“UB Art Fair-2012” үзэсгэлэн нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах нь ээ.
Уг үзэсгэлэн нь дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцох, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг олгодгоороо онцлог юм.
Тиймээс энэ үзэсгэлэнд мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, уг салбарт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуус, уран зураг, уран баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр уран бүтээлээ идэвхитэй туурвиж буй уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулан, борлуулах аж.
Мөн үзэсгэлэнгийн үеэр бэлэг дурсгалыг соёлын утга агуулгаар хэрхэн баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах юм байна.
Уг үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, СУИС, Дүрслэх урлагийн сургууль, Дизайн парк, Урлагийн зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм.