Возняцки “Hansol Korea Open”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Возняцки “Hansol Korea Open”-д түрүүлэв

WTA-ын цувралд багтаж буй “Hansol Korea Open” тэмцээн есдүгээр сарын 17-23-ны хооронд БНСУ-ын Сөүл хотноо боллоо. Тус тэмцээн нь 2004 оноос эхлэн зохиогдож эхэлсэн бөгөөд анхны тэмцээнд ОХУ-ын Мария Шарапова түрүүлж байсан бол АНУ-ын Венус Уильямс (2007), ОХУ-ын Мария Кириленко (2008) нарын шилдгүүд аваргалж байжээ. Харин энэ жилийн тус тэмцээнийг WTA-ын чансаанд 11 дүгээрт бичигдэж буй Данийн Каролина Возняцки тэргүүлэн тоглож, шигшээ тоглолтод Эстонийн теннисчин Кайю Канепиг 6:1, 6:1-ээр буулган авснаар тэргүүлсэн байна. Тус тэмцээний шагналын сан 500 мянган ам.долларт багтаж буй бөгөөд Возняцки 112 мянган ам.доллар хүртэж, чансааны 280 оноо цуглуулжээ.

Мөн өчигдөр (09.23) Японы Токио хотноо 1984 оноос эхтэй “Toray Pan Pacific Open” тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд WTA-ын топ 10 теннисчний ес нь оролцож байна. Энэ жилийн “Уимбльдон”, Лондонгийн олимпийн наадам, “US OPEN”-д дараалан түрүүлээд буй АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс өнжиж байгаа бол бусад шилдгүүдийн хувьд Токиогийн тэмцээнд ирээд байна. Тодруулбал, дэлхийн манлай теннисчин, Беларусийн Виктория Азаренка, энэ жилийн Францын нээлттэй тэмцээний аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, тус тэмцээний 2005, 2009 оны аварга ОХУ-ын Мария Шарапова (2), өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Польшийн Агнешка Радваньска (3) нарын шилдэг теннисчид бүгд ирээд байна.

Тэмцээний аваргууд есдүгээр сарын 29-нд тодорно. Тус тэмцээний түрүүлсэн теннисчин 385 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноо хүртэх ажээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж