Кикбоксын спортын ОУХМ Б.Мягмарсүрэн мутай боксын “Libogen Fight” тэмцээний аварга боллоо. Тэрбээр Хонгконгийн “Ванчай” спортын ордонд зохион байгуулагч орны тамирчин Вэнгийг тулааны гуравдугаар үед техникийн давуугаар буулган авсан. Харин Ч.Шижир-Эрдэнэ, Г.Жавхлан, Б.Халиун нар өрсөлдөгчтэйгээ эн тэнцүү өрсөлдсөн ч хараахан ялалт байгуулж чадсангүй. “Libogen Fight” тэмцээн сар бүр болдог бөгөөд монголчууд гурав дахиа оролцсон. Үүнээс ОУХМ Б.Мягмарсүрэн гурав дахь түрүүгээ хүртсэн юм. Мэргэжлийн боксын дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв залуу тамирчдаа дэмжин Хонгконг руу хамт яваад ирэв. Тэрбээр телевизэд ярилцлага өгч, шагнал гардуулах ёслолд оролцсон. “Монголын дайчин” ирэх арваннэгдүгээр сарын 9-нд Сингапурт IBO аварга цолны төлөө Индонезийн Дауд Иордантай 12 үе өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа юм.
“ӨДРИЙН ШУУДАН”