“Орлого нэг их наядаар дутсан нь Тавантолгойтой холбоотой”

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

“Орлого нэг их наядаар дутсан нь Тавантолгойтой холбоотой”

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-УИХ-аас таван хувийн алдагдалтай төсөв баталсан нь сүүлийн өдрүүдэд нэлээд шүүмжлэл дагуулах боллоо. Алдагдлын хэмжээг таваас доош хувиар бууруулах бололцоо үнэндээ байгаагүй юм уу. Ер нь ямар шалтгаануудын улмаас төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөл шаардлага үүссэн юм бэ?

-УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж яамдын бүтэц орон тоог шинэчлэн батлуулсан. Энэ хүрээнд зарим яам, хоёр гурав болж салсан, зарим яамыг шинээр байгуулсан. Тухайлбал, Хөгжлийн яамыг шинээр байгуулсан. Тодруулж хэлбэл, яамдын  бүтцэд өөрчлөлт хийсэн учраас салбаруудын багцийг өөрчлөлтийнх нь дагуу хуваарилах шаардлагатай болсон гэсэн үг л дээ. Тухайлбал, Боловсролын яамны багцаас соёлынхыг салгах, Эрүүл мэндийн сайдын багцаас спортынхыг салгаж өгөх. Хөгжлийн яам шинээр байгуулагдсанаар 2 тэрбум гаруй төгрөгийн шинэ төсөв батлуулах шаардлагатай болсон.

Хоёрдугаарт нэгдсэн төсвийн орлого талд томоохон дутагдал гарсан. Орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан. Орлого ихээхэн хэмжээгээр саатсан нь Тавантолгойн ордтой холбоотой. Уг орд ашиглалтад орсонтой холбоотойгоор 900 гаруй тэрбум төгрөгийг олно гэж тооцоолсон, энэ хүрээнд гарын үсэг зурсны 490 тэрбум, урьдчилгаа төлбөрийн 420 тэрбум төгрөг тус бүр орж ирнэ гэж тооцоолсон байсан ч орлого орох боломжгүй болсон. Нөгөө талаар Европын эдийн засагт хямрал үүссэн, өмнөд хөршид эдийн засгийн өсөлт саарсан зэрэг нь манай экспортод сөргөөр нөлөөсөн. Импортод ч тодорхой сөрөг нөлөө үзүүлсэн. Экспортын тухайд алт, зэс, нүүрсний үнэ унаснаас энэ төрлийн татварын орлого төлөвлөсөн хэмжээнээс буурсан. Жишээлбэл, Тогтворжилтын сангийн орлого 221 тэрбумаар буурсан бол импорт төлөвлөсөн хэмжээнээсээ 1.6 тэрбум доллараар буурах тооцоо гарсан. Итпортын орлого 1.6 тэрбум доллараар Нэмүү өртгийн албан татвар 56 тэрбумаар, Гаалийн албан татвар 26 тэрбумаар гэх мэтчлэнгээр буурсан. Өмч хувьчлалын орлого ч нэлээд буурсан. Тухайлбал, Төрийн банкны өмч хувьчлалын орлогоос 80 тэрбум төгрөг олно гэж тооцоолж байсан ч болсонгүй. Мөн Хүний хөгжлийн сан уул уурхайн үнийн бууралттай холбоотойгоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 40 тэрбум төгрөгөөр буураах тооцоолол гарсан. Тийм учраас 2012 оны төсөвт өөрчлөлт хийх шаардлагатай болсон л доо.

-Төсөвт тодотгол хийх хүрээнд нэмэлт эх үүсвэрийг гаргаж чадсан уу. Ямар ч байсан архи, тамхины ОАТ-ыг нэмсэн. Энэ хүрээнд төсвийн орлого хэр нэмэгдсэн бэ?

-Нэмэгдэж байгаа орлого нь 120 тэрбум төгрөг л дөө. Жишээ нь тамхины ОАТ -ыг нэмэгдүүлснээр 19 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирж байгаа бол Хүн амын орлогын албан татвараар 11 тэрбум төгрөг, ДТ –ний татварыг нэмэгдүүлснээр 30-аад тэрбум төгрөгөөр орлого нэмэгдэнэ. Гэтэл нөгөө талд эх үүсвэр нэг их наяд төгрөгөөр дутаж байгаа. Төсвийг ДНБ-ийн 4.9 орчим хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай батлах нөхцөл ийм шалтгааны улмаас л үүссэн. Тийм учраас 781 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэж тооцоолсон. Энэ нь бонд гаргах, зээл авах замаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон хэрэг л дээ.

-Төсвийн алдагдал хэт өндөр байх нь ямар сөрөг үр дагавар дагуулах вэ?

-Төсөв алдагдалтай байх нь сайн уу, муу юу энэ талаар шүүмжлэл нэлээд өрнөж байна.  Гадаад эдийн засаг муудчихсан үед төсвийнхөө зарлагыг хумих юм бол улсын нийт хэрэглээний 40 гаруй хувийг гаргадаг төсвийн зарлага нь багасахаар хэрэглээ л буурна. Хэрэглээ буурна гэдэг нь компаниудын борлуулалт багасна гэсэн үг. Төсвийн ажилчдын цалин, санхүүжилтийг бууруулах нь эргээд цалинг бууруулна, худалдан авалт ч буурна, Өөрөөр хэлбэл, төсвийн зардлыг хэт хумина гэдэг нь компаниуд хаалгаа барь гэсэн үг. Ялангуяа шинээр бизнесээ эрхэлж байгаа, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бизенс эрхлэгчдийн хувьд маш хүнд дарамт учруулна. Тийм болохоор төсөвт тодотгол хийхдээ аль болох бодит секторынхоо үйл ажиллагааг хумьчихгүй байх талд л анхаарсан. 

-Тендэр нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй хөрөнгө оруулалтыг нэлээд танасан гэх сураг дуулдаж байсан, хэдий хэмжээгээр бууруулсан юм бэ. Энэ чинь эргээд бодит эдийн засгийн салбараа дэмжинэ гэсэн бодлоготой нийцэж чадсан юм уу?

-Хөрөнгө оруулалтыг 300 гаруй тэрбум төгрөгөөр танасан. Хэдийгээр эндээс эх үүсвэрийн хэмнэлт гарч байгаа мэт харагдах ч цаагуураа барилгын салбар, барилгын материал, хөрөнгө оруулалт чиглэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа компаниудад их хүнд цохилт л доо. Тэдний орлого 370 тэрбум төгрөгөөр буурна гэсэн үг. Тийм учраас хямралын үед компаниудаа авч үлдэх ёстой. Компаниудын хаалгыг бариулаад байвал ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ. Тэр хэрээр нэг өрхийн 2-3 хүний амьдрал хүнд болно. Бид төсвийг тодотгохдоо төсвийн зардлыг таван хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьсан нь эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж аль болох компаниудынхаа орлогыг бууруулахгүй байж, ажлын байрыг хадгалж үлдье л гэсэн зорилго байсан л даа. Ганц Монгол Улс  төсвөө алдагдалтай батлаад байгаа юм биш, АНУ ч төсвөө асар өндөр алдагдалтай баталж байна. Яагаад гэвэл хямралын үед компаниудаа сүйрүүлчихгүйн тулд ийм арга хэмжээ авч байна. Хэрэглээг нь борлуулалтыг нь өндөр байлгахын тулд авч буй арга хэмжээ юм шүү дээ.

-Та дээр төсвийн цоорхойг нөхөх эх үүсвэрийг Засгийн газар бонд гаргах, гадаад зах зээлээс зээл авах замаар олно гэж хэлсэн. Гэхдээ Засгийн газрын гаргасан бондыг худалдан авах худалдагч олдохгүй бол яах вэ. Дээр нь зээл өгөх газар олдохгүй болбол яах вэ, эргүүлээд зээлээ яаж төлөх вэ гээд маш олон асуулт гарч ирж байгаа л даа, төсвийн алдагдал өндөр үед?

-Төсвийн алдагдал өндөр байлаа гээд зээлээр санхүүжүүлнэ гэдгээс айж болохгүй. Бидний хувьд зээлээ эргүүлээд төлөх эдийн засгийн потенциаль сайтай болсныг санах хэрэгтэй. Бидний зээлжих зэрэглэл өндөр болсон учраас хаанаас ч бид мөнгө босгох бололцоотой. Тийм учраас эдийн засгийн хэрэглээгээ өндөр байлгаж компаниудаа авч үлдэх ёстой. Зээлээ ирээдүйд олох орлогоороо төлж болно. Гол анхаарах асуудал нь хийж байгаа хөрөнгө оруулалт нь бүтээмж бий болгодог, баялаг бий болгодог, мөнгө бий болгодог чиглэлд зарцуулагдах ёстой. Энэ ч чиглэлээр алхам хийж Хөгжлийн яам байгуулсан. Эдийн засгаа урьдчилж төлөвлөөд бодлогоо гаргаад санхүүжилтээ хийгээд явах юм.  Монгол Улсын эдийн засгийг 2000 онтой харьцуулахад одоо 17 хувиар өсчихсөн байна. Тэгэхээр тухайн үеийнх шиг царцаая, хөлдөөе гэдэг бодлого барих юм бол бид хөгжихгүй. Ирээдүйд эдийн засгийн бололцоо байгаа энэ үед хөгжлөө тогтвортой хадгалаад дараагийнхаа хөгжил рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Тийм агуулгаар төсвийн тодотголыг хийсэн. 2013 оны төсвийг ч ийм байдлаар төлөвлөнө. 

-Татварын орлогын биелэлт маш тааруу дүн мэдээ дуулгах боллоо. Энэ нь ирэх онд ч төсвийн алдагдал өндөр байх магадлалыг өндөрсгөж байгаа. Ийм үед зээлжих зэрэглэл буурч мэдэх юм биш үү?

-Төсвийн алдагдал өндөр байхад гадныхан зээл өгөхгүй, эх үүсвэргүй болчихно гэж болгоомжилж байна. Бидний эдийн засгийн бололцоо ирээдүйд олох орлого сайн болчихсон, гадны хөрөнгө оруулалттай харилцан ашигтай байх бодлогоо хуулийн хүрээнд тодорхой байлгавал хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй нь Монгол Улс. Төрийн бодлогоо бид гаргаж чадахгүй байна. Эдийн засгийн боломжийг зөв ашигладаг, зөв зарцуулдаг, хүндээ бэлнээр тараадаг байдлаа өөрчлөөд явбал Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөрөг нөлөө гарахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бидний ирээдүйд олох орлого тодорхой байгаа. Ирээдүйгээс олох орлогын хэмжээгээрээ дэлхийн 10-т жагсаж байна Монгол Улс. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр анхаарах зүйл бий, өнгөрсөн наймдугаар сарын гүйцэтгэлээр төсвийн орлогын биелэлт 71 хувьтай л явна лээ. Зарлага санхүүжилт мөн энэ хэмжээгээр дутагдалтай, ялангуяа хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 45 хувьтай байна. Татварын орлогын гүйцэтгэлийг харахад наймдугаар сард 470 аад тэрбум төгрөг орох ёстой ч энэ хэмжээгээр дутагдалтай явж байгаа харагдсан. Манай компаниудад нэг дутагдал бий. Тэр нь бизнесийн салбарууд маань гол төлөв улирлын чанартай, зуны улиралд их ажил хийдэг, энэ үеэрээ мөнгөө эргэлдүүлж байгаад оны эцэст татвараа төлдөг практик бий л дээ. Тийм учраас одоогийн төлөвлөсөн хэмжээний орлого орчих байх, орох боломжгүй гэсэн орлогыг сая төсөвт тодотгол хийх хүрээнд хассан. Нэг их айхтар дутагдал төсөв дээр гарахгүй. Харин Хүний хөгжил сангийн бондын асуудал 300 гаруй тэрбум төгрөгийг шийдэж чадахгүй үлдээсэн. Хүний хөгжил санд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор, батлагдаагүй. Энэ асуудлыг шийдэх шаардлага тулгарч болзошгүй. Хүний хөгжил санд уул уурхайгаас орж ирж байгаа төлөвлөсөн зэс, алт, нүүрсний үнэ буурахаар тэр хэмжээгээр орлогын эх үүсвэрийн дутагдалд орж байгаа. Жишээлбэл, бид 31 сая тонн нүүр экспортолно гэж байсан ч 22 сая тонныг экспортлохоор болж байгаа. Өөрөөр хэлбэл есөн сая тонн нүүрс экспортлох боломжгүйгээс болж тэр хэрээр орлого багассан. Энийг бонд гаргаж нөхнө гэж Хүний хөгжил санд оруулсан нь батлагдалгүй хүлээгдэж байна.

Тэгэхдээ энэ оны наймдугаар сарын гүйцэтгэлийг өмнөх онтой харьцуулахад 300 гаруй тэрбумаар орлого давж биелэсэн байгаа. Тэгэхээр эдийн засаг бүр зогсчихоогүй байгаа болохоор гэнэтийн өөрчлөлт нэг их гарчихгүй болов уу л гэж харж байна даа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж