Лукашенко “гарын дор” парламент бүрдүүлэхийг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Лукашенко “гарын дор” парламент бүрдүүлэхийг үүрэгдэв

Беларусийн долоон сая сонгогчид шинэ парламентыг сонгох ёстой. Гэтэл сонгуульд хэн “ялах” нь тодорхой болжээ. Тэр нь ерөнхийлөгч Александр Лукашенко. Белорусийн депутатуудын үүрэг нь “за” гээд сонгох явдал болж байна.  

Өнгөрсөн өдрүүдэд Беларусьт парламентын Үндэсний чуулганы төлөөлөгчдийн танхимын сонгууль болж байна. Телевизийн халз маргаан, сонгуулийг олон улсын ажиглагчид ажиглаж байгаа зэрэг ардчилсан чимэг бүгд бий. Гэхдээ энэ сонгуулийн дүн тодорхой бөгөөд авторитар ерөнхийлөгч “гарын доорх” парламенттай болно.  

Сонголтыг хэзээ хийв?

Албан ёсоор сонгууль есдүгээр сарын 23-нд боллоо. Гэхдээ санал хураах 6000 байр есдүгээр сарын 18-наас нээгдсэн юм. Ингэснээр шалтгаанаа заавал хэлэлгүйгээр өмнөөс сонголт хийж болох байв. Үүний тайлбар нь “Сонгогчдын тав тухтай байлгах үүднээс” гэсэн албан ёсны шалтгаантай. Сонгууль амралтын өдөр товлогдсон учир сонгогчид урд өдрүүдэд нь саналаа өгөөд амарч байг гэж эрх баригчид үзсэн бололтой. Гэтэл бие даасан ажиглагчдын хэлж буйгаар эхний өдөр нь сонгогчдын бараг тал хувь санал өгчээ. Албан газрууд ба үйлдвэрийн удирдлагууд хүмүүсээ хална гэж айлган санал өгүүлсэн гэж сөрөг хүчнийхэн ярьж байна. Сонгуулиас өмнөх сонгууль нь хэрэгтэй тоогоо бичих боломжийг өгч байгаа юм. Хэн санал өгөх нь чухал биш, хэн тоолох нь чухал гэдгийг энэ харуулж буй.

Лукашенко: Сөрөг хүчин ард түмнийг хордуулж байна

Александр Лукашенко “шударга сонгууль” амласан. “Сөрөг хүчин өөрсдийн ялагдлыг зөвтгөх зорилгоор нөгөө л нэг улиг болсон “сонгууль хууль бус” гэсэн пянзаа тоглуулна” гэж тэр хэлжээ. Ер нь улс төрийнхөө өрсөлдөгч нарын талаар түүний үнэлгээ маш тааруу. “Сөрөг хүчин гэгдэх эдгээр хүмүүс үргэлж эх орноо худалдаж, ард түмнийг турхирч байсан. Одоо тэр халтар царайтнууд дахиад л засаг гуйж байна. Ямар бодлого явуулах нь ойлгомжтой” хэмээн Лукашенко мэдэгдлээ.

Харин сонгогчид?

Тэд ямар нэгэн сонгуулийг төдийлөн сонирхохгүй болсон байна. Өнгөрсөн жилийн мөнгөний хямрал нь үндэсний мөнгөний ханшыг гурав дахин унагасан юм. Гэхдээ жилийн эцэст цалинг 500 ам.долларын хэмжээнд хүргэхээр Лукашенко амласан байгаа. Гэтэл сонгогчид эрх баригчдад ч сөрөг хүчинд ч итгэлгүй болжээ.

Сөрөг хүчин: Сонгуулийн хууль бусыг харуулна

 
Сөрөг хүчин нь арав гаруй жижиг нам, хөдөлгөөн болж байна. Тэд хоорондоо тохиролцож чадахгүй байгаа. Лукашенкогийн өрсөлдөгч нар сонгуульд оролцон ялалтын төлөө бус түүнийг үл тоомсорлох тактикийг сонгосон байгаа. Энэ сонгууль бол жүжиг гэдгийг тэд харуулах аж. Хавар гэхэд амжиж бүртгүүлээгүй  “Белорусийн христийн ардчилал”, “Белорусийн рух” гэсэн хоёр нам сонгуульд оролцохгүй нь тодорхой болсон юм. Тэгвэл сонгуулийн өмнөхөн “Иргэний нэгдсэн нам” өөрсдийн нэр дэвшигчдийг эргүүлэн татсан байна. “Бид эрх баригчдаас улс төрийн хоригдлуудыг суллах, комиссийн бүрэлдэхүүнд манай төлөөлөгчдийг оруулах, урьдчилсан сонгуулийг болиулах гурван шаардлага тавьсныг эрх баригчид хүлээн аваагүй. Бид сонгогчдод хандан энэ хууралтанд оролцож санал өгөхгүй  байхыг урилж байна” хэмээн энэ намын дарга Анатолий Лебедько тайлбарлажээ.

Милинкевич: Улс оронд айдас их байна

2010 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гарсан эсэргүүцлийн ажиллагааны дараа олон идэвхтнүүдийг баривчилсан юм. Тэдэнд ял тулгасан учраас тэд сонгуульд оролцох эрхгүй болжээ. Бусад нэр дэвшигчдийг сонгуульд оруулаагүй. Олон тооны сөрөг хүчнийхэн улс орноо орхин гарсан байгаа. “Эрх чөлөөний хөдөлгөөн”-ий дарга Александр Милинкевич харамсалтайгаар “Энэ сонгуульд ардчилсан хүчин оролцох нөхцөлгүй. Хүмүүс айж байна. Улс орон айдаст автав. Эрх баригчид хүмүүсийг гарын үсэг цуглуулахад оролцсны төлөө тэрслүү үзэл гаргасан гэж шийтгэж байна” гэж өгүүлэв.

Өнгөрсөн парламентад сөрөг хүчний нэг ч хүн байгаагүй. Ихэнх депутатууд нь тэтгэврийн насны өмнөх улсын үйлдвэр албан газрын удирдагч нар байна. Эдгээр хүмүүс ерөнхийлөгчийн эсрэг үг цухуйлгах зүрхгүй. Шинэ парламент нь мөн л адил тийм хүмүүс байна. Лукашенко парламентыг дороо барин сууж байна гэв. Хамгийн сүүлчийн мэдээгээр, ням гаригт болсон сонгуулиар парламентын 110 депутатын 109 нь сонгогджээ. Гомель мужийн нэгэн тойрогт дахин сонгууль хийхээр болжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж