Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дундах даамын “ЕБС-ийн цом 2012” багийн УАШТ “Хос мастер” шатрын клубын байранд есдүгээр сарын 21-23-ны хооронд боллоо. Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, “Дацан Трейд” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд 7-16 насны (эрэгтэй 3, эмэгтэй 3) сурагчид баг болон өөрийн сургуулиа төлөөлөн оролцлоо. Тус тэмцээн өмнөх жилүүдэд ганцаарчилсан төрлөөр явагддаг байсан бол энэ жилээс эхлэн багийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Ирэх жилээс тус тэмцээн олон улсын хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд одоогоор Голландын сургууль, ОХУ-ын Саха, Якуткс болон БНСУ, БНХАУ, Өвөрмонголын дунд сургуулийн баг тамирчид оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна.
Тус тэмцээнд нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймаг зэрэг 17 байгууллагын 102 өсвөрийн шилдэг даамчид оролцлоо.
“ЕБС-ийн цом-2012” багийн УАШТ-ий шилжин явах цомын анхны аваргаар Дорноговь аймгийн нэгдүгээр сургуулийн баг тамирчид 13 оноогоор тэргүүлсэн байна.
Тэмцээний дүнг танилцуулбал:
- Дорноговь аймгийн I сургуулийн баг
- УБ хотын Шавь цогцолбор сургуулийн 1-р баг
- УБ хотын Шавь цогцолбор сургуулийн 3-р баг
- Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сумын 1-р баг
- Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуулийн 1-р баг
- Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн ЦС-ийн 1-р баг
- ЧД 39-р сургууль
- Өмнөговь аймгийн 1-р сургууль
- СБД, 1-р сургуулийн 1-р баг
- Дорноговь аймгийн II сургууль
Хувийн дүнгийн аваргуудыг танилцуулбал:
- 7-10 нас охид Б.Мөнхзаяа (БЗД, Шавь цогцолбор сургууль), хөвгүүд Л.Билэгсайхан (Хөвсгөлийн Рашаант сум)
- 11-13 нас: охид Г.Хэрлэнмөрөн (БЗД, Шавь цогцолбор), хөвгүүд Э.Самданцоодол (Өмнөговь аймаг, 1-р сургууль)
- 14-16 нас: охид М.Нямжаргал (СБД, 1-р сургууль), хөвгүүд Ц.Отгонбилэг (БГД, Эхлэл сургууль)
Дашрамд дуулгахад, Монголын даамын холбооны энэ оны сүүлийн тэмцээнүүд түргэн тоглолтын УАШТ-ын финалын тэмцээн (10.19-21), Ж.Нямдоржийн нэрэмжит ахмад даамчдын УАШТ-ээр (10.26-29) өндөрлөх юм байна.
Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР