Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ Монголын алдартай зохиолчдын бүтээлийг англи хэл рүү орчуулсан Монгол судлаач Саймон Викэм Смиттэй ярилцсан юм. Тэд юун тухай харилцан ярьсныг сонирхоё.
-Та Монголын нэртэй зохиолчдын бүтээлийг англи хэл рүү орчуулжээ. Таны олон номтой танилцлаа. Та ямар учраас монгол хэл, Монголын утга зохиол, түүхийг сонирхон судлах болсон бэ?
-Би 20 жилийн өмнө буюу 20 гаруй настайдаа Шотланд улсын нэгэн сүмд буддын шашны лам байсан юм. Хэдэн жилийн дараа буддын шашны сүмийг орхиж хар хүн болсон. Дараа нь би монгол бичиг, түвд бичиг судалж орчуулгын ажил хийж эхэлсэн. Энэ хугацаанд би Данзанравжаагийн бүтээлүүдтэй танилцаж зохиол бүтээлийг нь орчуулсан. Энд миний орчуулсан ном байна. Би Улаанбаатар хотод доктор Г.Мэнд-Ооёотой танилцсан. 2005 онд шиг санаж байна. Тэр намайг Монгол Улсад урьсан. Тэгснээр Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлүүдтэй танилцах боломжтой болсон.
-Монгол хэл бол тийм ч хялбархан сурах хэл биш. Гэтэл та монгол хэлийг маш сайн судалжээ. Ялангуяа, Данзанравжаа зэрэг агуу зохиолчдын бүтээлийг англи хэл рүү орчуулна гэдэг бол маш хүнд ажил. Та яаж ийм амжилтад хүрсэн бэ?
-Миний бодлоор орчуулгын ажил бол хэл сурах үйл явц. Би франц хэлтэй. Францын яруу найраг, утга зохиолыг шимтэн судалдаг. Алтангэрэл намайг Данзанравжаагийн сахиустай гэж хэлсэн. Сахиус гэдэг нь суу заль, сүнс гэсэн утгатай. Монголын утга зохиол, буддын шашинтай хэрхэн холбогдсон нь миний хувьд тун нууцлаг санагддаг. Тодорхойгүй, нууцлаг шалтгаантай юм шиг санагддаг.
-Буддын шашинд итгэдэг үү?
-Тийм. Миний амьдралд тохиолдсон үйл явдлаас шалтгаалж би буддын шашны зан үйл гүйцэтгэдэг.
-Та франц, герман, түвд хэлтэй. Мөн испани, финлянд, унгар, орос, латин, хуучин турк, герман хэл гадарладаг. Гадаад хэл таны хообий юу. Эсвэл утга зохиол уу?
-Би хүнтэй харилцах, холбоо тогтоох онцгой чадвартай. Би хүмүүстэй тайван чөлөөтэй ярилцаж ойлголцож чаддаг. Надад өгсөн бэлэг гэж хэлж болох юм. Харилцааны тусламжтайгаар тархинаас тархи руу санааг дамжуулж орчуулж болдог. Би энэ зарчмыг ажилдаа ашигладаг. Би хэл ямар үүрэг гүйцэтгэдэг, хүмүүс хэлний тусламжтай өөрийгөө хэрхэн илэрхийлдгийг ойлгодог. Энэ өрөөнд байгаа таван монгол хүн бүгд өөр өөрийн онцлог хэл яриатай. Мэдээж хэрэг монголчууд хоорондоо ойр амьдардаг учраас маш сайн ойлголцдог. Харин англи хүн монгол хүнтэй харилцах тохиолдолд бэрхшээлтэй. Миний бодлоор утга зохиол бол бичгийн соёлыг дамжуулдаг хамгийн чухал хэрэгсэл. Сэтгүүл зүйг утга зохиолтой харьцуулах боломжгүй. Жишээлбэл, таны бичсэн нийтлэлийг Данзанравжаагийн бүтээлтэй харьцуулъя. Таны нийтлэл 20 жилийн настай байхад Данзанравжаагийн бүтээл хэдэн зуун жилийн настай байх жишээтэй. Тийм ч учраас яруу найрагт шингэсэн энэ санаа соёлд маш чухал үүрэгтэй.
