Ажилгүйдлийн тэтгэмж ажилгүй байхыг дэмждэг

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Ажилгүйдлийн тэтгэмж ажилгүй байхыг дэмждэг

Ажилгүй болсон хүмүүст Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгодог. Энэ тэтгэмж нэг талаас ажил­гүйдлийн улмаас нийгэмд үүсэх сөрөг үр дагаврыг бууруулах ач холбогдолтой ч  нөгөө талаас ажилгүй байхыг дэмжиж, өөгшүүлж буй. Нэгэнт тэтгэмж авч буй ажилгүйчүүд ажилтай болох гэж хичээдэггүй. Ажил эрж, хайх идэвх нь ч сулардаг. Ажилд орох сонирхолгүй болдог нь тэтгэмж авчихаад зүгээр сууж байя гэсэндээ бус “Чи тэтгэмж авч байгаа юм чинь ажил хийж болохгүй” гэсэн шаардлагыг төрөөс хүчээр тулгадагтай холбоотой. Ийнхүү ажилгүйдлийн гэх нэртэй энэ тэтгэмж шууд бус утгаараа ажилгүй байхыг дэмжчихэж байгаа юм. Дунджаар сард Нийслэлийн нэг дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан Нийгмийн даатгалын сангаас 200 гаруй хүн тэтгэмж авдаг гэсэн судалгаа байх юм билээ. Энэ тоог улсын хэмжээнд тооцож үзвэл чамгүй их болно. Уг нь шударга ёс талаасаа бол тухайн хүн нэгэнт ажилгүй болсон юм чинь төрөөс авах ёстой тэтгэмжээ ч авдаг, шинээр ажилд орох боломж нь ч хязгаарлагддаггүй байвал хэн хэндээ хэрэгтэй санагдана. Ажилгүйдлийн тэтгэмжийг хүссэн хүн бүр авдаггүй. Нэлээд өндөр шалгуурыг давж байж тэтгэмж авах эрх үүснэ. Товчхоноор хэлэхэд ухаан жолоогүй ажиллаж, ажиллаж хэдэн сар ясаа амраая гэвэл тэтгэмж авах боломжийг ашиглаж болно. Гэхдээ ясаа амраая гээд ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдчихвөл хуулийн дагуу тэтгэмж авах эрхгүй. Хуульд зааснаар 24 сарын хугацаанд /хоёр жил/ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, тэгэхдээ сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрхтэй. Гэхдээ энэ шалгуурыг хангаж байгаа хүн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, орон тооны цомхтголоор ажилгүй болсон хүн энэ тэтгэмжийг авна. Анзаараад байхад ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн дийлэнх нь “Өөрийн хүсэлтээр” гэсэн өргөдөл гаргасан байдаг. Аль нэг байгууллагын даргаар томилогдож очсон дарга даамлууд “Өөрийнхөө хүсэлтээр ажлаа өг” гээд тулгачихдаг болохоор хүсэлтээрээ чөлөөлөгдөхөөс өөр арга тэр хүмүүст байхгүй. Тиймээс хүсэлтээрээ чөлөөлөгдсөн хүн насаараа улсад ажиллаж, шимтгэл төлсөн байлаа ч тэтгэмж авах эрхгүй.  Ажилгүйдлийн тэтгэмжийг тойрсон энэ мэт шударга бус үзэгдэл олон бий. Дээр дурдсанчлан байнга ажилтай байгаад, төлөх ёстой шимтгэлээ төлөөд явж байсан хүн гэнэт ажилгүй болчихвол тухайн хүнд өгөх ёстой тэтгэмжийг төр засаг элдэв маяггүйгээр өгчихдөг байвал сайнсан. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсноос хойш ажлын 76 өдөрт багтаан олгодог. Ажлын 76 өдөр гэдэг нь бараг хагас жил гэсэн үг. Хэдхэн төгрөгийн тэтгэмж авах гэж тэр хүн хагас жил ажилгүй явах уу, эсвэл өмнө нь ажиллаж, шимтгэл төлж байсныхаа ач тусыг хүртээд шимтгэлээ ч авдаг, дараагийн ажлаа ч хугацаа алдалгүй олж хийдэг байх уу. Аль нь зөв гарц вэ гэдгийг хууль санаачлагч ухаант түшээд тунгааж үзээд,  нэг тийш болгоосой. Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүмүүстэй уулзаж, санал бодлыг нь сонирхоод цөөхөн хэсэг нь “Ийм гоё юм байдаг гэж үү” хэмээн талархалтайгаар хүлээж авч байсан бол бараг 90 хувь нь “Тэтгэмж авч байх хугацаанд ажилд орж болохгүй гэдэг нь ардчилсан нийгэмд байж боломгүй утгагүй шаардлага. Нэгэнт тэр хүн өчнөөн олон жил улсад хөдөлмөрлөж, тэр хэрээр төлөх ёстой татвар, шимтгэлийг төлсөн нь үнэн бол тэтгэмж гээч хэдэн төгрөг өгөхдөө тэтгэмжийн хугацаанд ажилгүй байхыг шаардаж, давхар давхар элдэв дарамтад оруулмааргүй юм” хэмээж байлаа. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авдаг нэгэн залуу бүр “Муухай дээрэмчид юм даа” хэмээн гайхширч суусан. Түүний яриагаар бол тэтгэмж авч байх хугацаанд ажилд орохыг хориглодог нь байж боломгүй үзэгдэл гэсэн. Тэтгэмж авчихаад ажилгүй суугаад байхыг хүсэх нэгэн байхад “Хуульд заасан хугацаагаар тэтгэмжээ ч авъя. Дараагийн ажлаа ч олж хийе” гэсэн хүмүүс бүр олон байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсон хүн нэг удаа аваад зогсохгүй, хэрвээ ажилгүй байгаад байвал дахин авч болдог. “Тэтгэмж ав, тэгээд ажил хийж болохгүй” гэх энэ  шаардлага ажилгүйдлийг дэмжиж байгаатай агаар нэг болж байна. 

Ц.ЭРДЭНЭ

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж