Афганистаны албаныхан Пакистаны бүх сонин, хэвлэлийг Талибаны дайчдад тусламж, дэмжлэг үзүүлж байна гэсэн үндэслэлээр тус улсад оруулж ирэхийг хориглосон байна. Энэ талаар Афганистаны Дотоод хэргийн сайд мэдэгдэхдээ “Пакистаны сонинууд бодит үнэн дээр суурилсан мэдээлэл бичдэггүй, Талибан зэвсэгт бүлэглэлийг дэмжсэн суртал ухуулга явуулдаг” гэжээ. Дээрх хоригийн хүрээнд Афганистаны албаныхан хоёр орны хөл хөдөлгөөн ихтэй Торкхам хилийн хяналтаа чангатган, Пакистаны сонин, хэвлэл орж ирэхээс сэргийлэх юм байна. Мөн Пакистантай хиллэдэг Кунар, Нуристан, Нангархар зэрэг мужуудад ч тус улсын сонин хэвлэлүүдийг оруулахгүй байх арга хэмжээ авах аж. Харин ажиглагчдын үзэж буйгаар дээрх шийдвэр нь хоёр орны хоорондох хүйтэн харилцааг улам нэмэгдүүлэх гэнэ. Сүүлийн үед Пакистаны талибанчууд Афганистаны шаардлагын дагуу тус улсын хилийн Кунар муж руу дайралт хийхээ багасган, бөмбөгдөлтөө бага багаар багасгасаар байгаа юм. Өнөөгийн байдлаар Афганистаны Кунар мужид бөмбөгдөлтийн улмаас 4000 орчим хүн орох оронгүй болж, олон тооны энгийн иргэд амь үрэгджээ.
Б.Анхтуяа