Энэ удаагийн хурлаар Улаанбаатар хот өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал Ж.Баяржаргал, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа цаг уурчдын өгч байгаа мэдээллээс үзэхэд энэ өвөл чамгүй хүйтэн болох магадлал байна. Тийм учраас орон гэрээ дулаалах, өвөлд бэлтгэх ажлыг иргэн, аж ахуйн нэгж бүр анхаарах шаардлагатайг хэлсэн.
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн мах нөөцлөхөөр болсон тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат мэдээллээ. Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг уралдаант сонгон шалгаруулалтаар тодруулахаас гадна төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудад хяналт тавих боломж олгоно гэж Ерөнхий менежер мэдэгдэв. Нөөцийн махны талаар пүрэв гаригт болох Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал дээр дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Холбогдох албаны хүмүүсийн тайлбар, хийсэн судалгаа тооллогоос үзэхэд 12 мянган тонн мах нөөцлөхөд зоорь хангалттай хүрэлцэх юм байна. Нийслэлийн Хөдөө аж ахуйн газраас мах, хүнсний ногоо хадгалах зоорийн нэгдсэн тооллогыг явуулжээ. Нийслэлийн хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээ 144799 тонн бөгөөд тоологод хамрагдсан бүх зоорь энэхүү хэрэгцээний 33 хувийг хадгалах хүчин чадалтай ажээ.