Н.Энхбаярыг шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шүүх хурал үргэлжилж байна

МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийн давж заалдах шатны шүүх хурал түр завсарлаад дөнгөж сая үргэлжиллээ. Шүүх бүрэлдэхүүн үдийн цайны завсарлага авсан юм.

Н.Энхбаярт өнгөрсөн наймдугаар сарын 03-нд анхан шатны шүүхээс албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж  дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэвч тэрээр энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Анхан шатны шүүх буюу Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг хэд хэдэн хэрэгт буруутай болохыг тогтоон буруутгаад байгаа юм. Тодруулбал,  

  • УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. 
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан.

Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 19.19.2,  35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм.

Мөн ялтан Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн.  Эрүүгийн хуулийн 49. 49.1 дэх хэсгийг  журамлан “ТВ9” телевизийн хууль бусаар олсон эд эд хөрөнгийг  хурааж улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж