Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Браво, Бангара

Монголын урлагийн зөвлөл энэ жил тохиож буй 10 жилийн ойдоо зориулан нэгэн гайхалтай бэлгийг үзэгчдэд өнгөрсөн амралтын өдөр толилууллаа. Энэ бол Австралийн алдарт “Бангара” бүжгийн хамтлагийн “Амин сүлд” тоглолт юм. Дуурь, бүжгийн эрдмийн театрыг зорин очсон хэн бүхэнд үүднээсээ эхлээд л уг тоглолт өөрийн эрхгүй сонирхол төрүүлж байв. Учир нь үүдний танхим час улаанаар гэрэлтэн, уран бүтээлч Т.Энхболдын “Хөх сэрэхүй” хэмээх нэртэй орон зайн урлагийн гайхалтай бүтээл энэ үдшийн зочдыг угтсан юм. Тэрбээр монгол гэрийн ханыг холбон бөмбөрцөг бүтээжээ. Соёлын өвийн солилцооны хүрээнд австраличууд уугуул омгийн эртний түүхийг бүжгээр дамжуулан дэлгэхээр зэхсэн бол манай уран бүтээлч уламжлалт нүүдэлчин соёл ахуйг таниулахаар уг бүтээлээ толилуулсан байна.

 “Бангара” бүжгийн театр 22 хүний бүрэлдэхүүнтэй Монголд анх удаа зочлон дэлхийд таниулсан бүтээлээ толилуулсан нь энэ юм. Тус театрын уран бүтээлчид дэлхий дээрх хамгийн эртний угшил, гаралтай Австралийн уугуул иргэдийн 40 мянга гаруй жилийн тэртээгээс улбаатай туульс, домог, хөгжим, бүжгийг өдгөө хүртэл орчин үеийн урлагтай хослуулан хүргэдгээрээ онцлог юм.

Яг цагтаа дуурийн театрын хонх жингэнэн тоглолтын хөшиг нээгдлээ. Тайзнаа нам гүмийг эдвэн өвөрмөц аялгуу эгшиглэнэ. Зүүн хойд Архнхэм нугийн “Хөрст газрыг төрүүлсэн эгч дүү хоёрын бүтээхүйн тухай” домгоос сэдэвлэсэн бүжгээр “Амин сүлд” тоглолт эхэллээ. Өнөөх цуурайтан байсан намуухан аяыг эвдэн модон хонх жингэнэн, уугуулчууд дуу авиагаар ямар нэгэн зүйлийг зөгнөх мэт. Омгийн бүсгүйчүүд газар дэлхий, усаар ариусаж буй үйлийг омгийн хамгийн ахмад настай эмэгтэй даган үйлдэх бөгөөд тэд уян налархай, хөдөлгөөнийг гайхамшигтайгаар дэлгэн харуулсан юм. Омгийн бүсгүйчүүд өнөөх бүжгийнхээ дараа аниргүйд уусан одоход тайзнаа бутны ард нуугдсан эрчүүд гарч ирэн эрийн цээнд хүрсэнээ зарлан зосоор гоёж, илдний ид хавыг үзүүлэн бүжнэ. Энэ бүжгийн нэр “Хар”. Харын дараа “цагаан” бүжиг тайзнаа амиллаа. Байгаль бидний орчин дахь нам гүмийг тэд төлөөлнө. Нам гүмийг эвдэн улаанаар галзуурууллаа. Эрэгтэй эмэгтэй хүний нандин учрал нэгэн бүхэл болж буйг энэхүү гайхамшигт хурдтай бүжгээр илэрхийлжээ.

Харин орчин цагийн уугуул эмэгтэйчүүдийг шараар төлөөлүүлсэн нь цаанаа учиртай гэнэ. Байгаль  дэлхийтэй холбогдож буй тэд өнөөх омгийн ахмад эмэгтэйг тойрон бүжсээр одно. Тайзнаа омгийн залуу эрчүүд орчин цагийн жинс, хувцас өмсөн гарч ирнэ. Тэр чигээрээ л биен дээрээ зосоор зураг зурсан эртний хүнийг харна даа гэж бодож байсан төсөөллөөс маань өөрөөр буусан юм. Тэд Австралийн зэрлэг нохой дингогийн аймшиггүй чанарыг шингээн авч буйг ийнхүү дүрсэлжээ. Тоглолтын сонирхолтой хэсгүүдийн нэг бол нөмрөгтэй бүжиг байлаа. Тэд нөмрөг дотроо нүүр царайгаа нуун ямар чадварлаг бүжиглэсэн гээч. Тайзнаа эргэлдэн хуйларч өөр хоорондоо уусан шингэн сарних энэ л бүжиг нутгийн уугуул иргэд клончлон дарангуйлагдах үед тарааж, хаясан эд бараа, бохирдон халдваржсан нөмрөг, хучлагын хор хөнөөл соёлын бэлэгдэл, асуулгыг хэрхэн мохоосныг үзүүлжээ. Түүний дараа нутгийн уугуул эрчүүд бутны инж хэмээх амьтны сүнсийг дуурайж буйгаар эрчүүдийн бүжгийн эрч хүчийг гайхуулсан юм. 

Тайзнаа удган эрвээхэй амилан, мими хэмээх урт мөчид биетнүүд элч болон эх дэлхийд ирж уугуул иргэдэд болох гэж буй үйлийг зөгнөнө. Энэ бол дуудлага байлаа. Орчин цагт нутгийн уугуул байх нь хэцүү бөгөөд төрөлх газар нутаг өв соёлтойгоо буцан холбогдохоор дуудах нь тэдэнд эрч хүчийг өгнө. Эмс хүүхдүүд омгийн настай эмгэний хамт цэнгэг ариун усны бүжиг бүжин биеэ ариусгаж ёслолд бэлдэнэ. Хар хувцаст эрчүүд тайзнаа биеэ ариусгасан эмэгтэйчүүдтэйгээ нэгэн том ёслолд бэлдэнэ. Тэдний үйлдэж буй төгс төгөлдөржлийн зан үйлийг үхэл болоод дахин төрөлтийг тэмдэглэсэн ёслолын төгсгөлд л хийдэг аж. Тайзыг энэ л үдэш эзэгнэсэн Авсралийн бүжигчдийн ур чадварыг тэнд цугласан олон дуу алдан магтаж байлаа. “Амин сүлд” тоглолтын эрч хүч, эмгэнэл, баяр хөөр, уй гашууг бүжигчдийн эрчимлэг хүчтэй үзүүлбэрүүд тайзнаа ийнхүү амиллуулсан юм.

Энэ бүжгээс хамгийн их мэдэрсэн зүйл бол хурд. Тэд бүжгийн гайхалтай хөдөлгөөнүүдийг асар хурдтайгаар чадварлаг гүйцэтгэж байсан нь үзэгчдийн гайхшралыг төрүүлж байлаа. Мөн “Амин сүлд” бүжгийн хөгжмийн өвөрмөц аялгуунууд нь эртний омгийн отог тэдний өв уламжлан ирсэн соёлд өөрийн эрхгүй хөтлөн аваачиж байлаа. Үггүй ч үйл хөдлөл дуу авиагаар илэрхийлэгдсэн бүжгийн хурдтай хэмнэл дор бүтэн цаг гаран саатсан үзэгчид тоглолтын турш алга ташилтаа харамгүй хайрласан юм. 

Гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж