Гэсэн хэдий ч Энэтхэг улс хэдэн сая ядуу иргэнтэй, нийгмийн анги, давхаргын ялгаа их, авлигад идэгдсэн орон билээ. Жишээ нь, 21 сая хүн амтай Мумбай хотын 60 хувь нь борчуудын хороололд цахилгаан, усгүй орчинд аж төрж байна. Энэтхэгийн хүн амын 2/3 нь өдөрт хоёр ам.доллараар амь зуудаг бөгөөд 25 хувь нь бичиг үсэггүй, гурван хүүхэд тутмын нэг нь хоол хүнсний хомсдолд орсон байдаг ч ядууст чиглэсэн төрийн тусламж үйлчилгээний ихэнхийг цуцалжээ.
Энэтхэг улс Хятадтай зэрэгцэн дэлхийн хамгийн ирээдүйтэй, хөгжиж буй орнуудын тоонд орж явна. Тус улс Хятадыг бодвол нэг намын системгүй, барууны засаглалын институтийн бодит хэлбэр болох ардчилсан орон юм. Мөн хэвлэлийн эрх чөлөөтэй, шүүхийн хараат бус тогтолцоотой улс юм байна. Гэвч Энэтхэг улс Хятад шиг эртний уламжлалаа сахиж, овог аймагт хуваагдан аж төрдөг. Эртний шашин шүтлэгийнхээ дагуу тэд ахуй амьдралаа тодорхойлж, төрөхөөс үхэх хүртлээ үүнийгээ дагаж мөрддөг байна.
Гэхдээ Энэтхэгийн улс-төр, бизнесийн элитүүд Лондон, Вашингтонд олноор төвлөрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Британичууд өөрсдөд нь хэрэгтэй элитүүдийг “хүмүүжүүлэх”-ийн тулд колоничлолын үед олон үйл ажиллагаа явуулжээ. Үүний үр дүнд Энэтхэг улс колоничлолын дараа ч биеэ даасан хүчирхэг гүрэн болж чадаагүй.
Англи-саксончууд “хувааж аваад захир” гэсэн зарчмын дагуу Энэтхэгийн соёл иргэншлийг Энэтхэг, Пакистан хэмээн хэсэгчлэв. Британийн эзэнт гүрний бодлогыг үргэлжлүүлж буй АНУ саяхныг хүртэл Энэтхэг-Пакистан, Энэтхэг-Хятадын зөрчилдөөн дээр чадварлаг нь аргагүй тоглосон.
ЗХУ, АНУ хэмээх хоёр хүчирхэг гүрэн оршин тогтнож байх үед Энэтхэг улс хоёулантай нь бат бэх харилцаа тогтоосон байжээ. Гэвч ЗХУ задарсны дараа АНУ-ын талыг баримтлах болсон юм. Харин Вашингтон Энэтхэг-Пакистаны газар нутгийн маргааны асуудлаар аль ч талынх нь байр суурийг баримтлаагүй төдийгүй, хоёр талд зэвсэг нийлүүлэн, дундаас нь ашиг хүртэж эхэлсэн байна.
Персийн буланд 1991 онд амжилттай дайн явуулсан, ЗХУ бутарсан зэрэг нь АНУ-ын байр суурийг улам бэхжүүлсэн. Ингэснээр Исламбад бүс нутаг дахь америкчуудын стратегийн гол түншлэгч байхаа больжээ. Үүнээс гадна Вашингтон Пакистан дахь хэт даврагсдын өсөлт, радикал хандлагад санаа нь зовж эхэлсэн байна.
Радикал хандлагатай лалын бүлэглэлийнхэн Пакистаны төрийн эрхэнд гарч, цөмийн зэвсэгтэй болно гэсэн болгоомжлол Вашингтонд бий болов. Ийнхүү Вашингтон, Дели хоёр түншүүд болжээ. АНУ 2011 онд Энэтхэгийн дэмжлэгтэйгээр Пакистаны цөмийн боломжийг саармагжуулах үйл ажиллагаа явуулж болзошгүй гэх мэдээлэл гарсан юм. Гэвч Хятад улс энэхүү зөрчилдөөнд оролцоход бэлэн гэсэн хатуу байр суурь баримталсан нь энэ санаанаасаа татгалзахад хүргэсэн билээ.
АНУ 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш Энэтхэгтэй хамтран ажиллах асуудалд илүүтэй ач холбогдол өгч эхэлсэн юм. Энэтхэг улсын хувьд Өмнөд Азийн бүс нутаг дахь тогтвортой, аюулгүй байдал, газар нутгаа Афганистан, Пакистанаас хамгаалах асуудалд анхаарлаа хандуулах болсон. Үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн элитүүд хуучны өрсөлдөгч болох Хятад улс хүчирхэгжиж байгаад санаа нь зовниж байлаа. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр АНУ, Энэтхэг улс XXI зууны эхээр хамтран ажиллах болсон юм.
Харин АНУ Энэтхэгийг Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Вьетнам зэрэг улсыг дарах гол хүч хэмээн сонирхсон байна. Энэтхэг улс лалын ертөнцтэй тэмцэлдэхэд ч тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс ч АНУ Энэтхэгийг том тоглоомдоо татан оролцуулжээ. Мэдээж том тоглоом дахь Энэтхэгийн үүргийг зэвсэгт хүчин, хөрш улсуудын армиар дүгнэж болно. Тухайлбал, Энэтхэг улс 2012-2013 оны санхүүгийн жилд цэргийн төсвөө 17 хувиар нэмэгдүүлсэн. Өмнөх жил нь 12 хувиар нэмсэн юм.
Дэлхийн асуудлыг судлах Стокгольмын олон улсын хүрээлэнгийн тайланд дурдсанаар 2007-2011 онд Энэтхэг улс дэлхийн зэвсгийн томоохон худалдан авагч болжээ. Тэгэхээр тус улс их дайнд бэлтгэж байна гэсэн үг. Тус улсын цэрэг дайчид ч Пакистан, Хятадын эсрэг дайнд бэлтгэж байгаагаа ил зарласан билээ.
Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн БХЯ Хятадтай хиллэдэг хэсгээрээ 348 танкаар тоноглогдсон хуягт танкны зургаан шинэ хороо байгуулсан. Үүнээс гадна Хятад-Энэтхэгийн хил дээр мото явган батальон гурвыг байгуулжээ. Түүнчлэн Энэтхэг улс зүүн хойд хэсэгтээ 40 мянган ширхэг уулын буудлагын корпус бий болгохоор төлөвлөжээ. Тус улс энэ хэсэгтээ агаарын цэргийн хүчин, агаарын эсрэг хамгаалалтаа чангаруулж, орчин үеийн онгоцны буултын талбай наймыг байгуулсан билээ.
Тэгэхээр Энэтхэг улс яг одоогийн байдлаар дэлхийн бодлогод өөрийн чиг шугамыг өөрчлөх чадвартай, биеэ даасан хүчин гэхэд арай эртэднэ. Тус улс том тоглоомд Хятад, лалын ертөнцтэй хийх мөргөлдөөний гол хүч нь л болох аж.