АНУ-ын Олон улсын хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “Мерси Кор- Монгол” ОУБ-аас Хэнтий аймагт “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг хамтран хэрэгжүүлэх тухай санамж бичигт аймгийн ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, Засаг дарга Ч.Эрдэнбаатар болон “Мерси Кор- Монгол” ОУБ-ын “Засаглал ба тэнцвэртэй хөгжил” хэлтсийн захирал О.Мөнхзаяа нар гарын үсэг зурав. Энэ төслийг тус аймгийн Хэрлэн, Цэнхэрмандал, Батширээт, Бор-Өндөр суманд голлон хэрэгжүүлэх ажээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд гурван тал хамтран ажилласнаар хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх, авлигаас ангид байх хандлагыг нийгмийн бүхий л хүрээнд хэвшүүлэх, орон нутагт хариуцлагатай, сайн засаглалыг бэхжүүлэн, захиргааны шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлд тэргүүн туршлага бий болгохыг зорьж байгаа аж. Энэ төслийн хүрээнд “Мерси Кор” ОУБ аймаг сумын удирдлагуудыг авлигын эсрэг стратеги төлөвлөгөөгөө сайжруулах, боловсруулах үйл явцад аргазүйн дэмжлэг үзүүлж, уг төлөвлөгөөг иргэдэд таниулж сурталчлахдаа орчин үеийн мэдээлэл харилцааны шинэ технологийг нэвтрүүлэн ажиллахад нь дэмжих, сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, аймгийн ИТХ, ЗДТГ, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 4 хүнийг сайн засаглалын мэргэшсэн сургагч багш”-аар Улаанбаатар хотноо сургалтууд зохион байгуулахад туслах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж аймаг сумдад урт хугацааны хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулж, “иргэний танхим”-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжиж хамтар ажиллах юм байна. Жил бүр “Хууль дүрэм бодит амьдралд” 6 сарын аян зарлаж, “сайн засаглалын долоо хоног” арга хэмжээ зохион байгуулан, үндэсний хэмжээнд туршлага солилцуулах аж. Орон нутгийн байгууллагууд аймаг сумдын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулах, “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг бэхжүүлэх, ИТХ-ын холбогдох хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлд төслийн багтай түншилж ажиллана. Ийнхүү хариуцлагатай, үр нөлөөтэй, шударга, хараат бус, оролцоотой, хүртээмжтэй засаглалын үйл явцыг орон нутагт бэхжүүлэхдээ орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн шинэлэг аргачлалыг ашиглан бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх бүхий л түвшинд цахим болон хөдөлгөөнт засаглалын шилдэг туршлагыг бий болгохыг гурван тал чухалчлан үзэхээ гэрээнд тусгажээ. Энэ төслийн төгсгөлд буюу 2014 оны есдүгээр сард гурван тал хамтын ажилагаагаа дүгнэх аж.
И.БАЙГАЛЬМАА /Хэнтий/