-Данзанравжаагийн бүтээлийг орчуулж байх хугацаанд сонирхолтой зүйл их гарч байсан биз. Та буддын шашны лам байсан. Та түвдийн утга зохиол орчуулж байсан. Түвд ба монгол хэлний хооронд адил төстэй зүйл байна уу?
-Адил төстэй зүйл огт байхгүй. Зүйрлэвэл англи, зулу хэл шиг ялгаатай. Тийм. Маш их ялгаатай. Түвд болон түвдийн бирм хэлний хооронд адил төстэй зүйл бий. Харин монгол хэл бол манж, турк, финлянд, унгар хэлтэй илүү холбоотой. Хоёр үндэстнийг нэгтгэдэг зүйл бол буддын шашин. Монголчууд бөөгийн шүтлэгээс гадна буддын шашин шүтэх болсон. Буддын шашин сургах зорилгоор лам нарыг илгээдэг байжээ.
-Монгол хэлэнд түвд нэр олон бий. Гэвч бид түвд нэр ямар утгатай болохыг бараг мэддэггүй.
-Тийм шүү.
-Данзанравжаа ч гэсэн түвд нэр. Ямар утгатай үг вэ?
-Буддагийн сургаалын төгс илэрхийлэл гэсэн утгатай.
-Та VI Далай ламын талаар ном бичиж байгаа гэж сонссон. Энэ талаар сонирхуулаач?
-VI Далай лам 1683 онд төрсөн. Балба болон Сиккимийн хооронд ариун газар бий. Тэр үед Лхас хотод Потала ордон байгуулагдсан. VI Далай ламыг албан ёсоор тодруулсны дараа 14 настайд нь залсан. Залуу насандаа далай ламаар тодорсон ч гэсэн өөрийн үзэл бодолтой хүн байжээ. Тухайн үед Түвд нь Хятад, Манж улсуудтай цэрэг, улс төрийн асуудалтай байсан. Түүнийг Хятадын эзэн хаан Канси далай ламын суудлаас нь огцруулж, нийслэл хот руу дуудсан. Гэвч тэр Хятад руу явах замдаа сураггүй алга болсон. Түүнтэй холбоотой хоёр түүх бий. Нэгдүгээрт, түүнийг 1706 оны арваннэгдүгээр сарын 14-нд Хөх нуурын орчим нас барсан гэж үздэг. Энэ бол түүний үхлийг тайлбарладаг албан ёсны хувилбар. Өөр нэг хувилбар бий. Үүгээр бол Далай лам Хятад руу хүргэгдэх замдаа харгалзаж явсан хүмүүсээс зугтсан гэж тайлбарладаг. Мөн түүний үхэлтэй холбоотой түүхийг цасны хүн, зомбитой холбон ярьдаг учраас маш сонирхолтой сэдэв. Түүнийг Алшаа руу зугтан гарч буддын шашны сүм барин 1746 он хүртэл амьдарсан ч гэж тайлбарлах нь бий. Түүнтэй холбоотой бичмэл баримт байхгүй. Түүний бичсэн ном зохиолууд байдаг ч гэж үздэг. Тийм ч учраас түүний үхэлтэй холбоотой хоёр тайлбар байна. Нэг нь 1706 онд нас барсан гэж тайлбарладаг бол нөгөө нь 1746 онд Алшаад нас барсан гэж үздэг.
-Та Данзанравжаагийн зохиол бүтээлийг орчуулах явцдаа монголчуудын баримталж байсан философийг сайн судалсан биз. Ялангуяа “Үлэмжийн чанар“ буюу “Төгс чанар” нэртэй энэ бүтээл Монголын өнөөгийн залууст ямар үлгэр дуурайл нөлөө үзүүлэх вэ?
-Данзанравжаа Монголын үндэсний үзэл сөрөг утгаар биш, харин эерэг утгаараа ямар гайхалтай хэрэгжиж болохыг харуулж чадсан. Монголчууд өөрсдөө бүтээж чадна гэдгийг нотолсон. 150 жилийн өмнө амьдарч байсан энэ агуу хүн монголчуудын урлах ухаан төгс, Монголын соёл бол төгс, Монгол нутаг бол Азийн улс орнуудаас ялгагдах онцгой чанартай гэдгийг харуулж чадсан. Манж, оросууд Монголыг өөрчлөх гэж оролдсон. Гэвч Хятадын хань үндэстний соёл, Оросын соёл Монголын нүүдлийн соёлыг өөрчилж чадаагүй. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл урлахуйн ухаантай хэрхэн хосолж болохыг түүний бүтээлүүд харуулсан. Мэдээж хэрэг оюунлаг хүмүүс ямар нэгэн зүйл бүтээхийн төлөө хоорондоо өрсөлдөхөөс гадна хамтран ажилладаг. Аль аль нь ашигтай. Данзанравжаа ч гэсэн үүнийг нотлон харуулж чадсан.
-Америкт Бенжамин Франклины суу билэг, ур ухаан хойч үед нь өвлөгдсөн. Барууны уншигчид энэ номыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Бид сайн түгээж чадаагүй. Номыг Монголоос өөр улс руу явуулахад их зардал гардаг. Номыг “Amazon веб” сайтад байрлуулах, эсвэл Австрали, Англи, АНУ-ын номын дэлгүүрүүдээр дамжуулан худалдаж болох юм. 300-400 ном зарах гэж нэлээд бэрхшээлтэй тулгарсан. Харин өнөөдөр цахим ном гэдэг шинэ хэлбэр гарснаар Данзанравжаагийн бүтээлийг цахим хэлбэрээр, дэлхийн утга зохиолын санд оруулах боломжтой. Утга зохиол судлаачдын хувьд ч гэсэн энэ их чухал.
-Эдгээр ном барууны уншигчдад Монголын тухай таниулна. Та манай орчин үеийн яруу найрагч О.Дашбалбарын бүтээлийг орчуулсан байна. Ямар сэтгэгдэл төрж байв?
-Их ээдрээтэй араншинтай. Тэр парламентын гишүүн болохоосоо өмнө яруу найрагч байсан. Түүний яруу найргийг уншмагц Данзанравжаа, Явуухулан, Нацагдорж, Ядамсүрэг зэрэг агуу зохиолчдын бүтээл санаанд буудаг. Харин улс төрд хөл тавьснаар Чойном шиг эрх баригчдыг эрс хатуу шүүмжилдэг болсон. Тэр өөрийн байр сууриндаа үнэнч үлдсэн ч гэсэн санал бодол нийлдэггүй хүмүүстэйгээ ч ойлголцохыг хичээдэг байсан. Монголын ард түмэн юу хүсч байгааг тэр илэрхийлэхийг оролдож байв. Тэр өөрийн намын цорын ганц төлөөлөл байсан ч гэсэн Монгол эх орныхоо төлөө улс төрийн намууд хамтран ажиллах ёстой гэж уриалж байлаа.
-Би түүнийг Москва хотод оюутан байх үеэс нь мэднэ. Та бас Бэгзийн Явуухулангийн бүтээлийг орчуулсан байна. Та энэ агуу яруу найрагчийн талаар юу гэж боддог вэ?
-Б.Явуухулангийн эцэг нь анчин хүн байсан. Тэр өөрийн гэсэн уламжлалыг бий болгосон бөгөөд энэ замаар нь О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо нар замнасан. Энэ уламжлал нь Монгол орны байгальтай гүн шүтэлцсэн. Энэ түүний эцгийн нөлөө байсан гэж би боддог юм. Газар нутаг бол маш чухал ойлголт. Ан амьтныг хайрлаж хамгаалах асуудал ч гэсэн чухал. Түүний зохиол бүтээлүүдэд байгаль дэлхий болон ард түмний хоорондын харилцаа эв нэгдлийг чухалчилсан байдаг.
-Дашдондог, Данзангийн Нямаа, Эрдэнэцогт, Золбаяр зэрэг орчин үеийн зохиолчдын бүтээлийг ч орчуулжээ. Данзанравжаа бол эрт үеийн, Явуухулан дунд үеийн, Дашбалбар бол шинэ үеийн төлөөлөл. Монгол залуусын сэтгэлгээнд утга зохиол яруу найраг ямар нөлөө үзүүлсэн бэ. Америк залууст ч гэсэн утга зохиол, яруу найраг ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Сонирхолтой асуулт байна. Монголчууд яруу найрагт дуртай. Яруу найргийг шимтэн уншдаг. Харин барууны улс орнуудад үргэлжилсэн үгийн зохиол буюу тууж, өгүүлэл давамгайлдаг. Өнгөрсөн жил нэг телевиз яруу найргийн реалити шоу зохион байгуулсан юм. Энэ надад маш сонирхолтой санагдсан. Учир нь америкчууд бид дуулдаг. “Авьяаслаг америкчууд” зэрэг реалити шоу бий. Яруу найргийн реалити шоу гэдэг энэ ойлголт надад маш сонирхолтой санагдсан. Барууны улс орнуудын иргэд яруу найрагтай тийм ойр дотно холбоо байхгүй. Барууны улс орнуудад хүмүүс ямар нэгэн зүйлийг санах гэж хичээх шаардлагагүй болжээ. Учир нь iPad зэрэг төхөөрөмжийн тусламжтай бичиж тэмдэглэдэг. Харин нүүдэлчид асар олон ном эсвэл iPad зөөвөрлөх нь бэрхшээлтэй учраас бүгдийг тархиндаа санах шаардлагатай байдаг. Аливаа юмыг санахын тулд маш сайн тогтоосон байх ёстой. Тийм ч учраас яруу найраг нь түүх буюу аливаа чухал тэмдэглэлт үйл явдлыг илэрхийлэх, хойч үед дамжуулах хэрэгсэл болжээ. Гэтэл баруунд ийм зүйл байдаг. Барууны түүхийг хэдэн зуун жилийн турш ном тодорхойлдог байсан бол өнөөдөр интернет зэрэг шинэ гайхамшигтай нээлтүүд гарч ирсэн. Интернет Монгол Улсад нэвтэрсэн ч гэсэн монголчууд яруу найргийн маш онцгой мэдрэмжтэй.
-Монголын яруу найргийн хэллэг, орчин үеийн бидний хэрэглэдэг хэл барууны улс орнуудын уншигчдын сонирхлыг татдаг уу?
-Би Азийн утга зохиолыг их судалсан. Барууны улс орнуудад Монголын утга зохиолыг шимтэн унших дуртай. Учир нь Монгол гэдэг нэр маш их алдартай. Яг Ангараг, Бархасбадь гараг шиг. Эдгээр ном Монгол Улсын тухай, Ази тив дэх нүүдлийн соёлын тухай ойлголт өгч чадна. Утга зохиол сонирхдоггүй улс төр, эдийн засгийн салбарт ажилладаг хүмүүс ч гэсэн Монголын соёлыг судлах шаардлагатай болдог. Монголын соёлыг тээж яваа гол зүйл бол яруу найраг.
-Яруу найраг бол бичмэл ертөнц гэж та хэллээ. Даяаршлын нөлөөгөөр гадаадын соёл Монголд нэвтэрч байна. Монгол залуус өрнөдийн соёлд илүү таатай хандаж байна. Ийм нөхцөлд монголчууд бид Монгол соёлоо хэрхэн хадгалж үлдэх вэ?
-Монголчууд өөрсдөө шийдвэр гаргах ёстой. Та болон бидний хойч үе. Монголын Засгийн газар ч гэсэн маш тодорхой шийдвэр гаргах ёстой. Монголын улстөрчид намын харьяалал, намын улс төрийг хойш нь тавьж Монгол гэдэг энэ улсын төлөө шийдвэр гаргах нь чухал. Барууны улс орнуудтай хэрхэн харилцах, барууны улс орнуудад юу санал болгож болох талаар судлах хэрэгтэй.
-Барууны улс орнуудад Монгол судлал ямар түвшинд байна вэ. Хятад судлал, Солонгос судлалтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Ази судлалын салбарт Монгол судлал чухал байр суурь эзлэх ёстой. Европын улс орнууд болон АНУ-д Ази судлалын хэлтэст заавал 1-5 хятад судлаач ажилладаг. Славян судлалын хэлтэст ч гэсэн 1-5 орос судлаач байдаг. АНУ-д Монгол судлалаар мэргэшсэн хоёр профессор бий. Би монгол судлаач учраас үүнд их санаа тавьдаг. Би Монголыг сонирхдог учраас Монгол судлалд үнэнч үлдсэн. Ирэх 20-30 жилийн хугацаанд бид Монгол судлалыг улам сайн хөгжүүлэх ёстой. Уул уурхайн салбарын өсөлт, Ази тив дэх геополитикийн чухал байрлалтай учраас Монгол судлалыг хөгжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Тийм ч учраас би суралцдаг. Монгол судлалыг Европ, Их Британи, АНУ-ын академик хүрээнд таниулах ёстой. Монгол судлалаар дагнасан жижиг тэнхимүүд ч байгуулж болно. Солонгосын дайны дараа миний докторын зэрэг хамгаалах гэж буй Вашингтоны Их сургуульд солонгос судлалын тэнхим байгуулагдаж байсан. Энэ бол АНУ дахь Солонгос судлалын эхлэл байлаа. Харин өнөөдөр бараг их сургууль болгонд солонгос судлал ямар нэгэн хэлбэрээр хэрэгжиж байна.
-Учир нь соёл болон судалгааны ачаар тухайн улсын бизнес, нийгэм, олон нийтийг бусад улс орон хүлээн зөвшөөрч, сонирхож эхэлдэг.
-Улстөрчид академик судалгаанд ач холбогдол өгдөггүй гэж зарим эрдэмтэн боддог. Гэвч бодит байдал дээр улс төрийн, санхүүгийн, эдийн засгийн шинжээчид ямар нэгэн хэлбэрээр академик салбартай холбоотой байдаг. Өнөөдөр эдийн засагчид Азийг маш онцгой анхаарч байна. Олон хүн Хятад, Орос улсыг судалж байна. Би Монгол Улсыг сонирхон судалдгийн хувьд Монголын уул уурхайн баялгийг санхүүгийн хувьд, улс төрийн хувьд хэрхэн зөв ашиглаж Монгол Улсыг хөгжингүй, сайхан, эрүүл улс болгож чадах вэ гэдэг нь сонирхолтой санагддаг. Зөвхөн над шиг монгол судлаачаар хязгаарлагдахгүй улс төр, эдийн засаг, санхүүгийн нарийн мэргэжлийн хүмүүс Монгол Улсад ажиллах ёстой.
-Лондоны олимпийн зохион байгуулах хороо гишүүн улс орнуудын яруу найргийг сурталчлах санаачилга гаргажээ. Манай эх орныг нэртэй яруу найрагч Г.Мэнд-Ооёо төлөөлөхөөр сонгогджээ. Та түүний олон бүтээлийг орчуулсан. Энэ талаар манай үзэгчдэд сонирхуулаач?
-Би шүлэг сонгох үйл явцад оролцоогүй. Тэр шүлгийг сонгосон гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо надад хэлсэн. Энэ шүлэг Монгол Улсыг төлөөлж чадна гэж үзсэн.
-Энэ ном “Ертөнцийн явдал” гэдэг нэртэй. Англи хэлэнд юу гэж орчуулагдсан бэ?
-Би юу гэж орчуулснаа мартчихсан байна.
-Монголын утга зохиол, философи олон зуун жилийн түүхтэй. Та авьяаслаг хөгжимчин хүн. Их олон шагнал хүртэж байсан. Та Нью-Йорк хотод гоцлол концерт тоглож байсан. Хельсинк зэрэг Европын том хотуудад ч гэсэн тоглож байсан. Энэ тухай яриач?
-Би жаахан хүүхэд байхаасаа хөгжимд сонирхолтой байсан. 20 гаруй настайдаа хөгжмийн авьяасаа илрүүлэн хөгжүүлсэн. Би компьютер дээр хөгжмийн төрөл бүрийн аялгуу гаргаж, сонсох дуртай байлаа. Миний хөгжмийг хүмүүс сонирхон сонсдогт баяртай байна. Би азтай хүн. Миний цомог АНУ, Австрали, Шинэ Зеланд, Европын улс орнуудад зарагдсан.
-Электроник эксперименталь урсгалын хөгжмийг аль орны үзэгчид хамгийн их сонсдог вэ?
-Би сайн мэдэхгүй байна. Өнөөдөр хүмүүс iPad дээрээ хөгжмийн аялгуу зохиох боломжтой болсон. Хүмүүс зөвхөн сонсохоос гадна над шиг хөгжмийн аялгуу зохиодог болсон. Орчин үеийн поп, рок зэрэг өргөн дэлгэрсэн урсгалуудыг ч гэсэн сонирхдог хүмүүс бий.
-Та Монголд хэдэн удаа ирсэн бэ?
-Зургаа дахь удаагаа ирж байна.
-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Улаанбаатар хотын өнгө төрх огцом өөрчлөгдлөө. Замын хөдөлгөөний ачаалал гэх мэт сэтгэл зовоосон асуудал олон байна. Монгол Улс хаашаа яваад байна вэ, та юу гэж бодож байна?
-Монгол Улс хоёр замаар явах боломжтой. Нэг бол галзуу үймээнтэй замыг сонгоно. Нэг бол Өмнөд Солонгос, Катар, Дубай шиг болох замыг сонгож болох юм. Жишээлбэл, Катар маш сонирхолтой. Нүүдэлчин түүхтэй улс байсан ч гэсэн газрын тосны ачаар өндөр хөгжилтэй болж чадсан.
-Гэвч Катар улс ардчилсан засаглалгүй…
-Тийм шүү. Монгол Улстай харьцуулах аргагүй.
-Монголчууд бид эрх чөлөөтэй, сонгох эрхтэй. Бид байгалийн асар их баялагтай болсон. Монгол Улсад ямар үзэл санаа хэрэгтэй вэ?
-Би бол гадаад хүн. Би монгол хүн биш учраас монголчууд чухам юу хүсч байгааг сайн мэдэхгүй байна. Байгалийн баялаг, ашигт малтмалын үр ашгийг зөвхөн нийгмийн дээд хэсэг буюу цөөнх хүртдэг байх ёсгүй.
-Бодит байдал дээр хэрэгжиж байна уу?
-Хэрэгжих боломжтой зүйл. Зөвхөн дунд давхаргаас гадна ядууст ч гэсэн хүрч үйлчлэх ёстой. Байгалийн баялгийн үр шимийг нийт монголчууд хүртэж чадахгүй зөвхөн нийгмийн дээд хэсэг нь хамаг мөнгийг авчихдаг бол Монгол Улс хүссэн зорилгодоо хүрч чадахгүй.
-Данзанравжаагийн зохиолд ийм санаа бий юу?
-Дашбалбарын бүтээлээс хайх хэрэгтэй.
-Тань шиг хүмүүсийн ачаар монголчууд бид барууны ертөнцөд нэвтрэх боломжтой болсон. Монгол сэтгэлгээг тодорхойлж байсан суут хүмүүсийн зохиол бүтээлийг та орчуулж байна. Барууны улс орнуудад Монгол судлал ямар түвшинд байгааг би ойлголоо. Монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй таны хувь нэмэрт бид талархах ёстой. Монгол Улс баян, хүчирхэг болох цагт Монгол судлалд анхаарал хандуулж тань шиг хүмүүстэй улам нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Маш их баярлалаа. Таньд амжилт хүсье!
-Маш их баярлалаа.