Ярьдаг дарга нараас болж хүний амь эрсэдсээр байх уу

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Ярьдаг дарга нараас болж хүний амь эрсэдсээр байх уу

Барилгаас болж хүн осолдох нь мэргэжлийн хяналтынхны хувьд энгийн үзэгдэл аж. Өөрсдийгөө буруугүй гэдгийг цайруулахын тулд НМХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ням-Очир “Өмнө нь барилгаас унаж, бэртэх, амиа алдах хэрэг олон гардаг байсан шүү дээ. Өнгөрсөн жил барилгатай холбоотой осол 46 гарч, 19 хүн амиа алдсан. 2007 онд 40 хүн нас барж байсан. Зөвхөн нийслэлд өнгөрсөн таван жилийн дотор 109 хүн барилгаас болж нас барсан” хэмээн өнгөрсөн долоо хоногт болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр хээв нэг ярьж байв.

Таван жилийн дотор 109 хүн амиа алдсан гэдэг  мэргэжлийн хяналтынхны хувьд сүр болоод байхаар асуудал биш бололтой. Түүний бусдыг гайхуулж алмайруулсан яриа үүгээр дуусаагүй, “Манайд барилгын  хяналтын 11-хэн байцаагч ажилладаг. Ард түмэн биднийг барьж байгаа байшин бүрийн дэргэд нэг хүн зогсоогоод, өдөр тутам хяналт тавьж байх ёстой гэж боддог. Тийм боломж байхгүй, хүн хүч ч хүрэлцэхгүй” хэмээн жинхэнэ утгаар нь үл тоож буйгаа илэрхийлэв. Тангараг өргөсөн төрийн албан хаагч, айл гэрийн эзэн аав хүний амнаас гармааргүй үг байгаа биз.

Уг нь Н.Ням-Очир дарга энэ сард гарсан барилгатай холбоотой ослыг тун сайн мэдэж байгаа. Хичээлээ тараад харьж явсан 12 настай бяцхан охин, 19 настай оюутан залуу, ажлаа хийж явсан 26 настай кранчин залуу барилгын компанийнхны, мэргэжлийн хяналтыхны хариуцлагагүй, хэнэггүй үйлдлийн золиос болж амиа алдсан. Гэтэл тэрбээр ийм хариулт хэлэв. Тэр ч бүү хэл хэвлэлийнхнийг ад үзсэн янзтай “Та нарын бичээд байгаа шиг нэг байшингийн дэргэд нэг байцаагч байна гэж юу байсан юм” хэмээн томров. Уг нь тэр хүн өөрийн ажил үүргийн хариуцлагаа ухамсарладаг байсан бол иймэрхүү тайлбар хэлээд суух биш харин ч осол гарсан барилгууд дээр очиж хамгаалалтын арга хэмжээг авах ёстой. Гэвч тэгсэнгүй. 19-хөн настай залуу харамсалтайгаар амиа алдсан Ялалтын талбайд өчигдөр очлоо. Байдал яг л өмнөх шигээ. “Модун Спеакел”-ийн барилга гэхэд осол гарч хүн нас барьчихаад байхад одоо хүртэл хамгаалалтын хашаа татаагүй хэвээр байх юм. Хэдий үйл ажиллагааг нь зогсоосон ч хэзээ хэний дээрээс төмөр унахгүй байх баталгаа байхгүй шүү дээ. Харин тэр хавьд тамхи чихэр ширхэглэн зардаг хүмүүс “Эднийх саяхан лам авчирч ном уншуулсан” гэж байна. Хүний амь авч одсон бэхэлгээ төмрөө дахин боож, хамгаалалтын тор ч татчихаагүй тус компанийн удирдлагуудыг нас барсан залуугийн араас буян үйлдсэн гэдэгт үнэндээ итгээгүй. Харин өөрсдийн гай барцад, хэл амыг намжаах гэсэндээ барилга барьж буй хашаандаа лам залж ном уншуулсан байх. Муу амлаад буй ч юм биш. Гэхдээ дахин нэг гэр бүлд ийм эмгэнэлт явдал тохиолдохыг үгүй гэх газаргүй. Учир нь, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн хажууд барьж байсан зөвшөөрөлгүй барилгаас хоёр залуу унаж, хүнд гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэтэл хариуцлага алдсан, хууль зөрчсөн байгууллагууд аюулгүй байдлаа сайжруулж хамгаалалт хийх нь бүү хэл, зарим нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм.
НМХГ, Газрын албанаас зөвшөөрөлгүй 77 барилга байна гэсэн тоог гаргаад байгаа. Уг нь бол Засаг даргын захирамжаар эдгээр барилгын үйл ажиллагааг зогсоочихсон, эсвэл  зөвшөөрвөл цахилгааныг нь тасалсан байх ёстой. Гэвч 77 барилгын 14-ийнх нь цахилгааныг тасалсан аж. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлагагүй байдлаас болж Дархан цаазат Богдхан ууланд зөвшөөрөлгүй барилга барихаар газрыг нь ухаж, хог хаягдалд дарагдан хогийн хонхор болгоод байгаа. Мөнгө л олж байвал хэн хохирч, хэнтэй хуйвалдаж, ямар Дархан цаазат газрыг сүйтгэх нь тэдэнд хамаагүй болсон. Зөвшөөрөл өгч болохгүй газар хүртэл мэргэжлийн хяналтынхан зөвшөөрөөд газар олгосон байх юм.

Хотын дарга уг нь энэ бүхэнтэй тэмцэж байгаа. Баахан захирамж үзэглээд л. Гэвч  үр дүн нь хаана байна вэ. Нэг их том цаас, гоё үг, гарын үсэг. Хэрэгждэг бол үнэхээр сайхан юм аа гэж бодохоор тушаал шийдвэр. Харамсалтай нь, түүнийг нь биелүүлж байгаа хүн бараг алга. Та сайн ярьж буй ч ажлын чинь эхлэл тийм ч сайнгүй байна.  Таныг ажлаа авснаас хойш амиа алдаж, хүнд бэртсэн хүний тоо дэндүү их юм. Зөвшөөрөлгүй барилгыг зогсооно, цахилгааныг нь тасална, харицлага тооцно л гэх юм. Гэхдээ хэрэгжиж байгаа зүйл алга байна шүү дээ. Хариуцлагагүй байдлаасаа болж олон хүний амийг хохироосон хүн өнөөдөр зүгээр л ажлаа өгөөд, өөр албан тушаал эзэгнээд сууж байгаа юм биш үү. Гэтэл та “Би шийдвэр гаргаад байхад, хэрэгжүүлэхгүй юм” хэмээн бухимдаж суух. Үнэндээ бол олон нийтэд мэдэгдээгүй болохоос өөр хэчнээн хүн гэмтэж бэртэж байгааг бүү мэд. Ямар ч байсан хэд хоногийн өмнө барилга дээр ажиллаж байсан гурван хятад ажилчны толгой дээр тоосго унаж хоёр нь газар дээрээ нас барж, нэг нь бэртсэн. Гэвч энэ хэрэг яаж шийдэгдсэнийг хэн ч мэдээгүй. Харин Мэргэжлийн хяналт хэмээх нэр зүүсэн хяналтгүй байгууллага буруутай гэдгийг хэлэх хүн олон байгаа юм. Ядахдаа шинэ Засаг даргынхаа гаргасан захирамжийг хэрэгжүүлэхгүй тоомжиргүй хандсаар. Уг нь Э.Бат-Үүл дарга энэ сарын 7-нд зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох захирамж гаргасан. Захирамжид “Зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоо, цахилгааныг тасла” гэсэн шийдвэрийг гаргасан. Гэвч хэрэгжээгүй. Үүнээс болж хүн амиа алдсан. Засаг даргын захирамж хэрэгжихгүй байгаа байдал үүгээр дуусахгүй. НМХГ-ын дарга байсан Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг энэ сарын 3-нд гаргалаа. Гэвч ажлаа өгөхгүй хэмээнд зууралдаж НМХГ-ын үйл ажиллагаанд багагүй саад учрууллаа. Л.Бямбасүрэнг ар өврийн хаалга хэрэглэн албан тушаалаа хэвээр үлдэх гэсэн заль мэх сэдэж суух хугацаанд гурван ч хүн хорвоог орхисон нь үнэн. Ер нь бол түүнийг явуулахгүй хэмээн зүтгэсэн МХЕГ-ын дарга асан Р.Содхүү, Шадар сайд Д.Тэрбишдагва нартай ч хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой. Тэгж байж албан тушаалын амт хүний аминаас илүү үздэг дарга нарын ханд нь дарагдах биз. Бас “Манайх цөөхүүлээ, барьж буй барилга олон” хэмээн жишим ч үгүй ярьж суудаг төрд хэрэггүй төрийн албан хаагчид цөөрөх биз ээ. Хотын дарга таны үзэгний үзүүр тэдэн рүү ч бас чиглэг.

Б.АЗЗАЯА

"ӨДРИЙН ШУУДАН" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж