-Ургац хураалтын байдал ямар байна. Энэ намар ургац хураалт харьцангуй хожуу эхэллээ. Уг нь наймдугаар сарын 15-наас ургац хураалтын ажил эхэлдэг байсан биз дээ?
-Тийм ээ, уг нь жил бүрийн наймдугаар сарын 15-наас ургац хураалт эхэлдэг байлаа. Энэ жилийн хувьд ургацын болц удааширснаас ургац хураалтын ажил хожуу эхэлсэн. Яагаад ургац хураалтын ажил хойшилсон бэ гэхээр зуны турш хүйтэн бороо орсон, сэрүүхэн зун болсонтой холбоотой. Одоогийн байдлаар улаан буудайн хураалт улсын хэмжээнд 18.3 хувьтай байна.
– Төмс, хүнсний ногооны хураалтын явц хэр байна. Хураалт нь нэлээд эрт эхэлсэн байх аа?
-Төмс, хүнсний ногооны хураалт сайн байгаа. Өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Ирэх сарын ихээр төмс, хүнсний ногооны хураалтын ажил бараг дуусчих болов уу.
-Энэ жил хичнээн тонн ургац хурааж авахаар төлөвлөж байгаа вэ. Дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангах боломж байгаа юу. Байгалийн гамшгаас болоод дэлхий дахинд хүнсний хомсдол нүүрлэнэ гэсэн яриа байгаа шүү дээ?
-Бидний тооцоолсноор улсын хэмжээнд нийтдээ 468 мянган тонн улаанбуудай, 208.9 мянган тонн төмс, 99,4 мянган тонн хүнсний ногоо хурааж авах юм. Манай орны хувьд хүнсний хомсдол нүүрлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Атарын III аян хэрэгжүүлснээр Монгол Улс дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг зуун хувь хангах боломжтой болсон.
-Ус цаг уурын хүрээлэнгээс удахгүй цаг агаар хүйтэрнэ гэдэг мэдээлэл өгөөд байна. Бүр зарим нутгаар цас орж магадгүй гэсэн. Монголчууд ургацаа цасанд даруулчихгүй хурааж авч чадах нь уу?
– Ус, цаг уурын хүрээлэнгээс уулархаг нутгаараа цас орж болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн. Бид тэр мэдээллийг нь тариаланчдад дамжуулсан байгаа. Ер нь цаг агаар хүйтрэхээс өмнө богино хугацаанд ургацаа хураах учраас техникийн найдвартай ажиллагаа маш чухал. Тиймээс аймаг, орон нутаг, болон тариаланчдад техникийн бэлэн байдал, найдвартай ажиллагаанд онцгой анхаарч, ач холбогдол өгч ажиллахыг үүрэг даалгавар болгосон.