Чех хуурамч архины сэжигтнүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Чех хуурамч архины сэжигтнүүдийг баривчилжээ

Чех улсад өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд метилийн спиртээр найруулсан хуурамч архи уусны улмаас олон хүн хордож, 25 хүн нас барсан билээ. Энэхүү хэргийн  улмаас Чехийн Засгийн газраас 20 градусаас дээш хатуулагтай архи тус улсад худалдаалахыг хориглон, Европын орнуудаас архи, спирт оруулж ирэхийг хориглоод байгаа юм.

Мөн цагдаагийн газрынхан энэхүү хуурамч архины гарал үүслийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд тэд уг хэрэгт сэжиглэн хоёр хүнийг баривчилжээ. Энэхүү  хоёр сэжигтэн нь метилийн спирт өргөнөөр ашигладаг шил цэвэрлэгч шингэн үйлдвэрлэдэг үйлдвэрт ажилладаг байжээ.

Хэрэв мөрдөн байцаалтын явцад эдгээр этгээдүүд хуурамч архи хийсэн нь тогтоогдвол хуулийн дагуу олон нийтийн эрүүл мэндэд аюул учруулсан хэргээр насаараа шоронд хоригдох ял авах юм байна. Чехийн прокурор Роман Кафкагийн үзэж буйгаар тэдгээр сэжигтэн этгээдүүд нь метилийн спиртээр найруулсан хуурамч архи нь хүний эрүүл мэнд ноцтой хохирол учруулж, амь насыг хөнөөх  аюултай гэдгийг мэдэж байсан гэнэ.

Чехийн цагдаа нарын мэдээлсэнээр тэд мөрдлөгийн явцад хуурамч архи хийх зорилгоор ашиглаж байсан 16,5 тонн цэвэр спирт илрүүлсэн байна. Түүнчлэн цагдаа нарын тооцоолж буйгаар 15 мянган литр архи одоо болтол худалдаанд байгаа аж.

Тиймээс ард иргэдэд хандан гарал үүсэл нь тодорхойгүй архи худалдан авч, хэрэглэхгүй байхыг уриалжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж