Сонгуулийн өмнөх тэмцэл

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өмнөх тэмцэл


Гүржид сонгуулийн өмнө хоёр энгийн аргыг идэвхтэй ашиглаж байгаа тухай ажиглагчид хэлж байна. Сонгуулиар өөрсдийн хөтөлбөрийг дэвшүүлэн түүнийгээ сурталчилах явдал Гүржид бараг үгүй болжээ.

Есдүгээр сарын 22-ны мэдээгээр олон улсын 55, орон нутгийн 50 байгууллага аравдугаар сарын 1-ний сонгуульд ажиглалт хийх юм байна. Тэдний дүгнэлтээс парламентын сонгууль шударга, цэвэр болсон уу гэдгийг харна. Одоохондоо ажиглагчдын шүүмжлэл нь сөрөг хүчний талынханд үзүүлж буй шахалт, дарамт,  засаг захиргааны нөөцийг сонгуульд ашиглаж буй зэрэгт хамаарч байна. Үүний зэрэгцээ үндэсний цөөнх амьдардаг орон нутагт нэр дэвшигчид идэвх муутай кампани явуулж байгаа гэнэ.

ОХУ-ын Олон нийтийн танхимын төлөөлөг­чид болох Максим Григорьев, Сергей Марков нарыг ажиглагчаар бүртгэхээс Гүржийн Сонгуу­лийн ерөнхий хороо татгалзсан байв. Гэхдээ энэ шийдвэр нь Оросын бүх ажиглагчдад хамаарахгүй хэмээн СЕХ мэдэгджээ. Гэхдээ тэд нараас өөр ажиглагчид Орост байхгүй юм. Орос, Гүрж хоёрын хооронд дипломат харилцаагүй, Орос Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн шалтгаанаас болж тэднийг бүртгээгүй ажээ.

Нэр дэвшигчдийн идэвхгүй байдал

Марнеули, Болниси ба Дманиси (өнгөрсөн сонгуулиар хамгийн их зөрчил гаргасан Квемо-Картли мужид азербайжанчууд олноор амьдардаг) хотуудад ажиглагч хийж байгаа “Мтреди” гэх ардчилсан холбооны тэргүүн Сабина Талыбова бүх намууд сонгуулийн сурталчилгааг маш сулхан явуулж буйг хэлэв. “Ирэх сонгууль 2008 оныхоос юугаар ч ялгагдахгүй байна. Хүмүүс нэр дэвшигчдээс илүү тодорхой, шнэлэг зүйл сонсохыг хүсч байна” гэж тэр тэмдэглэв. Ямар нэгэн зөрчлийг “Мтреди” одоогоор олж хараагүй гэнэ. Намуудын төлөөлөгчид шахалт дарамт ирж буй талаар хоорондоо шивнэлдэхээс хэтрээгүй бололтой. Ямар ч гомдол  гаргаж тавьдаггүй учраас тэдний ажлыг хүндрүүлдэг гэж тэр хэлжээ. “Сонгуулийн будилаан гарах боломж байхгүй. Харин энэ талдаа манай бүс их туршлагажсан учраас зөрчил өмнөх шиг өргөнөөр гарахгүй” хэмээн Талыбова ярилаа. “Мтреди” холбоо нь “Олон үндэстний Гүрж” гэсэн хөдөлгөөнийг тэнд төлөөлж байна.

Сөрөг хүчинд үзүүлж буй дарамт

“Шударга сонгууль ба ардчиллын олон улсын нийгэмлэг” (ISFED) гэх Засгийн газрын бус байгууллагын төлөөлөгч Нино Рижамазе наймдугаар сард зөрчлийн тоо ихэссэн гэв. Тус байгууллагын ажиглагч нар сонгуулийн 73 тойрогт ажиллаж байна. Тэд засаг захиргааны нөөцийг ашиглаж, сөрөг талынханд дарамт үзүүлэх, сэтгүүлчдийн ажилд саад учруулах, сөрөг хүчний төлөөлөгчдийг ажлаас нь хална гэсэн сүрдүүлэх зэрэг зөрчил их гарч байгааг хэлжээ. Рижамазе ярьснаар “Гүрж мөрөөдөл” сөрөг намын гишүүн, эмч Теи Давиталианийг халсан, мөн  Чохатаури хотын нэгэн сургуулийн захирал эрх баригч намын цуглаанд очоогүй багш нарынхаа цалинг хасахаар заналхийлсэн гэх мэтийн үзэгдэл нэлээдгүй байгаа аж.

Засаг захиргааны болон санхүүгийн нөөцийг ашиглаж байна

Европын хамтын ажиллагаа ба аюулгүй байдлын хүний эрхийн байгууллага ба Ардчилсан хүрээлэнгийн товчооны төлөөлөгч нар Гүржийн сонгуулийн кампанид засаг захиргааны нөөц болон санхүүгийн нөөцийг өргөнөөр ашиглаж байгаа тухай урьдчилсан  илтгэл гаргасан байв. Улс төрийн тодорхой байр суурь ар талд тавигдсаныг тэд тэмдэглэв. Мөн эрх баригч “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” намын зурагт самбарууд, телевизийн роликууд маш их тоогоор гарч байгаа ба улс төрийн өрсөлдөгч нарын хоорондын хэрүүл маргаан тасрахгүй байгааг тэмдэглэв.
Сонгуулийн ерөнхий хороо торгууль ихээр тавьж буйг бас ажиглагчид тэмдэглэв. Үүний жишээ болгон сөрөг хүчний “Гүрж мөрөөдөл” намын лидерүүд болон тэдний талынхныг хууль бусаар хөрөнгө оруулалт хийсэн гэж хандивын мөнгөнөөс нь тав дахин их мөнгөөр торгосныг ажиглагчид ярьжээ.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж