Тэрбээр үзэгчдэд хүрч байгаа 40-с дээш үзэгчтэй тоглолт бүр уран сайхны тайлан ирүүлж байх тушаал гаргалаа. Энэ нь төрөөс соёлын талаар баримтлах бодлогын 4.2.11 дэх заалт болох төрийн болох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог хангасан соёлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх боломжийг нэмэгдүүлэх гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.
Өмнө яамны зүгээс аливаа тоглогдож байгаа үзвэрийн дэлгэрэнгүй тайлан дүн мэдээг авч байгаагаагүй юм байна. Тиймээс уг тайланг авч эхэлснээр тайзнаа тавигдаж байгаа уран сайхны бүтээл бүрийн найруулагч, үзүүлбэр, тоглосон жүжигчин бүрийн нэр, үүргийн жагсаалт, мэргэжлийн болон үзэгчийн шүүмж, тоглолтын тасалбар, үзэгчдийн тоо, ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн нэр гээд бүхий л мэдээллийг харах боломж бүрдэж байгаа гэнэ.
Тоглолт бүрийг гурван төвшинд ангилж үзсэн бөгөөд тус бүрдээ өөр өөр тайланг гаргаж өгнө. Тухайлбал 41-99 үзэгчтэй бол олон улсын ангилал нь “off-off-broadway”, 100-499 бол “off-broadway”, 500-с дээш үзэгчтэй бол “broadway” гэж ангилжээ. Ийнхүү үзэгчдийнхээ тооноос хамаарч гурван төрлийн тайланг яаманд ирүүлэх ба жилийн эцэст хэн хэдэн удаа ямар үзэгчтэй, ямархуу чанарын тоглолт тавьсаныг мэдэх боломж бүрдэж эхлэх нь ээ.
Тайланг арга хэмжээ болсноос хойш 15 хоногийн дотор Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ. Тайланг хүлээн аваад, ирэх оноос гарч эхлэх хагас жил тутмын “соёл урлагийн хөтөлбөрийн лавлагаа”-нд оруулж байх гэнэ.
Яамны зүгээс холбогдох албаны хүмүүст уг тушаалыг хүргүүлж эхэлсэн бөгөөд хамгийн анхны тайланг ҮДБЭЧ-ын зун цагийн хаалтын тоглолтоо хийж буй “Монгол урлагийн гайхамшигт тоглолт” өгөхөөр болжээ.