Орос эрчим хүчинд 1 их наяд ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Орос эрчим хүчинд 1 их наяд ам.доллар зарцуулна

Оросын Засгийн газар ирэх сард Лондон хотноо эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг татах ажлын хүрээнд уулзалт зохион байгуулах гэж байна. Орос 2020 он гэхэд эрчим хүчний салбарт нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа юм. Уг хөрөнгийн багагүй хэсгийг тус улс Их Британиас татаж чадна гэж үзэж буй ажээ. Их Британийн тухайд BP компани Оросын эрчим хүчний салбарт аль аль талдаа ашигтай байхуйц хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж үзэж буй юм. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин BP-ын Гүйцэтгэх захирал Боб Дудлейтай энэ талаар өнгөрсөн мягмар гаригт санал солилцжээ.

Энэхүү үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтыг Орос улс газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бусад салбарт 2020 он гэхэд “цуглуулсан” байх ажээ. Дэлхийн арав дахь том эдийн засагтай улс Оросын тухайд өнгөрсөн жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 1.85 их наяд ам.доллар байжээ. Олон улсын эдийн засгийн шинжээчид тус улсын төсвийн дийлэнхийг эрчим хүчний түүхий эд болох газрын тос, нүүрс, байгалийн хийн салбар бүрдүүлж байна гэж шүүмжилдэг.

Гэхдээ Орос улс эрчим хүчний салбараа илүү өөд нь татахын тулд нэг их наяд ам.долларын үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх ажилдаа хэдийнэ идэвхийлэн ороод буй юм. Оросын төрийн өмчийн газрын тосны Роснефть компани энэ жилийн байдлаар АНУ-ын ExxonMobil, Норвегийн Statoil, Италийн Eni зэрэг компаниудтай зуу зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны гэрээ байгуулж амжаад буй юм. Эдгээр гэрээ нь Хойд Туйл болон Хар тэнгис болон бусад хэсгийн эрэг орчмоор хэрэгжүүлэх газрын тосны хайгуул, олборлолтын төслүүдэд хамаарах нарийн технологи, томоохон санхүүжилтийн тохироонууд юм.

Тэгэхээр Оросын төр засаг 2020 он гэхэд эрчим хүчний салбарт зарцуулах үлэмж хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг олох зорилтоо боломжийн хэмжээнд хэрэгжүүлж байна гэж болохоор байгаа юм.

Гэхдээ энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд тус улс газрын тосны татварын системээ шинэчлэх шаардлага тулгарч буй ажээ. Тиймээс цаашид хөрөнгө оруулагчдын хувьд илүү таатай болгох үүднээс Орос улс газрын тосны татварын тогтолцоогоо илүү зөөллөж магадгүй байгаа юм.

Монголын тухайд Оросоос түлшний хэрэглээг бүхэлд нь залгуулдаг гэхэд болно. Орос улс нь сар бүр газрын тосныхоо экспортын татварын хэмжээг шинэчлэн тогтоож буй бөгөөд ирэх сард уг татварын хэмжээ энэ сартай харьцуулахад тонн тутамдаа 25.1 ам.доллараар өсч 418.9 ам.доллар/тонн болж магадгүй байна. Харин бензин түлшний хувьд энэ сарынхтай харьцуулахад тонн тутамдаа 22.6 ам.доллараар нэмэгдэж 377.1 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ. Газрын тос, түлшний экспортын татварын хэмжээ нэмэгдсэн нь сүүлийн сард дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой юм. Сүүлийн сард Оросын Уралс маркийн газрын тосны дундаж үнэлгээ 113.97 ам.доллар/баррель гарсан тухай тус улсын Сангийн яам мэдэгджээ. Өнгөрсөн сард уг үзүүлэлт 108.24 ам.доллар/баррель байжээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж