Шинэчлэлийн Засгийн газар ажлаа эхлүүлснээс хойш удаахь өөрчлөлт Засгийн газрын агентлагт орлоо. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нэрээ өөрчлөн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болсон. Тус газрын даргаар Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж байсан Ц.Жадамбаа томилогдон, энэ долоо хоногт ажлаа хүлээн авлаа. Агентлагийн дарга Ц.Жадамбаа нь хууль зүйн ухааны магистр бөгөөд өнгөрсөн хугацаанд цөөнгүй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай юм.
Монгол Улсын хамгийн хүртээмжтэй салбарын нэг болох Мэдээлэл харилцаа холбооны салбарын бодлого чиглэлийг тодорхойлох Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын удирдлага ажлаа хүлээн авсан эхний өдөр тус газрын дотоод асуудалтай танилцжээ. Мөн газрын дарга ажил албан хаагчидтай уулзалт хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдын шууд харъяанд байх тус агентлагийн дотоод шинэчлэлээс эхлэн салбарын шинэчлэлт, бодлогын шинэчлэлтийг ярих ёстой гэдгийг онцолсон байна.
Т.МАША