”Хуучир хөгжмөө үгүйлдэг”

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

”Хуучир хөгжмөө үгүйлдэг”

СУИС-ийн хуучир хөгжмийн багш, ҮДБЭЧ-ын хөгжимчин,  соёлын тэргүүний ажилтан Ж.Цэнгэлмаатай ярилцлаа.

-Хуучир хөгжимтэй холбогдсон түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Би 1971 онд Дундговь  аймагт дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Хөгжим бүжгийн коллежид  орохоор ирсэн. Сургууль дээрээ очоод шалгалт өгөхөд багш нар надаас  “Чи ямар хөгжимд дуртай вэ” гэж асуухад би хийл хөгжимд дуртай болохоор энэ ангид л орно гэж зүтгэсэн. Яагаад гэвэл манай хамаатны охин тус сургуульд хийлийн ангид сурдаг байсан юм. Тэр охин намайг хийл хөгжимд дурлуулсан. Хийл хөгжмийн ангид ороход гавьяат жүжигчин Дашдулам багш маань “Нас чинь хэтэрсэн. Тиймээс чи үндэсний хөгжмийн ангид орвол ямар вэ. Чи хийл хөгжимд тийм их дуртай юм бол хуучир хөгжмийн ангид орж болно. Хуучир Үндэсний их найралд  хийлийн үүргийг гүйцэтгэдэг гоё хөгжим” гэж зөвлөсөн. Ингээд л багшийнхаа зөвлөсний дагуу хуучир хөгжмийн ангид орж энэ хөгжимтэй хувь заяагаа холбосон доо.

-Сургуулиа төгсөөд ҮДБЭЧ-д хуучирчнаар орсон уу?

-Үгүй. Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд ЗХУ-ын Алматы хотод хуучирчнаар суралцсан. 1986 онд төгсч Хөгжим бүжгийн коллежид хуучрын багшаар ажилласан. Удалгүй Соёлын яамны томилолтоор баруун таван аймгийн хүүхдүүдэд үндэсний хөгжим заахаар Завхан аймгийг зорьж байлаа. Завхан аймагт уран сайхны удирдаачаар хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж байсан.  Ингээд 1995 оноос ҮДБЭЧ-т хөгжимчнөөр, СУИС-д багшаар ажиллаж байна. Миний хувьд сайн багш байхын тулд сайн хөгжимчин байх хэрэгтэй гэж үздэг болохоор давхар ажилладаг юм.

-Хуучир хөгжмөөр ямар аялгуу, дууг тоглоход таатай байдаг вэ?

-Хуучир хөгжмөөр ардын дууг тоглоход таатай байдаг. Үг нь аргадаж, ая нь зэмлээд ч байгаа юм шиг сайхан сонсогддог юм. Үнэхээр сайхан аялгуутай чадалтай хөгжим.

-Хуучир үндэсний ямар хөгжимтэй хоршдог юм бол?

 -Үндэсний их найралд хуучир хөгжим хамгийн гол аялгууг тоглож, чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн гоцлол хөгжим тоглоход морин хууртай илүү хоршдог. Энэ хоршил нь хүний сэтгэлд гүн гүнзгий хүрч чаддаг юм.

-Та хуучир хөгжмөө юутай зүйрлэдэг вэ?

-Ухаантай, гоо үзэсгэлэнтэй, уян сэтгэлтэй эмэгтэй хүнтэй зүйрлэх дуртай.

-Ямар зохиол тоглох дуртай вэ?

-Чойдагийн “Шарилжан дундах цэцэг” бүжгэн жүжгийн аялгууг тоглох дуртай. Энэ бүжгэн жүжигт хайр сэтгэлийг харуулдаг. Энэ аялгууг морин хуур, хуучраар тоглодог юм. Уг аялгууг сонссон хүн хуучир хөгжмийг ямар гайхалтай хөгжим бэ гэж өөрийн эрхгүй бодно. Хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж чадсан тийм л сайхан аялгуу байдаг юм. Мөн Мэнд-Амарын “Аялгуу” байна. Энэ зохиолыг зөвхөн хуучир хөгжмөөр  тоглоход л бүрэн утга санаа нь илэрхийлэгддэг. Зарим хүмүүс “Аялгуу”-г өөр хөгжмөөр тоглоход хүлээн авч чаддаггүй. Учир нь хуучир хөгжим л хүний сэтгэлд хоногштол тоглож чадна.

-Сэтгэлд хамгийн ойр санагддаг зохиол юу вэ?

-Хөгжим бүжгийн сургуульд байхдаа Чойдагийн “Адажо” зохиолыг тоглодог байлаа. Энэ зохиолыг тоглож олон ч уралдаанд оролцсон.  Сургуулийн багш нар маань намайг “Адажо  Цэнгэлмаа” ч гэж дууддаг байлаа. “Адажо” зохиолыг одоо ч тоглох дуртай. Сэтгэлд хамгийн ойр байдаг юм.

-Энэ олон жилийн хугацаанд хуучир хөгжмөө тоглохоо болиод өөр ажил хийе гэсэн бодол төрж байв уу?

-Үндэсний хөгжимчдийн анхдугаар уралдаан 1978 онд болоход би хуучир хөгжмөөрөө оролцоод дөрөвдүгээр байр эзэлж байсан юм. Тэгэхэд Л.Мөрдорж, Б.Дамдаинсүрэн багш маань “Чи их сайхан өнгөтэй юм. Хуучир хөгжмөө битгий орхиорой. Миний хүү л хуучир хөгжмийг авч явах юм шүү” гэж хэлж байсан. Гэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Надад сургуулийн эрхлэгч болох санал ирж байсан. Хуучир хөгжмөө болиод нэр хүндээ өсгөх эсвэл амьдралаа бодоод дарга болдог ч юм бил үү гэж бодогдох үе олон байсан. Хөгжмөө орхиж үзсэн. Гэтэл долоо хоноод хөгжмөө санаад, үгүйлээд эхэлсэн. Нэг ёсондоо урлаг тэр дундаа хуучир хөгжим минь надад хар тамхи шиг үгүйлэгдэж байсан. Ингээд  Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн багш нарынхаа захиасыг биелүүлэхээр өнөөдрийг хүртэл урлагтаа үнэнч явж байна даа.

-Хар тамхи шиг үгүйлэгддэг гэхээр та хөгжимдөө үнэн сэтгэлээсээ дурлажээ?

-Тийм шүү. Ер нь урлаг бол хүнийг өөртөө татаж, дурлуулж чаддаг сайхан энергитэй зүйл шүү дээ. Урлагийн хүмүүсийг хөгширдөггүй гэж ярьдаг нь ч үүнтэй холбоотой байх. Хөгжимчин хүн хөгжмөө тоглох нь бясалгал хийхтэй адил. Хүнд урлагийн ариун сайхан бүхнийг хүргэхийн тулд хөгжимчний сэтгэл өөрөө ариун байх ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол хүнд хөгжим нь хүрч сонсогдохгүй.

-Хуучир хөгжмийг нэн эртний түүх, домгоос сонирхуулахгүй юу?

-Хуучир хөгжмийг эртний Хүннү улсын үед хүн-хуур гэж нэрлэдэг байсан. XIII зуунд Хубилай хааны үед 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Төрийн их найрал үүсгэсэн гэдэг юм билээ. Тэр үед 50 гаруй хуучирчин байсан гэж номонд бичсэн байдаг юм. Одоо хуучир хөгжмийг БНХАУ-д улсад хийж байна. Хуучир хөгжмийн дуугаралт Хятадын үндэсний зарим хөгжмийн дуугаралттай ойролцоо болохоор тус улсын  үндэсний хөгжим гэх нь бий. Гэхдээ Юань улсын сударт хуучир хөгжмийг Хүннү улсын хөгжим гэж тэмдэглэсэн байдаг юм. Тэр сударт “Хүннүчүүд хуучир хөгжмөө чахруулан дуугаргаж эмэгтэйчүүд нь чоно шиг улихад хүний нулимс гойжмой” гэж бичсэн байдаг. Тэгэхээр хуучир хөгжим Хүннү улсын үед үүссэн Монголчуудын хамгийн эртний хөгжим юм. Хүннү улсын үед хуучир хөгжим нэг утастай байсан. Одоо нэг утастай хуучир Энэтхэгт  байдаг. Үүнийг өнөөгийн хүүхэд залуус тэр бүр мэддэггүй. Миний бодлоор хуучир хөгжмийг хүн-хуур гэж нэрлэмээр санагддаг юм. Хуучир гэдэг нэрийг хятадууд өгсөн юм шүү дээ.

-ҮДБЭЧ-тай хэрхэн холбогдсон   бэ?

-Завхан аймгаас ирээд 1995 онд ҮДБЭЧ-т хөгжимчнөөр орж байсан. Тухайн үед уран сайхны удирдагчаар Буянбаатар гуай ажиллаж байсан. Босго өндөртэй улсынхаа нэр хүндтэй байгууллагад ажилд орохын тулд шалгалт өгөөд тэнцэж байлаа. Тэр цагаас хойш одоог хүртэл хуучирчнаар ажиллаж байна.

-Тайзан дээр тоглоход юуг мэдэрдэг вэ?

-Би түрүүн хэлсэн шүү дээ. Хөгжимчин хүний сэтгэл ариун байж хөгжмөө тоглох ёстой. Хэрвээ сэтгэлээ ариун байлгаж чадахгүй бол тоглож байгаа хөгжим хүний сэтгэлд хүрдэггүй. Тайзан дээр сэтгэлээ ариун байлгасны үр дүнд үзэгчдэд хуучир хөгжмийн сайхныг мэдрүүлдэгтээ жаргалтай байдаг. Хуучраар тоглоход үзэгчид алгаа тасралтгүй ташдаг. Тэгэхээр хүний сэтгэлд хүрч чадаж байгаагийн шинж юм болов уу гэж урамшдаг.

-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Марал-Эрдэнэ
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж