Нигер “Боко Харам”-ын 35 дайчинг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Нигер “Боко Харам”-ын 35 дайчинг хөнөөжээ

Өнгөрөгч ням гаригаас даваа гаригт шилжих шөнө Нигерийн цэргийнхэн Йобе мужийн Даматуру хотод тусгай ажиллагаа явуулж лалын “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн 35 дайчинг хөнөөж, нэлээд хэдэн хүнийг баривчилсан байна. Мөн уг тусгай ажиллагааны буудалцааны үеэр Нигерийн хоёр цэрэг гэмтэж, шархатжээ. Нигерийн цэргийнхэн өнгөрсөн нэгдүгээр сараас хойш “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн эсрэг хүчтэй дайралт довтолгоон хийх болсон бөгөөд үүний ачаар тус зэвсэгт бүлэглэлийн хүч бага багаар суларсаар байгаа юм. Гэвч “Боко Харам”  бүлэглэл амиа золиослогчийн  халдлага, дайралт хийхээ зогсоохгүй байгаа билээ.

Өнгөрөгч ням гаригт тус бүлэглэлийн амиа золиослогч этгээд Нигерийн хойд хэсгийн нэгэн Католик сүмийн гадна машиндаа бөмбөг тэсэлсэн билээ. Энэхүү бөмбөгөнд хоёр хүн нас барж, 46 хүн гэмтэж, бэртжээ. Үүнээс өмнө өнгөрсөн 16-ны өдөр Нигерийн цэргүүд Кано хотод тусгай ажиллагаа явуулж “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн удирдагчдын нэг Абу Какаг хөнөөсөн юм.

Лалын “Боко Харам” зэвсэгт бүлэглэл нь Нигерийн лалын шашинтай хойд хэсгийг салган тусгаарлаж, бусад шашинг устгахыг зорьдог бөгөөд террорист аль-Каида бүлэглэлтэй холбоотой аж. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж