-2012 оны Төсвийн тодотголоор орлого, зарлагыг хэдэн төгрөгөөр баталсан бэ?
-Төсвийн нийт орлого бол таван их наяд 530 тэрбум төгрөг, зардал нь зургаан их наяд 312 их наяд төгрөг байгаа. Энэ хоёрын зөрүү нь 780 гаруй тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4,8 хувьтай тэнцсэн ийм төсөв баталсан. Урсгал зардал дээр нэмсэн, хассан гэдэг нь тийм ч чухал зүйл биш гэж би ойлгодог. Өнөөдөр бид төсөвт популист маягаар хандаж ирсэн. Урсах зардлыг танаад бай гэдэг. Тэгээд чадавхигүй яамдтай болсон. Гэхдээ төсвийн тодотголд хасах зардал байгааг үгүйсгэхгүй, түүнийг нь олох хэрэгтэй. Түүнээс механикаар хүмүүсийн тоог цөөлөөд, яамдын тоог багасгаад байхаар бодлого гаргаж чаддагүй яамдын бүтэцтэй болоод байгаа юм. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яам 200-аас доош боловсон хүчинтэй байж болохгүй гэж байгаа юм. Дэлхийн нийтийн жишиг тийм. Тийм хэмжээний боловсон хүчин байж гэмээнэ энэ хөгжлийг тодорхойлно. Тэгэхээр ийм зүйлийг ярихаас илүү ажлын бүтээмжтэй байх ёстой. Илүү зардал юу байна гэдгийг харахдаа үнэхээр орон тоо давхардсан, хэрэггүй ажил хийж байна уу гэдгийг нь харах ёстой гэж бодож байна.
-Тавантолгойгоос орж ирэх мөнгө болон уул уурхайн түүхий эдийн үнэ буурснаас болж төсвийн орлого дутаж, түүнийг зохицуулахын тулд 2012 оны Төсвийн тодотголын төслийг баталсан. Зарлагаа хумиж, зарим хөрөнгө оруулалтыг хойш нь шилжүүлсэн. Төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй байхад хэр зэрэг хүндрэлтэй байгаа вэ?
-Төсвийн тодотгол хийх хэд хэдэн нөхцөл байдал үүссэн. Үндсэндээ хоёр зүйл дээр тулгуурлан тодотголыг хийсэн. УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүтэц буюу зарим яам нь хоёр салж байгаатай холбогдуулан өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, Хөгжлийн яам. Энэ яамыг гэхэд л 2,7 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр шинээр байгуулсан. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон. Үндсэндээ төсвийн орлогод 1,3 их наяд төгрөгийн орлого дутаж байгаа. Нэг их наяд орчим нь Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор 980 тэрбум төгрөгийн орлого дутсан. Гарын үсэг зурсан 490, урьдчилгаа төлбөрийн 460, нийтдээ нэг их наяд төгрөг энэ гэрээтэй холбоотойгоор дутаж байгаа юм. Мөн дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ унаж байгаатай холбогдуулан тодорхой хэмжээний төсөвт суух ёстой мөнгө дутсан. Тогтворжуулалтын санд гэхэд 221 тэрбум орлого дутсан. Мөн экспортын барааны нийлүүлэлт багассан. Жишээлбэл, 20-иод сая тонн нүүрс экпортлох боломжтой байна гэж байгаа. Гэтэл 31 сая тонн нүүрс экспортлоно гэж үзэж байсан. Энэ хэмжээгээр төлөвлөж байсан орлогууд дутна. Мөн импортын хэмжээ буурсан. Импортоос орж ирнэ гэж тооцож байсан орлогын хэмжээ 1,6 тэрбум доллараар бууруулж байгаа. Үүнээс шалтгаалан импортын НӨАТ 57 тэрбум орчмоор, гаалийн татвар 26 тэрбум орчим төгрөгөөр буурч байгаа. Орлого буурч байгаа учраас төсвийг зайлшгүй тодотгол хийх болсон. Төсвийн алдагдал өсч батлагдсан. Өмнө нь төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2,8 хувьтай тэнцүү буюу 464 тэрбум байсныг 780-аад тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4,8 хувьтай тэнцэхээр баталсан.
-Төсвийн алдагдлыг өсгөх нь сөрөг нөлөөтэй талаар эдийн засагчид хэлдэг. Төсвийн алдагдал нэмэгдэх нь сайн уу, муу юу?
-Ер нь бол дэлхийн эдийн засаг, зах зээл хямралтай байгаа нь манай зах зээлд нөлөөлөх нь үнэн. Хямралтай үед Засгийн газрын хэрэглээгээ хумих уу, үгүй юу гэдэгт бодлогын шийдэл гаргах ёстой. Европийн эдийн засаг хямарч байна. Ялангуяа манай гол импортлогч урд хөршийн эдийн засаг саарч байна. Энэ бүгд Монголын эдийн засагт нөлөөлнө.Гэхдээ энэ нь бизнесийн салбарт нөлөөлнө. Тиймээс Засгийн газар хэрэглээгээ багасгая гэж бодоход, улсын хэрэглээний нийт хэмжээний 40 хувь нь төсөвөөс бүрддэг. 40 хувийг эзэлж байгаа энэ том хэрэглээ багасахаар бизнесийн борлуулалт буурна. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбарын орлого нь багасах юм. Тиймээс бизнесийн салбарын орлогыг нь бууруулахаар олон бизнесийн компаниуд хаалгаа барьж, дампуурч, ядуурлын тоо нэмэгдэнэ. Тэгэхээр төсвийн зарлагаа өсгөж, төлөвлөсөн хэмжээгээ бууруулахгүй байх нь дээр. Ингэж байж бид бизнесээ авч үлдэх ёстой. 2013 оны төсөв дээр ч гэсэн ийм бодлого барьж ажиллана. Гол хэрэглээний зах зээл нь төсвөөс бүрдэж байгаа учраас бид аль болох зардлыг бууруулахгүй байж бизнес эрхэлж байгаа салбараа хамгаалж үлдэх боломжтой. Бизнесийн салбаруудыг хаалгыг нь бариулахгүй байхын тулд төсвийн зарлагаа ядаж өмнөх хувьдаа барьж байх ёстой. Дэлхийн бусад орны хямралтай тэмцэж байгаа бодлогыг харахад зарлагаа хасахгүй байх бодлого гаргаж байгаа юм. Америкчууд хэрэглээгээ өндөр байлгая, бизнесээ авч үлдэе гэсэн бодлого барьдаг. Энэ бодлогоор явахгүй бол хямралаас бол ажилгүйдэл, ядуурлын тоо нэмэгддэг гэсэн зүйлийг ярьж байсан. Монголын хувьд дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгох боломжтой, алдагдлаа санхүүжүүлэх бололцоо, ирээдүйн орлого бий. Тиймээс бид шинээр бизнес эрхэлж байгаа, одоо эрхэлж буй байгууллагуудыг дэмжсэн бодлогыг төрөөс барих ёстой.
-БНХАУ нүүрсний импортоо багасгах бодлого барьж байна гэж ярих боллоо. Үүнээс болж монголын нүүрс үнэгүйдэж, төсвийн орлого буурах байх. Цаашид үүний эсрэг ямар бодлого барьж ажиллах вэ. Мөн нүүрс, төмөрт экспортын татвартай болгоно гэсэн асуудал яагаад хойшлогдоод байгаа юм бэ?
-Гадаад эдийн засгийн орчноо сайтар тооцож, боловсруулж байж, төсөв мөнгөний бодлогоо гаргаж ирэх ёстой. Дэлхийн зах зээл дээр болж байгаа хямралыг бид дан ганцаараа зохицуулж чадахгүй. Жишээлбэл, хэрэглээгээ хумих. Нүүрсний үнэ буурч, хэрэглээг багасгах энэ зүйлд бид нөлөөлж чадахгүй. Гэхдээ үүнд тохирсон зөв бодлого гаргах ёстой. Ер нь бид нэг гарцтай байна гэдэг бол маш том эрсдэл. Яагаад гэвэл бид үнийн хувьд нэг хайрцагт орох гээд байгаа юм. Тэгэхээр олон гарцтай байх, нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх бүх бололцоог харах ёстой гэдэгтэй санал нэг байгаа юм. Тиймээс бид нэн тэргүүнд эдийн засагтай холбоотой уул уурхайн салбарын дэд бүтцийг нэмэгдүүлэх ёстой. Тухайлбал, бид төмөр замын хүчин чадлаас шалтгаалаад бид үнийн өсөлтөд орж байна. Төмөр зам нь ачааллаа даахгүй болохоор нийлүүлэлт, экспорт нь удаашраад байгаа. Тиймээс бид төмөр зам, дэд бүтцийн гарцыг бодож байхгүй бол цаашдаа эдийн засаг, нүүрсний үнэнд нөлөөлөх юм. Олон гарцтай байх шаардлагатай гэж байгаа ч 2013 оны төсвөөр энэ асуудлыг шийдэж чадахгүй. Энэ удаад бид олон улсын санхүүгийн корпорацийн прогнозийг харахаас өөр аргагүй болж байна. Нүүрсний хэрэглээ ямар байх, зах зээлийн худалдан авах хэмжээ зэргийг яаж төлөвлөсөн байна гэдгийг судалж үзэх ёстой. Маш их судалгаа, төлөвлөгөөтэй байж 2013 оны төсвийг төлөвлөлтийг хийх ёстой. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд төсвийн шинжилгээ, судалгааг хяналтыг хэрэгжүүлэх алба байгуулж байгаа. Энэ алба, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэргээр судалгаа шинжилгээ хийж байж 2013 оны төсвийн төлөвлөлтийг сайн хийх ёстой.
-Ирэх жилийн төсвийн мөнгөний бодлогыг аравдугаар сарын 1-ээс өмнө УИХ-д өргөн барих хуультай. Төсөв, мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барьсан уу. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. Энэ үед алт, зэс, нүүрсний үнийг бодитой тогтоогүйгээс Тогтворжуулалтын сангийн төсөв тасалдах зүйл ажиглагддаг шүү дээ?
-Ирэх жилийн төсөв, эдийн засгийн прогнозын хувьд, Эдийн засгийн хөгжлийн яамтай болж байгаа нь нэг ахиц гэж би бодож байгаа. Гэхдээ яам байгуулагдсанаар ахицтай биш, тэр яам нь өөрөө чадавхитай байх ёстой юм. Тиймээс шинэ яам эдийн засгийн прогноз, загварчилал хийж чадах хүний нөөцтэй, боловсон хүчинтэй байх ёстой гэж бодож байна. Ийм байж бидний хүлээгээд байгаа урьдчилан харж, төлөвлөлтөө хийдэг тэр бүтэц рүү орно. Өмнө нь хойноос нь хийдэг байсан учраас алт, зэсний үнэ өсөх, буурахаас шалтгаалан асуудал үүсдэг байсан. Үндсэндээ бол таамгаар хийдэг байсан. Одоо судалгаатай, үндэслэлтэй хийх ёстой, тийм бүтэцтэй ч болсон. Эдийн засаг, хөгжлийн яам, УИХ-ын байнгын хорооны дэргэд судалгаа, хяналтын нэгжтэй болж байна. Ингэхээр бодитойгоор урагшлах байх. Төсөв, мөнгөний бодлого одоохондоо орж ирээгүй. Өргөн барих хугацаа нь шахуу байгаа ч Засгийн газар шинэ бүтцээр ажиллаж байгаатай холбоотой байх. Ер нь бол мөнгөний бодлого дангаараа орж ирээд, Засгийн газраа шүүмжлээд, бидэнтэй уялдсангүй гэж яриад байдаг. Тийм байдлаар явахгүй байх гэж найдаж байна. Яагаад гэвэл нэгдсэн бодлого гарах ёстой. Мөнгөний бодлого нь эдийн засгийн бусад салбараа дэмжиж байгаа эсэх, төсвийн бодлоготойгоо хэрхэн уялдаж байна уу гэхээс биш өнгөрсөн дөрвөн жилийх шиг явахгүй. Өнгөрсөн жилүүдэд чөлөөтөй мөнгөний бодлогоор явж ирсэн. Хариуцлага хүлээх эзэнгүй явж ирсэн. Өнгөрсөн жил оны эцэст маш том алдаа гаргасан. Валютын ханш унаж байх үед ямар ч бодлого явуулаагүйгээс арванхоёрдугаар сарын эцэст валютын бодлого алдаад гэнэт өсөлт бий болгосон. Тэгэхээр тийм хариуцлага гаргадаггүй байх, тодорхой суурь үзүүлэлтийг тавьж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд урсгалаар явж, эдийн засгийн өсөлтөө гүйцэхгүй, хойноос нь явсан маягаар ажиллахгүй л байх ёстой.
-Төсвийн зарлагаа нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг өсгөхөөс аргагүй гэж байна. Алдагдал, зарлага нь өндөр байхад ойрын хоёр жилдээ инфляци, зээлийн хүүг нэг хувьд хүргэх зорилго биелэх болов уу?
-Мөнгөний бодлого,төсвийн бодлогоо уялдуулах ёстой. Бизнесээ мөнгөний бодлого талаасаа ч, төсвийн бодлого талаасаа дэмжих ёстой юм. Гол нь хөдөлгүүр нь бизнес болохоор хаалгыг нь бариулахгүй, үйл ажиллагаа нь үргэлжилж байх ёстой юм. Төсвийн талаасаа хэрэглээгээр дэмжих гээд байгаа юм. Тэдний бараа бүтээгдэхүүн борлогддог байх. Нийт хэрэглээний эдийн засгийн 40 гаруй хувийг үндсэндээ төсөв хэрэглэж байгаа. Жишээлбэл, төсвийн ажилчдын цалин, бизнесийн салбарт шилждэг. Өөрөөр хэлбэл, худалдан авалт хэлбэрээр бизнесийнхэнд шилждэг. Тийм учраас бид энэ том хэрэглээг хямралын үед хумихгүй байж, бизнесээ аварч үлдэнэ. Ялангуяа шинээр бий болж байгаа бизнесийн салбарыг төр дэмждэг байх ёстой. Ер нь төсөв алдагдалтай байх асуудал эдийн засгийн чадавхитай уялдаж байх ёстой юм. Тиймээс бид тогтвортой байлгаж, төлөвлөгөөтэй ажиллана.
-2009 оны хямралаас Хадгаламжийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хугацаа дуусч байгаа. Энэ хямрал дахин давтагдаж болзошгүй энэ үед энэ хуулийн хугацааг сунгах юу?
-Иргэдийн зүгээс банкны салбарт итгэл байх ёстой. Энэ талаасаа авч үзвэл, банк иргэдийн хадгаламжийн мөнгийг л зээлдэж байгаа. Хадгаламж буурвал зээлийн хүү нэмэгдэнэ. Тэгэхээр төрийн зүгээс, төв банкны зүгээс ч санхүүгийн салбараа эрүүл байлгах бүх л арга хэмжээг хямралын үед авна. Шаардлагатай гэвэл энэ хуулийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гол нь судалж, сөрөг үр дагаврыг тооцож, өнгөрсөн таван жилийн хугацааг судалж, сөрөг үр дагавартай бол үргэлжлүүлэхгүй, үр дүнтэй байсан бол үргэлжлүүлж болно. Ер нь бол бид аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Эдийн засаг нь том, асуудал нь том болсон. Асуудал том болох тусмаа судалгаа, шинжилгээ шаардагддаг. Эдийн засаг, хөгжлийн яамыг энэ бүх асуудлыг судалж, шинжилгээ хийгээд, төсөв, мөнгө зарцуулалтаа зохицуулахаар байгуулсан. Нэг асуудал нь энэ яаманд зөвхөн чадвартай боловсон хүчин хэрэгтэй. Гэтэл одоо намчирхаад, танил тал гэсэн хүмүүсээ ажилд аваад байвал энэ яам нь өөрөө ажил хийхгүй. Хийж чадах боловсон хүчин байгаа. Монголбанк нь зөв бодлого гаргаад, Эдийн засаг, хөгжлийн яам нь зөв тодорхойлоод, нэгдсэн бодлогоо гаргаад явбал улс орны эдийн засаг, нийгэм бодитой үр дүнтэй болно. Төрийн бүтцээ байгуулахдаа яаж бий болж буй орлогоо хувааж авах вэ гэсэн маягаар хандвал эдийн засаг нийт хүн амынхаа дийлэнхи хувьд нөлөөлөхгүй. Хэрвээ нийт хүн амын 3000 л хадгаламтай бол энэ хууль цааш хэрэгжих шаардлагагүй. 97 хувь нь хадгаламжтай байгаа бол үргэлжлэх ёстой. Тиймээс судалгаатай ханд гэж хэлээд байгаа юм.
-Мах, нефть, эрчим хүч гээд байнга төрөөс зохицуулж ирсэн өдөр тутмын хэрэглээ бий. Хямралын үед өмнөх шигээ зохицуулалт хийхгүй бол иргэдийн нуруу дийлэхгүй ачаа болох байх. Энэ асуудлыг яаж зохицуулах ёстой вэ. Шатахууны импортыг төр хариуцна гэсэн байр суурийг Засгийн газраас гаргаад байгаа?
-Нефть, эрчим хүчний үнийг төрөөс барих боломжтой. Харин бусад өргөн хэрэглээний барааг төрөөс зохицуулах боломжгүй. Тухайлбал, махны үнийг төр зохицуулах боломжгүй. Нийслэлийн иргэдийн махны үнийг бууруулна гээд 170 мянган малчдаа дампууруулж болохгүй шүү дээ. Малтай байх, мал бэлчдэг газартай, малчидтай байх ёстой. Энэ бүхэн өнөөдөр Монгол Улсыг уусгачихгүй, нүүдэллээд амьдарч байна. Үнэхээр махны үнийг хямдхан байлгая гэж байгаа бол малчдад татаас өгөх ёстой.
-Малчдыг дэмжсэн олон янзын бодлогыг төрөөс хэрэгжүүлдэг. Гэтэл гурван сая хүрэхгүй хүн амтай, 50 сая малтай орон нэг кг махаа 10 мянга орчим байна гэдгийг та зөв гэх үү?
-Тийм учраас нийлүүлэтийн бодлого талаас нь төр арга хэмжээ авах хэрэгтэй байгаа. Биржийн тухай хууль батлагдсан, хэрэгжихгүй. Дэд бүтцийг нь хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Хууль гаргаж чадаж байна, хэрэгжүүлэхгүй байна. Яагаад хэрэгжихгүй байна гэхээр хариуцлагын тогтолцоо гэж байхгүй болсон. Одоо хар л даа амралтын өдөр ажиллана, тэдэн цагт ажлын цагийг эхлүүлнэ. Гэтэл үнэн хэрэгтэй зүгээр л шоу болоод байна. Бодит байдал дээр хэрэгжээд, асуудалд анхааралтай хандаад гадныханд шулуулахгүйгээр харилцан үр ашигтай бизнесээ хийгээд явбал энэ 2,7 сая хүн амыг аятайхан аваад явж болно шүү дээ. Ганцхан төрийн бодлого нь олж байгаа орлогоо яаж хувааж авах гэсэн бүлгэрхэж хувааж авах вэ гэдэгт байгаа юм. Үүнийг л мартах хэрэгтэй. Эдийн засаг сайжраад ирэхээр орлого нь сайжраад ирнэ. Гэтэл нэг хоёр компани орлого олох гээд л гүйгээд байна Монголд.
-Оюутолгойн гэрээг өмнөх парламентад ч энэ удаад ч та өөрчлөх саналтай байгаа гишүүдийн нэг. Гэтэл УИХ-д энэ гэрээг өөрчлөх хүсэлтэй гишүүд тийм ч олон биш байх шиг. Хэрэг байгаа юм уу?
-Үеийн үед хувийн эрх ашгийн төлөө Монголынхоо төрийг худалддаг хүмүүс байгаад байна. Манжийн үед байж л байсан, одоо ч байж л байна. Улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө бид зүтгэхгүй бол хэн зүтгэх вэ. Гадны хүн ашгаа авах гэж байгаа нь зөв шүү дээ. Харин бид харилцан үр ашигтай байхыг нь ярих юм. Оюутолгойн гэрээ хэтэрхий луйврын болсон учраас харилцан үр ашигтай байлгая л гэж байгаа. Түүнээс энэ гэрээг цуцлая гэж яриагүй шүү дээ. Үүнийг яагаад ойлгохгүй байгааг гайхаж байна. 60 хувийг нь авна гэж яриад байдаг. Гэтэл тэр компанийг ашиггүй ажиллуулаад зардлаа өсгөөд бая гэж бодоё. Тэгвэл 34 хувийн ногдол ашиг ирэхгүй, ашиггүй юм чинь орлогын албан татвараа төлөхгүй. Тэгэхээр юу үлдэх юм бэ. Тэгээд алтаа цэвэршүүлж чадахгүй, шороогоо ачаад 100 грамм алт гарвал 50 грамм алт гарсан гэж хэлнэ. Яагаад 57-р тогтоолыг биелүүлье гээд байгаа гэвэл 51 хувийг Монголын тал эзэмшиж, удирдлагаа тогтоож байж орлогоо яаж хувиарлах вэ гэдэг асуудлыг шийдвэрлэнэ. Тухайн компани ашгаа нөхсөний дараа ашгаа зөв зохицуулах юм. Оюутолгойн гэрээнд нэг аюултай заалт бий. Гаргасан бүх барааныхаа орлогыг гадаадад хадгалж, зарцуулна. Энэ бол аюултай заалт. Ашиггүй ажиллавал Монголд юу ч өгөхгүй. Ийм л гэрээг бид өөрчлөх ёстой, харилцан ашигтай, Монголын хуулийг хүндэлдэг байх ёстой гэдгийг л яриад байгаа юм.
-УИХ-ын тогтоол, хууль хэрэгждэггүй. Ашигт малтмалын тухай хуулийн 34 хувийг гадныхан гол болгож ажилладаг. Гэтэл гадныхан 57-р тогтоол хуулиасаа дээгүүр байна гэсэн байдлаар хандаад байгаа юм шиг санагддаг?
-Бид нар Засгийн газарт энэ хуулийг өөрчилж байж гэрээгээ байгуулая гэсэн. Ашигт малтмалын хуулийн 34 хувь гэдгийг ашгаа нөхсөний дараа 51 болгож өөрчлөе гэсэн хүсэлт гаргаж байсан. Гэтэл үүнийг дэмжээгүй, төрийнхөө хуулийн зохицуулалт гэсэн зүйлийг нь үлдээгээд Айвенхо майнзын төлөө хийх зохицуулалтуудыг хийчихсэн. Тухайлбал, алдагдлыг татварт тооцох зэргийг оруулж ирээд өөрчлөлт хийсэн. Энэ гэрээ Үндсэний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжтэй, 57-р тогтоолтой ч нийцээгүй. Үүнийг л засах хэрэгтэй. УИХ-ын гишүүд энэ гэрээг өөрчлөх санал оруулсан ч дэмжээгүй. Оюутолгойтой, ашигт малтмалын хуультай холбогдолтой хуулийг явуулдаггүй ийм төртэй болчоод байна. Тэднийгээ ард түмэн сонгоод байна. Ард түмэн их хүртээсэй гэдэг үүднээс бид Оюутолгойн гэрээг өөрчлөе л гээд байгаа юм. Ямар ч гэсэн Оюутолгойн гэрээ улс орны эрх ашигт нийцсэн гэрээ болох байх гэж л бодож байна.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгийг хэзээ олгох вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийн мөнгө төсөвт суучихсан. Үүнийг өгөх ёстой. Харин нэг зүйл хүлээгдсэн байгаа. Хүний хөгжил санд 300 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргаж өгөх ёстой. Тэр нь батлагдаагүй. Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах ёстой байгаа. Нийт гишүүдийн гуравны хоёроос дээш санал авах ёстой гэдэг дээр гацаад байгаа. Үүнийг шийдэх юм бол Хүний хөгжил сангаас олгох ёстой бүх мөнгөний асуудал шийдэгдэнэ. Мөн 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн мөнгийг ч суулгах ёстой. Үүнд 32 тэрбум төгрөгийг нэмж суулгах ёстой. Энэ асуудлыг бонд гаргах эрхийг Хүний хөгжил сангийн хуулинд тусгаж байж шийдэгдэнэ.
-Төсвийн цоорхойг нөхөх эх үүсвэрийг Засгийн газар бонд гаргах, гадаад зах зээлээс зээл авах замаар олно гэж хэлсэн. Гэхдээ Засгийн газрын гаргасан бондыг худалдан авах худалдагч олдохгүй бол яах вэ. Дээр нь зээл өгөх газар олдохгүй болбол яах вэ, эргүүлээд зээлээ яаж төлөх вэ гээд маш олон асуулт гарч ирж байгаа л даа, төсвийн алдагдал өндөр үед?
-Төсвийн алдагдал өндөр байлаа гээд зээлээр санхүүжүүлнэ гэдгээс айж болохгүй. Бидний хувьд зээлээ эргүүлээд төлөх эдийн засгийн потенциаль сайтай болсныг санах хэрэгтэй. Бидний зээлжих зэрэглэл өндөр болсон учраас хаанаас ч бид мөнгө босгох бололцоотой. Тийм учраас эдийн засгийн хэрэглээгээ өндөр байлгаж компаниудаа авч үлдэх ёстой. Зээлээ ирээдүйд олох орлогоороо төлж болно. Гол анхаарах асуудал нь хийж байгаа хөрөнгө оруулалт нь бүтээмж бий болгодог, баялаг бий болгодог, мөнгө бий болгодог чиглэлд зарцуулагдах ёстой. Энэ ч чиглэлээр алхам хийж Хөгжлийн яам байгуулсан. Эдийн засгаа урьдчилж төлөвлөөд бодлогоо гаргаад санхүүжилтээ хийгээд явах юм. Монгол Улсын эдийн засгийг 2000 онтой харьцуулахад одоо 17 хувиар өсчихсөн байна. Тэгэхээр тухайн үеийнх шиг царцаая, хөлдөөе гэдэг бодлого барих юм бол бид хөгжихгүй. Ирээдүйд эдийн засгийн бололцоо байгаа энэ үед хөгжлөө тогтвортой хадгалаад дараагийнхаа хөгжил рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Тийм агуулгаар төсвийн тодотголыг хийсэн. 2013 оны төсвийг ч ийм байдлаар төлөвлөнө.
-Орлого бүрдүүлэлт муу байгаа гэж Сангийн сайд хэлж байгаа. Ирэх сараас эхлэн хэрэгжих архи, тамхины онцгой татварын хууль хэрэгжинэ. Орлог хэр нэмэгдэж байна вэ?
-Нэмэгдэж байгаа орлого нь 120 тэрбум төгрөг л дөө. Жишээ нь тамхины ОАТ -ыг нэмэгдүүлснээр 19 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирж байгаа бол Хүн амын орлогын албан татвараар 11 тэрбум төгрөг, ДТ –ний татварыг нэмэгдүүлснээр 30-аад тэрбум төгрөгөөр орлого нэмэгдэнэ. Гэтэл нөгөө талд эх үүсвэр нэг их наяд төгрөгөөр дутаж байгаа. Төсвийг ДНБ-ийн 4.9 орчим хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай батлах нөхцөл ийм шалтгааны улмаас л үүссэн. Тийм учраас 781 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэж тооцоолсон. Энэ нь бонд гаргах, зээл авах замаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон хэрэг л дээ.