Эх орны дархан хил, дархан хилээ манаж байгаа дайчин эрс гэхээр сэтгэлд нэг л уянгатай. Хамгийн мундаг хүмүүс л эд юм шиг санагддаг. Гэтэл эх нутгийнхаа дархан хилийг хамгаалж байх эрхэм үүрэгтэй хилчид бие биенээ буудсан, өөрийгөө буудаж амиа хорлосон гэх харууслын мэдээ тасрахгүй нь. “Хил тайван байна” гэж илтгэж байх ёстой тэд хийх ажилгүйдээ юу, эсвэл салбарынх нь бодлого болохгүй болоод ийм гунигт явдал давтагдсаар байна уу…
Хилийн цэргийн дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж буй байлдагч буугаа сумласан байснаа мартан санамсар болгоомжгүйгээр гох дарж хамт явсан байлдагчийнхаа хэвлийд буудан шархдуулсан гэх хар мэдээ хилийн зүгээс сонсогдов. Сүүлийн үед хил дээр гарсан буун дуу хил зөрчигчийг илрүүлсэн гэх ч юмуу ямар нэг эрхэм, баатарлаг үйл явдалтай холбоотой бус харин хилчид хоорондоо муудалцаж, маргалдсанаас л үүддэг болчихсон болохоор дээрх мэдээлэлд эс үнэмшив. Яахаараа эр цэрэг, цэргийн алба хааж буй дайчин эрс буугаа сумласнаа мартаад гохоо дарчихдаг юм бэ. Санамсаргүйгээр буу алдах, тэр тусмаа хамт үүрэг гүйцэтгэж яваа нөхөр рүүгээ буудах гэдэг юм хэзээ ч байх ёсгүйг хил дээр хөл тавьсан анхны өдрөөс нь тэдэнд яс маханд нь шингэтэл заагаад, сургаад өгчихдөггүй юмуу. “Хилийн манаанд алхаад марш гээд гаргасан бол чиний буу үргэлж цэнэгтэй байна. Буугаа сумласнаа мартана гэдэг асуудал хэзээ ч байж болохгүй” гэдгийг анх сургуульд орж байгаа хүүхдэд “А” үсэг нүдлүүлдэг шиг л зааж, сургадаг байх гэж найдах юм. Эс бөгөөс манай хилчид дайсан луугаа чиглүүлэх ёстой бууныхаа амыг хаа хамаагүй хүнлүү, анд нөхөрлүүгээ тулгах болтлоо тийм хайнга хариуцлагагүй болчихсон хүмүүс үү…
Эх орны баруун хязгаарт нэг хилчин нөгөөгийнхөө аминд хүрэхээ дөхөж, хамтран зүтгэгчдээ буудуулсан цэрэг эр үхэлтэй нүүр тулж эмнэлгийн орон дээр хүргэгдэж ирснийг мэдээгүй гэж суугаа хилийн дарга нар бүр ч ихээр гайхшруулж байна. Цэргүүд нь хоорондоо буудалцсаныг мэдээгүй сууж байдаг дарга нарыг гайхалтай яа гэхээс өөр бичих ч сайхан үг олдохгүй нь. Магадгүй тэд хил дээр дайн гарвал, за больё жижигхээн зөрчил гарвал мэдээгүй гээд сууж байх нь л дээ.
Өмнө нь, одоогоос хоёр жилийн тэртээ дээрх дугаар ангийн ахлагч хамт явсан цэргийнхээ эзэмшдэг АКМ буугаар толгойндоо буудаж амиа хорлосон. Тухайн үед түүний үхлийг “Гэр бүлтэйгээ муудалцсан байснаас болсон” гэж дарга нар нь мэдэгдээд өнгөрч билээ. Үхсэн хүн үг хэлэх биш. Магадгүй түүний үхлийн цаана өөр асуудал байж болохыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ энэ салбарын бодлого зөв байсан бол эх орныхоо дархан хилийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ, эх орон чинийхээ төлөө би үхнэ” гэж тангараг өргөсөн цэрэг эрс тийм амархан ахуйн асуудлаас болоод амиа егүүтгээд байх уу. Тэр тусмаа ийм асуудал байнга, ойр ойрхон давтагдах уу. Гайхаад л байна…
Хилийн дугаар ангийн хугацаат цэргийн нэг албан хаагч нөгөөгөө буудаж шархдуулсан гэх тухай сонсоод байх нээ “Санамсаргүй буу алджээ” гэдэг мэдээлэл одоогоор тодорхой болж байх шиг. Санамсаргүй байсан уу, санаатайгаар тэгсэн үү гэдэг нь уг нь шалгадаг байгууллага нь шалгаад гаргаж ирсний дараа л тогтоогдох асуудал баймаар. Гэтэл мөнөөх хариуцлага үүрэх дургүй, тийм хүсэл зориггүй дээд дарга нар нь дахиад л цэргүүд рүүгээ чихээд “Тэд л буу алдсан” гээд өнгөрөөх нь бололтой. Тиймээс хууль хяналтын байгууллага, цагдаагийнхан энэ хэрэгт ач холбогдол өгч шалгаад, хариуцлага алдсан удирдлага болоод бусад холбогдох хүмүүсийн буруу байсан уу гэдгийг тогтоож өгвөл яасан юм бэ. Энэ нь хэдийгээр галт зэвсэгтэй харьцаж сураагүй хоёр цэргийн асуудал мэт боловч цаанаа хил хамгаалах байгууллагын ажлын чанар чансаатай яалт ч үгүй холбогдоно.
Хилчид маань бууныхаа сумыг эх орныхоо энх амгалангийн төлөө бус өөрсдийнхөө амь насанд “зориулдаг” бурангуй тогтолцоо газар авч буйг сануулан “улиглахад” буруудахгүй биз ээ.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин