Дэлхийн аваргын 14 дэх гараанд “Макларен” багийн Льюис Хэмилтон тэргүүн эгнээнээс гарч уралджээ. Гараан дээр том осол болоогүй ч хэд хэдэн машин шүргэлцээд амжсан. Тиймээс “Феррари”-гийн Фелипе Масса нэг их удалгүй пит-стоп хийсэн байна. Харин 15 дахь тойрогт Хэмилтоны хурдны хайрцаг эвдэрч, замаа дуусгахад хүрсэн байна. Энэ үеэр инженер нь өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг өмнөх өдөр нь бүгдийг хийсэн болохыг хэлж байлаа. Харамсалтай нь хурдны хайрцгийг сольж, таван байр ухрах шийтгэл хүлээхийг хүсээгүй нь алдаа болжээ. Ингэснээр Феттел уралдааныг тэргүүлж эхэлсэн ч эхний аюулгүйн машин гарч ирсний дараагаар Баттон түүнтэй ойртож амжжээ. Таван тойргийн дараа аюулгүй машин буусан ч ямар нэгэн өөрчлөлтийг дараалалд авчирсангүй. Тун удалгүй аюулгүйн машин дахин гарч ирэх шаардлагатай болсон. “Торро Россо” багийн Жан Эрик Верн, Михайл Шумахер нар хүчтэй мөргөлдсөний улмаас замд аюултай байдал үүссэн байна. Хоёр удаа аюулгүйн машин гарсан учраас уралдааны хоёр цагийн хязгаарыг давж, улмаар бариаг хоёр тойргийн өмнө хийхээс өөр аргагүй болсон. Себастьян Феттел энэ улирлын хоёрдахь түрүүгээ шөнийн уралдаанаа авлаа. Түүнээс 8,9 секундын дараагаар Женсон Баттон, Фернандо Алонсо нар нар орж ирсэн байна. “Форс Индия” багийн Пол ди Реста карьерынхаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж, Нико Росбергийн өмнө дөрөвт хурдалжээ. Ингэснээр Феттел Бахрайнаас хойших анхны түрүүгээ авч байгаа бөгөөд энэ нь 2009 онд “Рэд Бүлл”-д орсноосоо хойших ялалт байгуулагүй хамгийн урт цуврал болсон байна. Энэ уралдааныг “Формула нэг”-ийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Сидней Уаткинсын дурсгалыг хүндэтгэн явуулсан юм. 26 жилийг “Формула нэг”-т зориулсан Сидней Уаткинс өнгөрсөн долоо хоногт нас барсан байна. Сингапурын гран-пигийн үр дүн тэргүүлэгчид өөрчлөлт авчирсангүй. Алонсо 29 оноогоор тэргүүлж, Феттел, Райкконэн нар удаалж байна.
ДАШТ өндөрлөхөд зургаан уралдаан үлдлээ. Дараагийн гараа аравдугаар сарын 7-нд Японы Сузука авто тойргуулгад болно.