Хятадын талаас өнгөрсөн долоо хоногт шилдэг бадминтончдоо Японы нээлттэй тэмцээнд оролцуулахаас татгалзсан юм. Мөн Японы дугуйчдыг нутагтаа болсон тэмцээнээс хассан гээд спортын салбарт бойкотлох байдал гарч эхлээд байгаа юм. Газрын тос, эрдэс баялаг ихтэй, загасчлалын аж ахуйд нэн тохиромжтой арлыг өөрсдийн эзэмшлийнх хэмээн үзэж, газрын маргаанаас үүдсэн хоёр орны маргаан улам даамжирч, Япон, Хятад улсууд тус аралд цэргээ хэдийнэ оруулаад байгаа. Гэсэн ч улс төрийн энэ сөргөлдөөнийг үл ажран дэлхийн чансаанд наймдугаарт эрэмбэлэгдсэн теннисчин Ли На Токиод очиж, тоглох гэнэ. Тэрбээр “Миний гол зорилго, хүсэл тэмүүлэх бол аварга болох. Надад хангалттай хугацаа үлдээгүй учир зодог тайлахаасаа өмнө шаргуу хөдөлмөрлөхийг хүсч байна” хэмээжээ.
Сэтгүүлчид түүнээс хоёр орны харилцааны талаар асуухад хариулахаас татгалзсан байна. Ли Нагаас гадна Хятадын өөр хоёр теннисчин тус тэмцээнд оролцохоо мэдэгджээ.