Б.Батсүрэн: Түүхийн орхигдсон үеийг судаллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Б.Батсүрэн: Түүхийн орхигдсон үеийг судаллаа

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Баттулга “VI-X
зууны Монгол аймгууд” сэдвээр түүх-угсаа гарвалын шинжилгээ хийсэн
байна.

Монголчууд XIII зууны үеийн түүхийн талаар мэдээлэлтэй байдаг бол
түүнээс өмнөх үеийн аймгуудын тухай сайн мэддэггүй билээ. Түүхэн цаг
үеийн орхигдсон хэсгийг судласан тухай нь сонирхлоо.


-Таны судалгааны сэдэв их сонирхолтой юм. Юугаараа онцлог судалгааны ажил болсон бэ?

-XX зууны эхэн үед Монгол Улсын ерөнхий сайд асан А.Амар гуай тэр үеийн
товч түүхүүдэд цөөн өгүүлбэрээр, өөрийн санаа бодлоо илэрхийлж байсан.
Үүний дараа 1950,1960- аад оноос ахмад эрдэмтэн Д.Пэрлээ, Г.Сүхбаатар,
Н.Ишжамц, нар судалгааны ажил хийж байсан. Тэднээс Л.Билэгт,
П.Дэлгэржаргал нар ойрын 20-иод жилд энэ талаар гүнзгий судалсан юм.

Судалгааны маань онцлог нь асуудлыг нарийвчилж, зургаан асуудлыг
гүнзгийрүүлж судалсан. Эх сурвалжийн баримтыг судалгааны үр дүнтэй
харьцуулснаар түүхэн үнэнд ойртсон судалгаа болсон.

-Хүмүүс VI-X зууны аймгуудыг сайн мэддэггүй. Яагаад VI-X зууны Монгол аймгуудыг сонгосон юм бэ?

-Ерөнхийдөө би XIII зуунаас өмнөх үеийг судалсан гэж ойлгож болно. Манай
монголчууд XII-XIII зууны үеийн түүхээ сайн мэддэг. Энэ талын
судалгааны бүтээлүүд, ойлголт сайтай байдаг. VI-X зуун гэж тодотгосны
учир нь Жужаны хаант улс мөхсөний дараа Түрэг, Уйгарын үед оршиж байсан
Монгол аймгууд хаагуур амьдарч байсан, тэдний угсаа гарвал, түүхийн
асуудлыг хөндөхөөр шийдсэн юм.

-Тухайн цаг үеийн аймгууд гэхээр ямар аймгуудыг хэлж байна. Хэчнээн аймаг байсан бэ?

-Монгол аймгууд XIIXIII зуунд Найман ханлиг, Ойрад, Хамаг Монгол,
Хэрэйд, Мэргэд хэмээн нэрлэгддэг байсан. Судалгаандаа Хамаг Монголын
угсаа гарвалыг судалсан учраас “Монгол аймгууд” гэж тодотгосон юм.
Ерөнхийд өө Хамаг Монгол, Татар аймгуудыг XIII зуунаас эхлэн VI зууны
Жужаны хаант улсын үе хүртэл судалсан юм. Түүхчид Монголчууд, Монгол
хэлтэн, Монгол угсаатан гэсэн гурван түвшинд судалгаа хийдэг. Монголчууд
гэдэг нь явцуу хүрээнд асуудлыг сонирхон судалдаг, Монгол хэлтэн нь
арай өргөн хүрээтэй бөгөөд VIX зууны Монгол хэлтэн аймгууд гэвэл Кидан,
30- н Татар, есөн Татар зэрэг хамрана. Монгол угсаатанг үзвэл эрт үеэсээ
өвөг дээдсийн бүхий л амьдралыг үүнд оруулдаг. Хамгийн ойрын Монгол
угсаатны дээдсийг Г.Сүхбаатарын тодорхойлсноор Жужанчууд юм.

-Судалгааны явцад хүмүүсийн мэдэхгүй сонирхолтой баримтууд гарч ирсэн үү?

-Судлаачдын ашигладаг сонирхолтой баримтуудаас гадна шинэ баримтуудыг
илрүүлсэн. Үүнд Сүн улсын илч Ван Ян Лигийн тэмдэглэл байна. Мөн өмнө нь
эрдэмтэд мэддэг байсан ч Хятад хэлний дурсгалаас орчин цагийн хятад
хэлний дуудлагыг сэргээдэг судалгааны үр дүнг ашиглан шинээр санал
дэвшүүлсэн юм. Жужаны хаант улсын төрийг нь түвшитгэсэн Шэ лүн хаан анх
говиос хойш нүүж, нутагласан газар нь одоогийн Туул голд цутгаж байсан
Налайхын голын хөндий гэдгийг тогтоосон. Судалгаагаараа V-XIII зууны
монгол ахуйтай холбогддог аваарын тухай судалсан. Жужаны хаант улс
мөхөөд, Европ руу нүүсэн аймгуудыг аваарууд гэдэг юм.

-XIII зуунаас өмнөх аймгуудын аж амьдарлын талаар ярихгүй юу. Амьдралын онцлог хэвшил байсан болов уу?

-Судалгааны ажил эхэлж байгаа учраас тухайн цаг үеийн амьдралын талаарх
мэдээлэл гүйцэд гараагүй байна. Цаашдаа судалгааны явцад улам тодорхой
болно. Бусад нүүдэлчин аймгуудын хэв маягтай төстэй. Малаа маллана,
худалдаа наймаа, дайн байлдаан хийнэ. Гэхдээ өөрсдийн онцлог хэв шинжийг
нь тогтоохоор ажиллана. Монголчуудын түүхэн үечлэлийн талаар нарийн
судлах шаардлагатай байгаа нь харагдсан.

А.Сүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж