Жижиг арлын том асуудал II

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Газар нутгийн маргаанаас болж харилцаа нь сэвтээд байгаа Хятад, Япон улс хоёр өмнө нь ч иймэрхүү асуудалд орооцолдож байсан удаатай. Япон улс гэхэд Оросын холбооны улстай Курилын арлын маргаантай байгаа бол Өмнөд Солонгос улстай Такешима арлын маргаантай байдаг. Өнөө хэр нь энэ асуудлууд шийдэгдсэнгүй хэвээр л байна. Харин Хятад улс Бруней, Малайз, Филипин, Тайвань, Вьетнам улсуудтай Хойд Хятадын тэнгист байрлах дөрвөн хэсэг арлын эзэмшлийн тухайд маргаантай байдаг билээ. 2008 оны сүүл үеэс газар нутгийн маргаанууд намжмал байсан гэхэд болно. Харин Япон-Хятадын хооронд орших Диаоюү арлын маргаанаас болж дээрх бүс нутгуудад маргаантай байдаг газар нутгийн асуудлууд дахин сэргэж эхэллээ. Гэхдээ Хойд Хятадын тэнгист оршдог дөрвөн хэсэг арлын асуудал одоогоор намжмал хэвээр.

Өмнөд Солонгос маргаантай арлыг дахин сануулав

Япон-Солонгосын хилийн заагт байрладаг хоёр арлын нийлэмжийг Япон улсад Такешима, Өмнөд Солонгост Докдо гэж нэрлэдэг. Эртнээс нааш хоёр улсын түүх сударт тэмдэглэгдэн ирсэн ч аль, аль нь өөрийн мэдэлд байлгахыг хүсдэг юм. Энэ бол ердөө 230 мянган метр хавтгай дөрвөлжин газар нутаг билээ. Солонгос улс 1636 оноос эхлэн загасчид болоод тэнгисийн аялагчдыг энэ арал дээр суулгаж байсан ч Япон улс энэ арал байдаг гэдгийг эртнээс тэмдэглэж байсан нь олон арван сурвалж бичгээс тодорхой харагддаг. 1900 он хүртэл Солонгос улс өөрийн мэдэлдээ байлгасан ч, 1905 оноос Япон улс хяналтандаа байлгахын тулд улайрах болжээ. Гэсэн хэдий ч 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Солонгос улс дахин өөрийн мэдэлд оруулахыг хүсч тэмцэл, хөдөлгөөн өрнүүлж байсан юм. “Докдо арал бол яах аргагүй манай газар нутгийн нэг хэсэг. Түүхийн талаасаа ч гэсэн олон баримтаар нотолдог” гэж тус улсын дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд тэмдэглэсэн байна. Харин Япон улсын гадаад харилцааны яамны цахим хуудасны мэдээлж буйгаар 17 дугаар зууны эхэн гэхэд загасчид болон аялагчид түшиц газраа болгон ашиглаж байсныг нотлон бичжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Солонгосын энэ арлын төлөөх тэмцэл хүчээ авсан учраас Япончууд асар олон ухуулгийн кино, баримт сэлтийг бүтээсэн юм. Ингэж явсаар 1952 онд батлагдсан Сан Францискогийн энхийн гэрээний заалтын дагуу хоёр улс энэ асуудалд энх тайванч байр сууринаас хандах болсон байна.

Гэсэн хэдий ч Өмнөд Солонгосын бага болон их, дээд сургуулиудад Докдо арлын тухай бүхэл бүтэн сэдэв хичээлийг оруулах болсон бөгөөд үүнд зөвхөн Солонгос улсынх байсан гэдгийг батлах олон арван баримтыг заадаг ажээ.  Япон улсын засаг захиргаа үүнийг дэмжиж байсан нь үгүй. 2005 онд энэ тухай маргаан улам хүчээ авч хоёр улсын хоорон дахь харьцаанд сэв сууж эхэлсэн гэхэд болно. 2005 онд Япон улс “Такешима арлын өдөр” гэгчийг тэмдэглэж байх зуур Өмнөд Солонгос үүнийг маш их эгдүүцэж хүлээж авсан бөгөөд нэг эрэгтэй зулын гол болж олон арван хүүхэд, эмэгтэйчүүд хуруугаа тайрж байсан тохиолдол бий. Харин 2006 онд Солонгосын 5 иргэн олон улсаар “Докдо солонгосын нэг хэсэг” нэртэй уриа бүхий далбааг тэд дэлхийн 90 гаруй улсаар аялуулжээ.

Нэг хэсэг намжмал байсан энэ асуудал өнгөрөгч наймдугаар сараас дахин хүчээ авч эхэллээ. Үүнийг Хятад-Япон хоёрын газар нутгийн маргаан өдөөсөн ч байж болох талтай. Наймдугаар сарын 20-ны өдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мюн Бак Докдо арал дээр айлчилсан нь тус улсаас энэ арал дээр ирсэн анхны ерөнхийлөгч болгосон юм. Үүнээс хойш “Хөх ордон” ерөнхийлөгчийн засаг захиргааны хүмүүс Докдо арлын тухай асуудлыг дахин хөндөж тавихаар хуулийн төсөл хүртэл боловсруулсан байна. Хэдийгээр Солонгосын тал Докдо арлын тухай асуудлыг Олон улсын шүүхд өгсөн ч энэ асуудлыг авч хэлэлцээгүй юм. Харин Солонгос улсын энэ байдал хуулийн шийдвэр гараагүй байхад үргэлжилсээр байвал Японы тал хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт И Мюн Бак Такешима аралд айлчлахдаа Японы талтай энэ асуудлаар хэлэлцсэн байна.

Ойлгомжгүй Курил

Япон улсад маргаантай байдаг газрууд ганц, хоёроор тогтохгүй. Үүний нэг нь Курилийн арал юм. Энэхүү арал Камчаткын өмнө хэсэгт, Японы Хоккайдо арлын ойролцоо оршидог 15600 километр газар нутаг бөгөөд 19000 хүн амтай гэж 2011 оны судалгаагаар бүртгэгджээ. Орос улс өмнөд хэсгийн 4 арлыг эзэмшдэг бол Япон улс хойд хэсгийн үлдсэн арлуудыг эзэмшдэг байна. Ингэж эзэмших болсон шалтгаан нь дэлхийн хоёрдугаар дайны дараах энхийн хэлэлцээртэй холбоотой юм. Түүх сөхвөл Японы хэсэг хүмүүс 18-19 дүгээр зуунд цагаачилж очиж байсан баримт бий. Харин 1855 онд Орос болон Японы эзэнт гүрэн энхийн хэлэлцээр байгуулсан байдаг. Энэ хэлэлцээрээр өмнөд хэсгийг Японы талд, Хойд хэсгийг Оросын талд эзэмшүүлэхээр тохиролцсон байна.

Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл нийтдээ 17000 япончууд Курилын аралд цагаачилж ирсэн баримт бий. Гэсэн хэдий ч 1949 оноос Курилын аралд ач холбогдол ихээр өгөх болсоноор Курилын аралд ирсэн цагаач Япон иргэдийг хөөх ажлыг системтэйгээр зохион байгуулсан байдаг. Энэхүү асуудлыг 1951 онд Сан Францискогийн энхийн гэрээнд тусгасан ч Зөвлөлт холбоот улс гэрээнд гарын үсэг зураагүй юм. 1956 онд болсон хэлэлцээрийн үеэр хоёр улс тохиролцож үлдсэн хоёр хэсэг арлыг Япон улсад эргүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

Гэтэл энэ асуудал 2000 онд дахин сөхөгдөж Японы иргэд Хоккайдогийн талд байдаг арлуудыг өөрийн улсад эргүүлж өгөх талаар хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна. Харин 2002 онд Орос улс Японы энэ үйлдэлд эгдүүцэж байгаагаа мэдэгдэж, 1956 онд хийсэн гэрээгээ эргэн дэлгэсэн юм. 2004 онд тухайн үеийн Япон улсын ерөнхий сайд Койзуми энэ талаар дахин хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж мэдэгдэж амжив. Энэ үеэр ОХУ өөрийн эзэмшлийн газар нутгийг галт тэрэг болон хучилттай замаар холбох ажлыг эхлүүлж, олон улсын шаардлага хангасан нисэх онгоцны буудлыг ч барьж амжсан байлаа. Гэтэл энэ талаарх асуудал энэ оны долдугаар сараас Японы олон нийтийн цахим сүлжээгээр ээлж дараагаар цацагдах болжээ. Ялангуяа Хятад-Японы хооронд маргаан дэгдэж эхэлснээс хойш энэ мэдээллүүд улам ширүүсч эхэлсэн гэхэд болно. Ямар ч байсан одоогоор засгийн газрын хэмжээнд ярьж эхлээгүй байна. Гэхдээ албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ тухай тусгай хурал зарлан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хуралдсан тухай мэдээлэл ч цацагдаад амжив.

Маргаантай байсан Өмнөд хятадын тэнгист орших дөрвөн хэсэг арлыг Бруней, Малайз, Филипин, Тайвань, Вьетнам улсууд Хятадтай хийсэн гэрээний дагуу 1974 оноос хойш эзэмшиж байна. Ямар ч байсан одоо болтол тэр маргаан дахин дэгдээгүй гэдгийг санах хэрэгтэй.

Ийнхүү Япон улсын газар нутгийн маргаанууд үргэлжилсээр байна. Чухам энэ асуудлыг хэрхэн шийдэж, ямаршуухан үр дүнд хүрэхийг чих даран хүлээх л үлдлээ. Ямар ч байсан энэ асуудал зөвхөн Азийн хэмжээнийх биш гэдэг нь нэгэнт тодорхой болсон.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж