Гэмтэл согогтой монголчууд

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Гэмтэл согогтой монголчууд

Гэмтлийн эмнэлэгт танилтайгаа уулзахаар ирээд цаг гаруй хугацаанд хүлээх хооронд нэг бодол толгойд төрөв. Тэр нь “Монголд дайн болоогүй байгаа даа” гэдэг. Цусаа гоожуулсан, тархиа хагалуулсан залуус, машинд дайруулсан эмээ, хуруугаа тасдчихсан жаалууд гээд л цааш үргэлжилнэ.

Үсийг нь толгой дээр нь шомбойлгон боосон ойролцоо насны жаалуудын энд ирсэн шалтгаан нь бараг ойролцоо. 2-5 настай жаалууд гэмтэл дээр уйлалдан ирцгээсэн нь ихэвчлэн гар хурууны гэмтэлтэй байх аж.

Харин арай томхон жаалуудын нийтлэг гэмтэл нь хөл. Мөн л насных нь онцлогтой холбоотой бололтой. Залуучууд ч өөрийн гэсэн онцлогтой. Хөхөрсөн, няцарсан, хугарсан, хагарсаных нь шалтгаан нь зодоон. Эрүүл ухаантай хүн яавч өөр нэг хүнийг ийм болтол нь зодмооргүй байлтай. Зодуулсан залуусыг хараад нэг дүгнэлт хийвэл “Монголчууд харгис” болжээ.

Хамраас нь цус гарсан нь бол ялагдсанд тооцож зодооноо дуусгадаг байсан үе түүх болж. Муу эр мод чулуу гэх үг ч мартагдсан бололтой. Адилхан л аавын хүү, ээжийн охид байж нэгнийгээ хутгаар сийчиж, чулуугаар тархийг нь “гаргачихаж”.  
“Үгэнд ороод гэртээ ирсэн бол юу гэж ийм юм болох вэ дээ” гэж дүү охиндоо сургах ахын үг, “яах гэж цаад архичидтайгаа уусан юм гэх” эхнэрийн үглэх, “яах гэж тэр хутгыг хүүхдийн гар хүрэхээр газар тавьсан юм” гэх эмээгийн харуусал, “тэр дайрсан жолоочоо яагаад зүгээр явуулчихсан юм бэ” гэх бухимдал хажууд дуулдах бөгөөд “Бүх зүйл болоод өнгөрсний дараа л боддог. Өөрсдөө алдаж байж л ойлгодог” согогтой монгол занг илтгэнэ.

Энэ бүхнийг хохирогчдод хандаж хэлж буй боловч үнэндээ согогтой нийгэмд хандах зөвлөгөө байв…

Яг өөрт минь хандаж хэлсэн үг гэвэл “өвчин намдаах эм авах гэсэн чинь дөрвөн зуун төгрөг дутаад байна, туслаач миний дүү” гэдэг байв. Энд ганцаараа ирсэн, мөнгө муутай, ноомойхон хүн шаардлагатай тусламж авч чадахгүйд хүрдэг ч байж болох аж.

Энэ нэг цагийн дотор нэгэн хүн хорвоог орхихтой таарав. Түргэний тэрэг арав хүрэхгүй минутын давтамжтайгаар ямар нэг өвчтөнүүдийг зөөх аж. Өөрсдөө ирсэн гэмтэгчдээс дамнуургаар ирсэн өвчтөнүүд давуу эрх эдэлдэг бололтой. Ганц хоёр хуруу тасарсан, нүдээ булуу болгосон бол эмч нар бараг тоохгүй. Тийм өвчтөнүүд дунд ийн тоохгүй байх нь ч аргагүй. Боолтонд орохоор, рентгэн зурганд орохоор дугаарлах хугацаандаа бие биентэйгээ бараг л танилууд болох боломжтой. Хэнийг хэнтэй ирсэн, ямар шалтгаанаар гэмтсэн зэргийг бусад нь яриулалтгүйгээр тогтоочих боломжийн хугацаанд очерлоцгооно. Гэмтээд ирцгээсэн нөхөд ч мөн зиндаагаа харуулна. Танил руугаа утасдаж “илүү анхаарах”-ыг захих, дугаарлахгүйгээр орох гэж оролдоно.     

Анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй, харгис зангийн үр дүн болсон хохирогчид оочерлосоор. Гомдолтойгоор уйлах чимээ хангинасаар.

Б.МАНДАХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж