуунчулууны нүүрсний уурхайн өгөршсөн давхарга л гэхэд тэр чигтээ уран гэсэн. Эдгээр уурхайн нүүрснээс ураныг нь ялгаж авдаггүй юм гэхэд цацрагийн өндөр агууламжтай нүүрсийг ахуйн хүрээнд хэрэглэж, цахилгаан станцууд түлээд түүнээс гарсан үнсээр нь бид амьсгалаад сууж байгаа л уг нь жинхэнэ гамшиг баймаар.
Багануурын уурхайн нүүрс зургаан тонныг шатааж байж гаргаж авсантай тэнцэх хэмжээний энергийг ганцхан грамм уран ялгаруулдаг гэдэг. Тэгэхээр утаанаас яаж салах вэ гэж толгойтой хэдэн үсээ үгтээн, үснийхээ тоогоор олон сая төгрөг зарж зарлагадаж суугаа төр засаг ураны ордуудаа эргэлтэд оруулан эрчим хүч үйлдвэрлэх боломж бололцоог хайх цаг нь иржээ.
Японд цөмийн станц дэлбэрсэн, Германд атомын станцаас татгалзлаа хэмээн бүгдийг сөрөг талаас нь сурталчлахаас илүүтэй зөв технологи, зохистой ашиглах аргад суралцах зайлшгүй шаардлага бий. Үүнд мөнгө зарж, үр дүнтэй ажил хийж чадвал шинэчлэлийн хэмээн өөрсдийгөө тодотгож буй Н.Алтанхуягийн Засгийн газрын том гавьяа байх сан.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин