”Зөв улс нийлээд шинэ нам байгуулж яагаад болохгүй гэж”

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

”Зөв улс нийлээд шинэ нам байгуулж яагаад болохгүй гэж”

”Зөв улс нийлээд шинэ нам байгуулж яагаад болохгүй гэж”
2008-2012 оны парламентын цорын ганц бие даагч гишүүн асан З.Алтайтай уулзан ярилцлаа. MN-25 дугаар суваг телевиздээ зөвлөх хийж байгаа экс гишүүн өнөөгийн парламентад байх ёстой хүн ч байна, өмнөөс нь ичмээр ч хүмүүс байна хэмээж суусан.

-Өнгөрсөн сонгуулиар тахимаа өгсөн хүмүүс голдуу амарч байх шиг байна. Та телевизийнхээ ажилд орчихож. Дөрвөн жилийн стресс ядаргаагаа тайлахгүй яагаа вэ?
-Би зун сайхан амарсан.Хөдөө гадаа явлаа, байгалийн сайханд таашаал их авлаа. Бас ард түмэнтэйгээ уулзаж амьдрал ахуйг нь давхар харж явлаа. Тэгээд ерөнхийдөө амрах цаг хугацаа гэж байхад дуусах хугацаа гэж байх ёстой. Одоо бол телевиздээ зөвлөх маягийн ажил хийж байна. Ер нь бол залуучуудад энэ телевизийн ажлыг өгөөд итгэл үзүүлээд, ачаа үүрүүлээд явъя гэж бодож байгаа. Би л чадна, би үүсгэн байгуулсан гээд буг чөтгөр болоод хүн амьтан загнаад, муухай сайхан хараад суумааргүй байна. Ийм байдлаас хаа хаанаа салмаар байна. Надаас өөр хүн чадахгүй, надаас өөр хүн барахгүй гэсэн сэтгэлгээг болих ёстой шүү дээ, тийм ээ. Энэ миний хувийн үзэл бодол боловч улстөрчид ч тийм байгаасай. Манай парламентын одоогийн байгаа бүтэц бүрэлдэхүүнийг харахаар нөгөө хэдэн аварга, арслан, партизанууд. Яасан ч залхдаггүй юм, яасан ч уйддаггүй юм, өөр хийх ажил байдаггүй юм уу. Ёстой нээрээ тэтгэвэртээ гартлаа новширно гэдэг шиг юм болж байна шүү дээ.

-Та тэтгэвэрт гарахад арай эрт байгаа юм биш үү. Та одоо яг ер нь юу хийх вэ?
-Телевизийн зөвлөх гэдэг ажил үргэлж өдөр тутмын ажилд нь ороод байлгүйгээр ерөнхий дүн ноён нурууг нь авч явах, бас нэг программын бодлого сүлжээ элдэв юманд нь хэрэг гарвал оролцох юм. Би бас хөгширчихөөгүй байна. Тэгээд ч оюун ухаан, уран бүтээлийн ажил гэдэг насны хязгаар заадаггүй шүү дээ. Сэтгэж, ургуулан бодож чадаж л байвал чи энд яваад байвал яваад л байдаг ийм л ажил. Өөрийгөө хөгжүүлэхгүй, боловсруулахгүй, мэдээ мэдээлэл авахгүй, өөрийн болгож үзэл бодолдоо төлөвшүүлэхгүй бол хэн ч биш болно. Тийм учраас уран бүтээлч хүн үхдэггүй, тэтгэвэрт гардаггүй юм аа л гэж хэлэх гээд байна.

АМАА ЗУУРТАЛ ЯРЬСНЫХАА ШАЛ ЭСРЭГ ЯВААД БАЙХ ЮМ

-Харин улстөрч хүн яах ёстой вэ. Та улстөрч биздээ?
-Улстөрч арай өөр л дөө. Олон жил яваад юмыг нэг зүг рүү л чиглүүлж хардаг, өөрөөр харж чадахаа больчихвол шууд л гарч чаддаг байх хэрэгтэй. Улс төр шинэчлэгдэж, шинэ цус сэлбэж байх ёстой газар. Тэгж байж бүх юм зөв сайхан л явах ёстой. Одоо бол манай улс төр, намын тогтолцоо гацаанд ороод түгжээ болчихлоо. Үндсэндээ энэ маягаар цаашаа явахгүй дээд цэгтээ тулсан. Гэтэл үүнийг явуулах гээд энэ маягаар зүтгээд байна гэдэг бол хамгийн буруу арга. Ялангуяа орон нутгийн сонгуулийн асуудал дээр улс төрийн намуудын маргаан мэтгэлцээн их байна. Уул нь Ардчилсан намын найз нартаа би “Дуусдаггүй яриа”-гаар олон удаа ярьсан даа. Амаа зууртал ярьсан. Ерөөсөө орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохоо болъё, иргэдэд эрхийг нь өгье гэхэд туйлын зөв гэж бужигнаад байсан чинь одоо 180 градус эргэсэн давхиж явах юм. Хүнд төлөвшил, үзэл бодол, түүндээ үнэнч байх гэж юм бий. Бүх юмыг улс төр, ашиг хонжоогоор харах муу шүү дээ. 800 гаруйхан хүн амтай суманд улс төрийн квотоор 20-30 хувь нь нам дагаж орно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Дэндүү гэхэд дэндүү юм хийх гэж байна.

ӨНӨӨХ ГОЗОГНОСОН ОЙМСНЫ ГАВЬЯА ШҮҮ ДЭЭ

-Өнөөгийн парламент олон намын болон иргэний нийгмийн төлөөлөл орсон ёстой урьд хожид байгаагүй онц сайн парламент боллоо гээд л өөрсдийгөө магтаад байна шүү дээ?
-Яахав ээ, нэг талаар гудамжных гэнэ. Бусад нам эвсэл хөдөлгөөний төлөөлөл орсон нь туйлын сайн гэж бодож байгаа. Өөрсдөө ч энэ их хэмжээгээрээ буюу арван нэгүүлээ ороод ирнэ гэж зүүдлээгүй байх. Энэ чинь өнөөх гозогносон оймстой хөлний ач гавьяа. Дээр нь хуучин МАХН-ын үнэнч фэнүүд байна. Энэ хоёроос л сонгуулийн үр дүн гарч арван нэгүүлээ ирлээ шүү дээ. Гарч ирэх ирэхдээ сайд, дарга болоод л. Түүндээ итгэж ядаад, үнэмшиж өгөхгүй толгойгоо сэгсрээд, хацар мацраа чимхэж үзээд л наян юм боллоо шүү дээ. Нэг талаараа парламентад орсон нь сайн. Нөгөө талаараа урьд нь төрийн алба хашиж байгаагүй, хийж байгаагүй тэр хэмжээний тэнхээ мэдлэг дутмаг, үзэл бодолдоо ч үнэнч биш намаас нам руу холбирч явдаг хэсэг бусаг хүмүүс айхтар сүрхий албан тушаалд тавигдчихлаа. Ийм эрээвэр хураавар нөхөд төр бариад “Монголын төр” гэж цээжээ балбаад явна гэдэг утгагүй л дээ. Энэ бол төр улам л хүчгүй болохын шинж. Ард түмэн өөрсдөө төрд гарсан улсуудад итгэл үнэмшил бий болж хүндэлж үнэхээр бололцооны сайхан, мундаг сайхан улс гарлаа даа. Овоо шүү дээ гэж байж л улс орон хөгжинө үү гэхээс биш ээ, хөөрхийдөө өөрөөс нь долоон дор мэдлэг, боловсролтой хүмүүс гараад ирэхээр юу гэж ойлгох вэ тийм ээ. Төр уул нь ард иргэдийнхээ төлөө санаа зовох ёстой байтал эргээд сонгогчид төрийнхөө төлөө санаа зовж эхэлж байна. Энэ хэд маань биднийг баллаад хаях вий. Ээ базарваань ямар гээч амьтдыг сонгочихвоо гэцгээгээд л. Энэ бол пропорциональ гэдэг юмны, намын жагсаалт гэдэг юмны гай.

-Гозогносон оймстойхон гэснээс түүнээс эзэн парламентад нэг хүнийг оруулахгүй байгаад байна л даа. Оюунбаатар гуай “Энхбаяр дарга түр байж байгаач ээ гэж гуйсан” гэж хэлсэн байсан. Ял авсан хүн гарч ирээд сууж магадгүй гээд парламентыг нэг орон тоогоор дутуу байлгана гэдэг ер нь ямар вэ?
-Буруу шүү дээ. Би л лав Энхбаяр дарга байсан бол мөрөөрөө мөөмөө унжуулаад л дурьдатгалаа бичнэ үү, гадаадаараа аялна уу, дуртай ууландаа авирна уу амар амгалан байх байлаа. Өөрт нь хэчнээн амар байх вэ, тийм ээ. Их айхавтар эрх мэдэлтэй байсан хүн өөрийгөө газар дээр буулгаж чадахгүй байна шүү дээ. Хөрсөн дээр. Өөрийгөө жирийн иргэн гэж ойлгоход хэцүү байгаа учраас түүндээ баригдаад байна. “Би л бурхан байх ёстой” гэсэн үүднээс юманд ханддагийн хар гай л юм уу гэж би боддог. Сууж үзээгүй суудал биш, хийж үзээгүй ажил биш. Тэр байтугай л юм хийлээ шүү дээ, энэ хүн. Уг нь дэмий л байгаа юм.

ИЗНН БЯЛУУГАА ЯАЖ ХУВААХ НЬ НАДАД ХАМААГҮЙ

-Та Засгийн газрын бялуунаас хүртэж болох байсан биз дээ. Яагаад ороогүй юм.
-Би ИЗНН-ын хүн биш шүү дээ.

-Албан ёсоор биш юм уу. Таныг батлахтай гэж бодож байлаа?

-Би биш. Ерөөсөө ИЗНН-ын гишүүн биш. Улс төрийн ажилд нь ордоггүй. Би зүгээр дэмжигч шүү дээ. Батлах ч, бүртгэл ч байхгүй. Бие даагчийн хувьд ИЗНН-тай эвсье гэдэг үүднээс хандсан. Эвсэж болно биз дээ ер нь. Бие даагч яагаад нам эвсэлд эвсэж болдоггүй юм. Гэтэл манай сонгогчид үүнийг ойлгохгүй. “Энэ муу хөсрий Алтай чинь намд давхиад орчихсон явж байна, хөөе. ИЗНН-ын гишүүн болчихсон байна таминь ээ” гэх буруу ойлголт төрлөө шүү дээ. Энэ буруу ойлголтын үүднээс олон сонгогч санал өгөөгүй байхыг үгүйсгэхгүй. Бүү мэд. Нөлөө орсон байх гэж бодож байгаа. Одоо бол ИЗНН надад хамаагүй. Дотроо яаж бялуугаа хуваана, даргынхаа албан тушаалыг хэн нь авна тэдний л асуудал.

-Та бие даагчаараа сонгуульд яагаад ороогүй юм. Энэ парламентад урьд хожид байгаагүй олон бие даагч орж ирлээ?

-Бие даагчаараа орсон бол их боломжийн л байлаа шүү гэж хүмүүс их хэлж байгаа. Би чинь сонгууль болохоос сарын өмнө судалгаагаар 60 гаруй хувьтай явж байлаа. Хүмүүс “өндөр” гээд байгаа юм. Дээр нь нэмээд топ 10 улстөрчийн зургаад нь давхиж явлаа. Тэгээд сарын дотор навс унасан гэж байгаа. Энэ байж боломгүй юм гэдэг гаргалгаа хүмүүс хэлээд байгаа юм. Би хүн алаагүй, хулгай зэлгий хийгээд гардуулаагүй. Ийм байж унана гэдэг сонин юм шүү гэж. Машин чинь чамайг залилчихсан юм биш биз гэж. Надад гонгиноод байх юм алга л даа. Машинд залилуулчихлаа, түүнээс би гарах байсан гэж гэдэг ч юм уу нулимс унагах хэрэг алга. Буулаа гээд яадаг юм. Лааз өшиглөө л биз. Лааз өшиглөе гэхээр харин цаад хог түүдэг хүмүүс чинь ерөөсөө лааз үлдээгээгүй юм байна билээ шүү. Өшиглөх юм олдож өгдөггүй.

МАНАЙ АРДЧИЛЛЫН АВАРГУУД СЭЛМЭЭ ЭРГҮҮЛЭЭД ДАВХИВАЛ ЭВГҮЙ ШҮҮ, ТАМИНЬ

-Та өнгөрсөн ээлжит бус чуулган болон бусад асуудлуудыг юу гэж харж байна?
-Янз бүрийн юман дээр л уйлагнаад байх шиг байна билээ. 24 цаг ч гэх шиг. Хуучин МАХН байхдаа өөрсдөө л хийсэ хууль юм билээ. Бас нэг талаараа бодвол бодмоор л зүйл. Тангаргаа өргөчихлөө, улс төрийн хүчин бүлэг байгуулах болоогүй байна гээд хаахалзаад хэдэн сар ч тэгэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас орсон саналаа авсан бол бүлгээ байгуулаад л албан ёсоор явдаг л юм байгаа биз. Яагаад болохгүй гэж. Хаа хаанаа л юм байгаа юм байна гэж бодож байгаа. Хоёрын хооронд уйлсан удсан юм байснаас хууль муулийг нь өргөн бариад батлавал батлаад бүлэг мүлгийг нь хийгээд явна л биз дээ. Юу нь болохгүй байгаа юм. Тэгээсэй л гэж бодож байна. Ер нь энэ Засгийн газрыг гайгүй юм хийх гээд байна уу гэж хараад байгаа. Ер нь бас гайгүй хуулиуд явж байна. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл их сайн. Аятайхан аятайхан хуулиудыг өргөн барьж байна. Би ер нь их нааштай, битгий зогсоосой гэж бодож байгаа. “Дөрвөн жил гэдэг их богинохон хугацаа шүү, найз нараа. Гялалзуулаач ээ” гэж хэлмээр байна, тэдэнд. Тэд үеийн үед л уйлагнаад “Төрийн эрх мэдэл ирээгүй. Хэрэв бид байсан бол алаад өгөх байсан юм” гэдэг байлаа. Одоо нэг алаад өгөөч ээ гэж. Гэхдээ хэт давалгаалаад сэлэм эргүүлээд бас хэсэг бусаг улсыг бужигнуулаад битгий хаяасай билээ. Манай ардчиллын аваргууд чинь нэг дүрэлзэхээрээ ассан танк шиг хамаагүй давхиж магадгүй шүү.

-Халаа сэлгээн дээр хамаагүй давхиад сэлмээ эргүүлээд эхэлсэн юм биш үү. Өдөрт л арав, хориороо солигдож байна гэх юм?

-Энэ хамгийн муу зүйл шүү дээ. Төрийн алба тогтворгүй байна гэдэг. Хэт улс төржсөн, намчирхсан байдлаар боловсон хүчинд хандана гэдэг яавч сайны цондон биш. Хуучин МАХН байх үед бас л ийм хоморголлыг хийж байлаа. Одоо өшөөгөө авах гээд байгаа юм шиг байдлаар хандаж болохгүй. Үүнийг их сайн хуульчилж өгөхгүй бол төрд итгэх итгэл, тууштай ажиллах чин сэтгэл байхгүй болж байна. Бүх юман дээр эргэлзээтэй. Магадгүй ирэх 2016 онд МАН олонх болж гарч ирээд сэлэм эргүүлээд бүгдийнх нь толгойг цавьчвал яана. Ерөөсөө ийм утгагүй байдал руу орж байгаа байхгүй юу. Буруу л гэж бодож байгаа.

АЛТАНХУЯГИЙГ ТАЛ ТАЛААС НЬ ХЭМЛЭЭД АЛАХ ГЭЖ БАЙГАА Л ДАА

-Дэд сайд нараа томилж чадахгүй удаан гацлаа. Лааз өшиглөж байгаа хүмүүс нь бүгд ормоор байдаг. Төр засгийн сандал суудал цөөдөөд л?
-Энэ бялуу хуваах гэдэг юм үндсэндээ их буруу. Өөрсдөө бол асар их шүүмжилдэг хүмүүс шүү дээ. “Дэд сайдын асуудал дээр манай нам их эсэргүүцдэг. Болиоч ээ, шал дэмий хэрэггүй албан тушаал” гээд л. Хүмүүс мартаагүй байгаа шүү дээ тэр үед ярьж байсныг нь. Алтанхуяг Ерөнхий сайд гарцаагүй байдалд ороод, баригдаж байна шүү дээ. Цаадахыг чинь бол ёстой тал талаас нь хэмлээд алах гэж байгаа. Самардаад маажаад, яаж байгаа бол. Яс бүтэн салъя, дүүрсэн хэрэг гээд бялуу хуваачихлаа л даа.

-Ардчилсан намын Засгийн газрыг олон солигдох байх гэх юм. Ардчилсан нам энэ 20 жилд төлөвшиж чадсан болов уу?

-За гайгүй байлгүй дээ. Ардын нам бас төлөвшиж чадсан юм уу гэж эсрэг асуулт тавивал тавина тийм ээ. Аль алинд нь ажил хийчихээр чадварлаг мундаг хүн зөндөө бий. Мөн овлигогүй, албан тушаалыг ашигладаг, иддэг, уудаг чөтгөрүүд зөндөө л цохиж явна билээ. Чухал чухал яамд постуудыг эзлээд суусан. Тэр нөхдөөс их л болгоомжлох ёстой. Ялангуяа ард түмэн их соргог байхгүй бол цаадуул чинь муур яаж хулгана тоншдог билээ гэдэг шиг л зүйлийг одоо үзүүлнэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Ардын нам маш сайн сөрөг хүчин байх ёстой. Бүх юман дээр хяналт тавьдаг. Ард түмний өмнөөс хяналт тавих том үүрэг хариуцлага байна.

-МИАТ-ээс эхлээд хувьч­лалын асуудал яригдаж эхэл­лээ л дээ. Таныг парламентад байхад ч орж ирээд л шийдэгдээгүй. Ингэж том том газруудыг хувьчлалд оруулах нь хэр зохистой юм бол?
-Төрийн өмч ер нь хэнд хэрэгтэй юм. Ер нь төрийн өмчөөс юу үлдсэн юм. Хувааж идээд хоёр намын аваргууд бүгдийг нь цохьчихсон. Одоо МИАТ, “Эрдэнэт” гэсэн цөөхөн хэдэн юм байгаа. “Эрдэнэт” нь гайгүй ашигтай байх. МИАТ гэж дампуурсан компани байна. Улсын өмч гэдэг хэний ч биш. Тэгэхээр үүнийг тодорхой хариуцсан эзэнтэй болгох ёстой. Би бол МИАТ-ийн хувьчлалыг зөв гэж бодож байгаа. 51-ийг нь улс авах юм билээ. Бусад 49-ийг нь өгчих л дөө. Тэр нь амар шүү дээ. Тэр их мөнгийг иддэг уудаг, МИАТ-ийн нэрийн өмнөөс дайны төлбөр гээд шал утгагүй дөрвөн сая ам.доллар ч билүү Японы үл мэдэгдэх компанид байршуулаад цохидог, иддэг муу зуршил байна. Ингэснээс өгсөн нь дээр биз дээ. Төрийн өмч хэний ч өмч биш, хэн ч хувааж идэж болно гэдэг бичигдээгүй хууль өнөөг хүртэл манайд үйлчилж байна.

“РИО ТИНТО”-Г ХӨӨЖ ГАРГАНА ГЭВЭЛ МОНГОЛ “БАЯРТАЙ” БОЛНО

-Оюутолгойн асуудлыг шинэ парламент сөхөж эхэллээ. Гэрээг эргэж харна гэдэг ямар сэдэл өгөх юм бол?
-Ер нь Оюутолгойг буцаана, хөөнө гэсэн МАХН-ын мөрийн хөтөлбөрт айхавтар утгатай заалт цохиж явсан шүү дээ. Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгнө ч гэдэг юм уу. Оюутолгойг бут цохиод Фрийдландыг дүүжлүүрт зүүж байгаад боож ална ч гэх шиг аймаар аймаар юм байсан. Одоо тэгээд мөрийн хөтөлбөрт нь орж, ард түмний тархийг угаасан бүхнээ яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм. Тэгвэл Тавантолгойг 100 хувь өгөх юм уу. Хараад гайхаад л байгаа байхгүй юу. Хамтарсан л юм бол аль алиныхаа мөрийн хөталбөрийг авч Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг гаргах ёстой. Нэг босгосон юмаараа хамаагүй тоглох нь юу л бол гэж. Үндсэндээ бол Монголын талаас “Оюутолгой” дээр хяналт султай, ил тод болоогүй. Тэнд чинь бас янз бүрийн хөрөнгө оруулалт нэрээр иддэг, уудаг, шахалт хийдэг замбараагүй заваан юм бий болсон байна. Энэ дээр төрийн зүгээс хүчтэй хяналт тавих ёстой. Төрөөс зайлшгүй байх ёстой. Тэр нь анх 57 дугаар тогтоолыг 20 гишүүн эсэргүүцэж байсан. Түүний нэг нь би. Гарын үсгээ зурсан. Их хурлын тогтоолын дагуу Оюутолгойн асуудлаа шийд ээ гэж тухайн үед нь тавьж байсан. Тэр 57-г задлаад үзэх юм бол Монголын тал тодорхой хэмжээгээр хяналтаа сайжруулах, 34-ийг болж өгвөл ойрын хугацаанд 50 болгох ч гэдэг юм уу хязгаарлалтууд бий. Түүнийг их зөв хийх ёстой. Түүнээс биш өнөөдөр Фрийдландыг хөөж гаргана, “Рио тинто”-г хөөж гаргана гэдэг маягаар яривал Монгол “баяртай” болно.

-Таныг байх үед олгож эхэлсэн 21 мянган төгрөг хүүхдийн мөнгө болж хувирч байна. Мөн та нарын худлаа баахан тоо хийгээд, төсөв гаргасны чинь горыг амсаад төсөв хүндхэн байдалд орчихлоо гэсэн.

-Хүүхдэд 20 мянган төгрөг өгье. Баян байна уу, ядуу байна уу Монголын алаг үрсийг битгий алагчлаарай гэдэг юм яриад байдаг юм. Энэ чинь нэг талаасаа хавтгайруулсан халамж шүү дээ. Ядарсан зүдэрсэн улсуудад 20 мянга нь хэрэгтэй л юм байгаа биз. Гэхдээ Монголын үрсийг алагчлахгүй гээд цацдаг чинь бас л хавтгайрсан халамжийн бодлого гэж хэлэх гээд байгаа юм. Айлын орлогыг нь авч үзэж байгаад тодорхой квот тогтоогоод тэдээс доош орлоготой хүний хүүхдэд өгнө гэж болно шүү дээ. Тэгээд өгөх гээд л байгаа бол тэр боломжийн айлуудын хүүхдэд очих мөнгийг нэмээд боломжгүйд нь тараа л даа. Халамж өгөх гээд байгаа юм бол өгсөн шиг өг л дөө. Хавтгайруулан өгнө гэдэг буруу.

НАМ, НАМЫН ДАРГААСАА АЙДАГГҮЙ ХЭДЭН АЯТАЙХАН ХҮН ЦУГЛУУЛААД “ДУУСДАГГҮЙ ЯРИА”-ГАА ХИЙНЭ ЭЭ

-“Дуусдаггүй яриа” хэзээ эхлэх вэ?
-“Дуусдаггүй яриа” хэзээ эхлэх вэ гэсэн асуулт үзэгчдийн зүгээс ирж байна. Парламентад сууж байгаа гишүүдийн зүгээс ч ирж байна. Одоохондоо засаг цэгцрээдхэг. Адаглаад нэг 100 хоночихог. Ажлаа нэг тайлагначихаг, тийм ээ. Ерөнхий нэг чиг баримжаа гараад ирнэ. Тэр хойно зөв үү, буруу юу. Бид хаашаа явж байна. Урагшаа алхаад байна уу, хойшоо ухраад байна уу гэдэг асуудал дээр улс төрийн мэтгэлцээн асуудал яриа өрнүүлэх хэрэгтэй. Ямар ч байсан 100 хоногийг нь харна гэж бодож байна.

-Бүтцийн хувьд өөрчлөгдөх үү. Өмнө нь хараад байхад нам намын тэрсүү маягтай нөхдийг цуглуулсан шиг байдаг.

-Ер нь бол өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийнхөөрөө дуугардаг, өөрийнхөө өнцгөөс хардаг нэг нам, намын даргаас айгаад шалчигнаад байхгүй тийм улс байвал зүгээр шүү дээ. Түрүүчийн бүтэц ч тиймэрхүү л байсан. Одоогийн энэ бүтцийг тийм маягаар зохион байгуулна гэж бодож байгаа. Манай “Фортуна”, Лу.Гантөмөр байж байна. Хоёулаа л нам дотроо том нөхөд. Хэнээс ч айдаггүй өөрийнхөө үзэл бодлыг дуугардаг. Тэр хоёрыг орох байх гэж бодож байгаа. Сайд болсон би том хүн болсон өөр өнцгөөс харна гэхгүй байлгүй дээ. Сайхансамбуу орно гэж авч байна билээ. Би мэдээж шалчигнаад дундуур нь сууж таарах байлгүй дээ. Дээр нь Ардын намаас ганц нэг аятайхан зөв улсыг оруулна гэж бодож байгаа. Ингээд явахад болно. “Банкны” Чук ч гэсэн орно гэж байна билээ. Тэр маягаараа явна гэж бодож байгаа. Ер нь нэвтрүүлэг бол улс төрд болж байгаа төрд хийгдэх гэж байгаа хийж байгаа алдаа оноо бүх асуудлыг төрийн том толгойтой хэдэн нөхөд хоорондоо яриад байх биш ард түмэнтэйгээ нийлээд л ярья гэх зарчмаар явагддаг. Зөв буруугаа ололцъё л доо. Энэ яриаг үр дүнтэй гэж бодож байгаа. Ер нь бол улс төрийн амьдрал дуусаагүй цагт энэ яриа дуусна гэж байхгүй.

-Засгийн газар улам хүрээгээ тэлж үеийн үед ярьдаг байдлаасаа эсрэг явчихлаа л даа. Нөгөө данхар толгой бүр даагдахааргүй томорлоо.

-Алтанхуяг сайдын хэлж буйгаар бол шинээр төсөв мөнгө гаргахгүй хуучин хэмжээндээ барина. Хүн хар халж солихгүй л гэдэг хөөрхөн юм яриад байгаа юм. Түүндээ байгаасай л билээ.

БИ ӨӨРИЙГӨӨ УЛСТӨРЧ ГЭЖ ХЭЛЭХЭЭС ИЧИЖ БАЙНА

-Та хувь улстөрчийнхөө хувьд улс төрөөс “баяртай” болчихоогүй биз дээ?
-Би өөрийгөө улстөрч гэж хэлмээргүй байна. Дөрөвхөн жил парламентад суучихаад улстөрч болсон гээд одоо нэрнийхээ доогуур “улстөрч” гэсэн титр гүйлгэх юм уу, хаашаа юм. Улстөрч гэдэг бол их олон жил улс төрд чанагдсан, ажилласан, туршлага сайтай мэргэшсэн ийм л хүн байх ёстой байх. Түүнээс над мэтийн нөхөрт тэр чинь томдох малгай шүү дээ. Өөрийгөө улстөрч гэж хэлэхээс би ичиж байна. Яахав зүгээр төрийн ажил бол улс төрийн ажил мөн үү мөн. Дөрвөн жил ажилласан нь үнэн. Гэхдээ улстөрчийн хэмжээнд хүрээгүй гэж бодож байгаа. Энэ чинь том нэр шүү дээ. Болоогүй байна гэж. За зүгээр 2016 онд “Алтай минь баяртай. Парламентын танхим баяртай” гээд 10 жилийн хүүхдүүд шиг хонх цохиод алга болох нь хаашаа юм. Амьдрал, төр байгаа цагт байх л үнэн юм хойно. Ер нь энэ дөрвөн жилийн хугацаанд дургүй их хүргээд байвал 2016 онд тухайн үед шийдлээ гаргаад улс төр рүү эргээд орохыг үгүйсгэхгүй. Одоо юу юугүй л өөрөө уначихаад би дахиад үзнэ гээд савсагнаад байх нь хаашаа юм. Тийм учраас цаг хугацаа байна. Ер нь бол шинэ сайхан улс төрийн хүчин гаргахгүй бол одоо энэ хоёр нам үндсэндээ хөгшрөөд өгөршөөд дуусчээ. Өөр гарц хайх юм байхгүй. Дандаа л хуучин маягаар юмыг явуулах гэж үзэж байна. Ер нь бол их аятайхан зөв улсыг нийлүүлээд улс төрийн бас нэг хөөрхөн нам байгуулах талын юм бодмоор байгаа.

-Та тэр намыг байгуулахаар оролдож болно шүү дээ?
-Би ч болно. Хийгээсэй билээ, хийвэл оролцох юмсан гэсэн хүмүүс ч олон байна. Тийм учраас цаг хугацаа байна. Болох байлгүй дээ.

М.МӨНХЧИМЭГ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж