Тавдугаар ДЦС-д 1.3 тэрбум доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Тавдугаар ДЦС-д 1.3 тэрбум доллар зарцуулна

Монголын эрчим хүчний салбарт
хамгийн томд тооцогдохуйц тавдугаар ДЦС-ыг барих компаниуд шалгараад удаагүй
байгаа билээ. Үүнд Францын
GDF,
Солонгосын “Поско”, Японы “Сожиц”, Монголын “Ньюком” групп зэрэг томоохон аж
ахуйн нэгжүүд багтаж буй юм. ДЦС-ыг байгуулах гэрээг эцэслэх ажил бага зэрэг
удаашралтай байгаа гэсэн шүүмжлэл бий.

Харин уг төслийг хэрэгжүүлэх гэрээг
ойрын нэг, хоёр сарын дотор эцэслэх тухай “Ньюком групп”-ын Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан
мэдэгджээ. Тавдугаар цахилгаан станцыг, 
өмнө нь гаргасан тойм судалгаагаар 650 сая ам.доллараар байгуулна гэж
тооцож байсан ч нийтдээ 1.3 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө зарцуулах төлөвтэй
байгаа ажээ. Одоогоор хөрөнгө оруулалтын хэмжээг хэрэгжүүлэгч компаниуд
хэлэлцэж байна. Хэрэв энэхүү хөрөнгө оруулалт эцэслэн батлагдвал нийт
санхүүжилтийн 400 сая ам.долларыг нь төслийг хэрэгжүүлэгч компаниуд хувьцааны
борлуулалтаар босгох бөгөөд үлдсэн 900 гаруй сая ам.долларыг нь зээлийн эх
үүсвэрээр бүрдүүлэх юм байна.

2016 онд ашиглалтад орох Тавдугаар
цахилгаан станц нь урьдчилсан байдлаар 415 МВт цахилгаан, 587 МВт дулаан
үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Уг цахилгаан станц ашиглалтад орсноор
Улаанбаатарын цахилгааны нийт хэрэглээний тал хувийг нийлүүлэх ажээ. Гэрээний
дагуу уг цахилгаан станцын 90 хувийг
GDF,
“Поско”, “Сожиц” тэнцүү хувиар, харин үлдсэнийг “Ньюком” групп эзэмших юм
байна. Мөн Монголын тал тавдугаар ДЦС-аас үйлдвэрлэх цахилгаан, дулааныг 25
жилийн хугацаанд бүрэн худалдаж авах ажээ.

Гэхдээ тавдугаар ДЦС-ын тухайд зарим
нэг асуудалтай тал байгаа нь хүн амын эрүүл аж амьдралд илүү ээлтэй байх
байршлын сонголт хэр оновчтой вэ гэдэг асуулт юм. Тухайлбал АНУ-ын Байгаль
орчин хамгаалах агентлаг
(EPA)
тус улс дахь нүүрсний станцуудаас ялгарах хүлэмжийн хийн хэмжээг
бууруулахаар Агаарын чанарын стандартаа чангаруулаад байгаа юм. Хот орчим дахь
томоохон станцуудаас ялгарах хорт утаанд агуулагдах олон янзын хүчлийн хийнүүд,
мөнгөн ус, хүнцэл болон хорт хаягдлууд нь хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол
учруулдгийг тус байгууллага онцолжээ. Иймд ойрын гурван жилийн хугацаанд АНУ
дахь станцууд тун өндөр өртөгтэй шүүлтүүрийн системийг станцдаа суурилуулахаас
өөр аргагүй болоод буй юм.
Энэхүү
агаарын чанарын шинэ дүрэм нь АНУ-ын цахилгааны хэрэглээний 48 хувийг хангаж
буй нүүрсний 600 цахилгаан станцад үйлчлэх юм.
Зарим станц
шүүлтүүрийн тоног төхөөрөмжийн зардлыг дийлэхгүй учир хаагдах нь бараг тодорхой
байгаа ажээ.

Хэдийгээр Монголын тавдугаар ДЦС-ыг
нийслэлээс харьцангуй зайтай барихаар төлөвлөж байсан ч гуравдугаар ДЦС-ын
дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн нь хүн амын эрүүл аж амьдралын орчинг
хамгаалах талаасаа оновчгүй харагдаж байгаа юм. Станцын ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн
банк хийсэн билээ. Тус байгууллага станцыг Улаанбаатарын төвд барих болсон
талаар тодорхой хариулт өгөөгүй ч энэ асуудлыг нарийн хянаж үзэхээ мэдэгдээд байгаа.
Нөгөөтэйгүүр станцаас ялгарах утааны тоосыг 99.6 хувиар шүүнэ гэж судалгаанд тусгасан
ч энэ нь станцыг хотын бараг төвд нь шахам барих төлөвлөгөөг төдийлөн эерүүлж чадахгүй
билээ.


Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж