Газрын албаны дотоод ажлын хуваарийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Газрын албаны дотоод ажлын хуваарийг цуцлав

Засгийн газар өнгөрсөн бямба гаригийн ээлжит хуралдаанаасаа нэгэн чухал шийдвэр гаргасан нь төрийн болон нийслэлийн захиргааны байгууллагын дотоод ажлын цагийн хуваарийг цуцалсан явдал юм. Ингэснээр иргэд долоо хоногийн ажлын аль ч өдөр очсон төрийн үйлчилгээг саадгүй авах боломж бүрдээд байна. Харин дээрх шийдвэр гаргахаас өмнө төрийн үйлчилгээ иргэдэд ямар байдлаар хүрдэг байсныг эргээд нэг саная. Газрынхаа гэрчилгээг хөөцөлдөхөөр болж ажлаасаа чөлөө аван, авто замын их түгжрээн дунд хамаг цагаа үрэн дүүргийнхээ Газрын албанд ирэхэд  “Дотоод ажилтай тул иргэдийг хүлээн авахгүй” гэсэн томоос том зар угтах нь бий. Аль ч дарга даамлын өрөөг татаж учир байдлаа хэлээд нэмэргүй, “Дотоод журмынхаа дагуу бид иргэдэд үйлчлэхгүй” гэдэг үгээр далайлгана. Ингээд ажлаасаа чөлөө авч зүтгэсний нэг өдөр ийнхүү талаар өнгөрдөг байв. Цуцалтгүй ажлынх нь өдөр дахиад чөлөө авч Газрын албандаа хүрнэ,  гэвч ямар нэг бичиг баримт дутуу болж дахиад л очих хэрэг гарна. Ядахад өмнөх өдөр нь дотоод ажилтай гээд иргэдэд үйлчлээгүй тул Газрын албаны өрөө рүү хөл тавихад л түмэн хүн чихэлдээстэй. Тухайлбал, дотоод ажлын хуваарийг цуцлахаас өмнө Баянгол, Сүхбаатар дүүргийн Газрын алба мягмар гаригт, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Газрын алба пүрэв гаригт, Хан-Уул дүүргийн Газрын алба баасан гаригт тус бүр дотоод ажлын хуваарь гэж гаргасан тул иргэдэд үйлчилдэггүй байсан юм.

Мөн Иргэний бүртгэлийн газар мягмар гариг бүрийн 13.00-17.00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй байсан бол Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар лхагва гариг бүрийн 16.00-17.00 цагийн хооронд дотоод ажилтай байсан бол Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд энэ бүхэн цуцлагдаад байна. 

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж