Түүнчлэн эдгээр сүлжээнүүдийг хаахаас өмнө тус улсад барууны интернэтийн хэд хэдэн сайтыг аль хэдийн хаачихсан байсан аж. Учир нь дэлхий дахинд олон мянган лалын шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа ”Innocence of Muslims” киноноос болж тус улс дээрх шийдвэрийг гаргаад байгаа юм байна. Ираны Дотоод хэргийн сайд өнгөрсөн ням гаригт ийнхүү олон нийтийн сүлжээ сайтуудыг хааж эхлэх болсноо мэдэгдсэн аж.
Энэ үеэр тус улсын харилцаа холбооны яамны төлөөлөгч Абдул Самад Хорамадигийн мэдээлснээр лалын шашинтныг гутаан доромжилсон кино дэлхий даяар цацагдсантай холбогдуулан дээрх онлайн сүлжээнүүдийг хаасан ч хэрэг явдал намжтал дахин нээхгүй болохоо тэрбээр мэдэгджээ. Энэ хугацаанд Ираны ард түмэн зөвхөн гар утсаараа л харилцаж месэж бичиж болох гэнэ.
Харин Ираны интернэт хэрэглэгчдпийн зүгээс Засгийн газартаа олон нийтийн зарим сүлжээ сайтуудыг нээх хүсэлтээ удаа дараа гаргаад байгаа аж. Гэсэн хэдий ч албаны хүмүүсийн мэдээлснээр тус улсад лалын шашинтны тухай өгүүлэх ”Innocence of Muslims” киног эсэргүүцсэн шашны жижиг бүлэглэлүүд их байгаа учираас дахин эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал үүсч болзошгүй байгаа юм байна.
Ийнхүү Иран улс дэлхий даяар шуугиан дэгдээсэн дээрх киноноос болж одоогийн байдлаар Google-ийн э-майл, Gmail үйлчилгээ болон Facebook, Twitter-ийг ч мөн хаасан байна. Түүнчлэн албаны хүмүүсийн мэдээлснээр 2009 онд болсон Ираны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тус улс YouTube-ийг хаасан бөгөөд одоо хүртэл уг сайтыг дахин нээгээгүй байгаа юм байна.
Э.АНХТУЯА