УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бразилын парламентын бүлгэмийн дарга Н.Батцэрэг Бразил улсын Элчин сайд Клодоалдо Угенейг өнөөдөр хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, зургаадахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ парламентын бүлгэмүүдээ эмхлээд байгаагийн нэг нь Монгол-Бразилын парламентын бүлгэм гээд парламентаар дамжуулан хоёр орны эдийн засаг, худалдааны өнөөгийн түвшинг ахиулахад илүү анхааран ажиллана. Бразилд уул уурхай, хөдөө аж ахуй өндөр хөгжсөнөөрөө монголчуудад суралцах зүйл ихтэй. Тодруулбал, манайд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буйн зэрэгцээ уламжлалт мал аж ахуй зонхилдог. Газар нутаг хол ч Бразилаас сүүлийн хоёр жилд 4.2 сая ам.долларын уул уурхайн машин механизм авсан байгаа нь монголчуудын сонирхол, хэрэгцээг илэрхийлсэн үзүүлэлт юм гэлээ.
Элчин сайд Клодоалда Угеней, сонгуулийн дараа байгуулагдсан парламентын бүлгэмүүдийн тэргүүнд Монгол-Бразилын парламентын бүлгэм байгуулагдаж, түүнийг туршлагатай улстөрч удирдах болсон нь сайхан мэдээ гээд хоёр орон уул уурхай, хөдөө аж ахуй, спортын салбарт нэн тэргүүнд хамтран ажиллахыг чухалчилж байна гэлээ. Мөн Бразил-Монголын парламентын бүлгийг байгуулах санаачилга Конгресс дээр гараад буйг Элчин сайд мэдэгдээд, ирэх оны тавдугаар сард нээхээр төлөвлөж буй бүлгэмийн нээлтэд Монгол-Бразилын парламентын бүлгийн дарга, гишүүдийг айлчлахыг урив.
Г.ДАРЬ