Иран Израйлийн сүрдүүлгийг хайхарсангүй

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Иран Израйлийн сүрдүүлгийг хайхарсангүй

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад цөмийн байгууламжийг нь сүйтгэнэ гэсэн Израйлийн заналхийллийг үл ойшоож, уран баяжуулах уг төсөл нь зөвхөн энхийн зорилготой хэмээн мэдэгдсэн байна. Махмуд Ахмединежад өнгөрсөн даваа гаригт Нью Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр бүс нутгийн хурцадмал асуудлыг хэлэлцэхэд оройтоогүй хэмээн хэлсэн гэнэ. Дэлхийн хамгийн халуун цэг болоод буй Сирийн асуудлаар төвийг сахисан байр сууриа хадгалж буй Махмуд Ахмединежад Тегераны эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын цэргүүдэд зэвсэг нийлүүлж буй гэдэг мэдээллийг няцаасан байна.

Ираны Ерөнхийлөгч  Сирийн дотоодын зөрчлийг овгуудын хоорондох тэмцэл гэж харж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгүүд тус улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсоноор байдлыг улам хурцатгаж байна гэж үзэж буй  аж.

Иран нь олон жилийн турш Ойрхи Дорнод дахь Сирийн хамгийн том холбоотон улс байсан билээ. Гэвч  Ахмединежад Башар Ассадгүй Сирийн Засгийн газрын хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Жил бүрийн есдүгээр сард зохиогддог НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд Махмуд Ахмединежад энэ удаа найм дахь удаагаа айлчилж буй нь энэ аж. Махмуд Ахмединежадын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул Нью Йорк дахь энэ удаагийн айлчлал нь ерөнхийлөгчийн хувьд сүүлчийн айлчлал болж магадгүй хэмээжээ. Израйль Ираныг бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй  цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол цөмийн байгууламжийг нь устгана гэж сүрдүүлснийг Махмуд Ахмединежад “Бид Сионистуудын заналхийлэлд тэгтлээ ач холбогдол өгдөггүй. Тэдний сүрдүүлэг бол мухардалд орсны шинж. Бид өөрсдийгөө хамгаалж чадна. Ямар ч сүрдүүлэг нэмэргүй” хэмээн мэдэгджээ. Нөгөө талаар Махмуд Ахмединежад өөрийн улсын цөмийн хөтөлбөрийг хууль ёсны гэхээсээ илүү улс төрийн шинжтэй тул улс төрийн хэлэлцээ, зөвшилцлийн дагуу шийдвэрлэх учиртай гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Махмуд Ахмединежад “АНУ-Ираны хооронд 33 жил үргэлжилж буй маргаантай асуудлыг зөвхөн хэдэн удаагийн хэлэлцээгээр шийдчихгүй гэдгийг бид ойлгож байна” хэмээжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж