Энэ тухай Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Г.Алтанцэцэгээс тодрууллаа.
-Нийт 43 ажлын байрыг зарлаад яагаад 28 иргэн ажлаа хүлээж авсан юм бэ. Бүх ажлын байрыг нөхөхгүй байсан юм уу?
-Зарлагдсан ажлын байрнаас 28 нь нөхөгдөж, 15 нь нөхөгдөх боломжгүй байсан. Үүний дөрөв нь ажлын байран дээр өрсөлдөхөөр бүртгэгдээгүй. 11 нь тухайн ажлын байрны шаардлага хангасан ч шалгалтад тэнцээгүй юм. Өөрөөр хэлбэл, нийт 285 иргэн шалгалтад тэнцэж, 28 нь нөхөгдөн, бусад нь ажиллах хүчний нөөцөд бүртгэгдсэн.
-Нөхөгдөөгүй 15 ажлын байрыг яах вэ?
-Холбогдох мэргэжилтнүүд нь зөвлөлдөөд, нөөцөд байгаа ажилтнуудаас зуучилж болохгүй бол дахин нээлттэй зарлана. Ер нь ийм нарийн мэргэжлийн ажлын байранд ажиллах хүчин тасралтгүй хэрэгтэй байдаг юм.
-Ерөнхийдөө ямар ажлын байрын зарыг нээлттэй зарласан бэ?
-Ажлын байрны төрлийн тухайд, Авто замын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн бөгөөд энэ нь ерөнхийдөө нарийн мэргэжил шаардсан албан тушаал байсан. Ажлын байрны шаардлага нь янз бүр. Жишээлбэл, улсын байцаагчийн орон тоонд өрсөлдөх бол улсад таван жил ажилласан байх шаардлага тавьж байгаа.
-Хэзээ зарладаг юм бэ. Хүмүүс хоцорчихдог болохоор их гомдолтой ханддаг?
-Шалгалт авах хугацаа тогтмол биш байдаг. Учир нь нийслэлийн захиргааны байгууллагад хэзээ сул орон тоо гарна, тэр цагт нөөцдөө байгаа боловсон хүчнээс авна. Шаардлага хангахгүй бол нээлттэй ажлын байрыг зарлана. Яаралтай хүний нөөц хэрэг болдог учраас бидний зүгээс цаг алдалгүйгээр ажлын байрны зарыг түгээж, иргэд үндсэндээ ажлын байрны зарыг Төрийн албаны зөвлөлийн сайтнаас харж болох юм.
-Төрийн албанд орсон бол туршилтын байдлаар ажилладаг уу?
-Хөдөлмөрийн хууль ёсоор, төрийн албаны шалгалтаа өгөөд орж ирж байгаа боловсон хүчин нэг жил хүртэлх хугацаанд туршлагын гэрээ байгуулж ажиллах юм. Ингээд боловсон хүчний ажиллаж байгаа харьяа, хэлтэс ажлын байран дээр тэнцэх үү, үгүй юу гэдгийг туршиж үзээд жинхэнэ ажилтан болгодог.