Монгол улсын уул уурхайн болон хот байгуулалт, үйлдвэржилтийн бодлогын дотор алсдаа хэцүүхэн сонголт гаргаж тавьж мэдэх нэг салбар бол усны салбар билээ. Энэ асуудлаар шинэ засгийн бодлого мэргэн байх болтугай гээд хүмүүс хэдий ухаантай ч санаж сэрэхэд хэрэг болох болов уу гэсэн зарим зүйлийг энэ салбарт ажилладагийн хувьд үзэг бэх нийлүүлэв. Усны салбарын хамгийн анхаарал татам гурван асуудал бол экологийн баримжаатай ашиглалт, нөөцийн зохистой хуваарьлалт, хамгаалалт гэж ойлгож болно. Хамгаалалтын асуудлаар олон хүн санаа зовж байгаа, бас салбарын яамтай болохоор ашиглалтын зарим асуудлаар хэлэх гэсэн юм. Бидэнд байгаа гарын доорх усны судалгааны мэдээллээр одоогийн байдлаар монгол орны усны нийт нөөцийн 1.96%-нь газрын доорх ус бөгөөд үүнээс 4.5%-нь ашиглах боломжтой. Яагаад вэ гэвэл нөхөн сэргээгдэх чадамж маш удаан учраас тэр. Гэтэл та бүхэнд дуулгахад бүх хэрэглэж буй усныхаа 87 %-ыг газрын доорх усаар хангадаг гээд боддоо. Гадаргын усны байдлыг та бүхэн 100-аас хасаад олчихно.
Гэтэл хурмастын чуулганы ачаар амархан нөхөн сэргээгдэж байдаг хур бороо, цас мөсний усаар тасралтгүй тэжээгдэж байдаг гадаргын усыг инженерийн бодлогоор хэргэлээнд ашиглаж байгаа газар Сэлэнгийн хэдэн жижиг Услалтын системээс өөр байдгийг дуулсан хүн үгүй л болов уу. Том жижиг хэдэн УЦС бол ус хэрэглэгч биш өөрийн их бие дундуураа урсагаад л өнгөрөөхдөө уналтын потенциаль энергийн кинетикт шилжүүлдэг барилга болохоос дусал ус ч хороохгүй. Гэтэл бидэнтэй төстэй уур амьсгал, нутаг, гадаргын устай 70 гаруй сая хүнтэй Турк улс тэр чигээрээ гадаргын усаа хэрэглэдэг байх юм. Туркаас өөр юм үзээгүй амьтан гэж хэлүүлэхээсээ өмнө ярихад монголд энэ талаар чухам сургамж авахаар хоёр орон бол Израйль, Турк 2 юм билээ. Ерөнхийдөө монголоос бусад дэлхийн том жижиг бүх орон газрын доорх байгалийн үнэт нөөцлүүрт байгаа гүний усаа хайрлан хурдан сэргээгддэг гадаргын усаа хэрэглэж байна.
Яагаад монгол улс усан сан, гадаргын усаа социализмийн үеээс хэрэглэж эхлээгүй шалтгааныг хэлвэл үнэндээ амархан. Нэгдүгээрт бэлэнчилсэн, нөгөөтүйгээр Байгаль нуурын ус дэлхийн цэнгэг усны дөрөвний нэг бөгөөд энэ нуурын тэжээгдлийн 80 хувь монголоос очдог учраас гол мөрний асар том бассейны усыг ашиглах тал дээр ЗХУ шавар хаасан гэж болно. Гэтэл монголд их хэмжээний усны шаардлага гарсан, төв азийн нуурууд мөхөж Казахстан, Узбек, Шинжиан усны гачаалтай болсон яг энэ үед ОХУ Байгаль нуурын усыг ашиглах олон улсын бирж байгуулахаа саяхан зарлалаа.
Бид дотоодод гол мөрнөө ашиглах биш Сингапуртай адил Малайзаас тасралтгүй нил орчин болох ус худалдаж авах нөхцөлтэй яг адил, үргэлжийн дарамтанд байх нефтийн гачлан шиг усны дарамтанд орох нөхцөл рүү явахчихвий гэж санаа зовох боллоо. Монголчуудын Орхоноос ус татах төслийг ил далд, нөхдүүд тандаж эсэргүүцэж эхэллээ. Энэ ажилд нь тус дэм болох, улс төр, иргэний байгууллага, хувь хүмүүс ч цухалзах боллоо. Би л лав ийм хүмүүсийг харийн эрх ашиг хамгалагч, их хадуурвал байгаль хайрлагч биш туршуул гэж хэлмээр санагддаг юм.
“Жайка” болон БНСУ-ын тусламжаар хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах судалгааны урьдчилсан дүнгээр 2017 он гэхэд хотын хүн ам 1.7 саяд хүрч, газрын доорх усны нөөцболомжоо шавхах тооцоо гарч байгаа, яг энэ үед дэлхийд цэнгэг усны нөөц катастроф байдалд орж эхлэх бөгөөд бизнесийн хувьд их гүрнүүд улс дамжсан усны том хоолой татаж, нефть-газын хоолойгоос ч өндөр ашигтай, хязгаарлах, багасгах ямарч боломжгүй амь амьдралын хамааралтай колончлох бодлого руу явж байх болно. Гэтэл Туулын усан цогцолбор байгуулах ажлын урьдчилсан судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажилд хотын захиргаа гар татаж, БОАЖЯ, цэвэр агаар сангаас 300 гаруй сая аманд ч биш хамарт ч биш мөнгө гаргасан болж билээ.
Одоо энэ зам, бөглөрөлөөс аймшигтай зүйл рүү явж байгааг Бат-Үүл баатар ухаарах бизээ. Учир нь гидротехникийн байгууламж өртөг өндөр, хугацаа их зардаг байгууламж боловч өртөгөө нөхөх хугацаа гайгүй байдаг юм шүү.Өнөө маргаашийн 170 гаруй худагийн усны боломжид найдаж байтал, энэ олон ус хэргэлэгч, хорооллууд, гэр хорооллын барилгажилт гэнэт их хэмжээний нөөц шаардана. Баатарын ярьдаг 14 хоногт 14 давхар хурдтай барьж байгаа барилгууд 14 дахин их усыг нэг л өдөр нэхээд ирэх үед бэлтгэлтай байх хэрэгтэй байна. Зарим орон сууцны хорооллууд барилгаа дуусчихаад цэвэр усны нөөц тогтоолгох, хайгуул хийлгэх, нөөц батлуулах гээд бидэн дээр ирж байсан. Гэтэл тэр нөөцийг нь өөр хороолол эхлээд авчихсан боож үхэх гээд л байж байна. Хэзээ ийм урвуу тонгоруу ойлголт байлаа. Ямарч хот ус дагаж, усаа олчихоод барьдаг биздээ. Тэгж яривал иргэншил, урбан гэж ойлголт гол мөрнүүдийн адаг, тэнд тунасан каолин шавар хоёр дээр тулгуурлаж боссон байдаг болохоос, шаварч үгүй, ус ч үгүй газар хороолол босгодоггүй л байхгүй юу.
Гэр хороолын айлуудын 60 хувийг цэвэр бохир усны системд холбох амлалт авсан нийслэлийн АН тэдэнд аваачих стандартад таарсан ус чинь хаан бэлэн байгааг сайн тооцоорой. Хоолой, трубаг газар доогуур татах ажлыг япон, солонгос, турк, монгол, германуудтай хоршсон комданиуд доор нь бучигнуулаад өгнө. Зарим нь сохор номин шиг доош нүхэлж ороод телеудирдлагаар доогуур сүвлээд, салаалаад явчихдаг техникууд оруулж ирж байна шүү. Одоо улс орны хөгжлийг тодорхойлох өмнөд бүсийн хөгжлийн асуудалд усны дэд бүтэц ямар байгаа хэлье.
Өмнөд бүсийн том ордууд, үйлдвэрийн парк байгуулах томоохон ажил эхлүүлэх, тасралтгүй байдлыг хангах амин чухал, хамгийн хэл ам дагуулсан ажил бол усны нөөц гарцаагүй мөн. Говийн газрын доорх ус нилээд ихэнх нь неогенийн шаварлаг хурдасаар бүрхэгдсэн, дээрээсээ тэжээл шууд авах боломж бага бороо тундас гадарга дээгүүр нь гүйж урсаад агаарт ууршдаг, үсрээд 5 хувийн хур борооны тэжээгдэлтэй, зарим нь алсын тэжээгдэлтэй гэдэг боловч судлахад маш төвөгтэй, монголын өмнөө барьдаг гидрогеологчид хүртэл хачин кантрасный зөрчилтай тоо хэлдэг, бурхан л мэдэх байх гэмээр ойлголт гэж үздэг, гэвч газрын доорх усны нөхөн сэргээгдэх хэмжээг тооцоолох олон арга бий, түүнд найдахаас өөр арга байхгүй. Ямартай ч гадаргын ус шиг нүдэнд харагдаж, ёроол нь харагдаж, булингар нь үзэгдэж, ороод сэлж сэрүүцэж болдоггүйгээрээ хэцүү гэж хэлээд байгаа юм.
Бидний хөгжлийн томоохон найдварууд болох Оюу толгойн ордыг ашиглахад үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1250, Таван толгойн нүүрсний ордыг ашиглахад 920, Сайншанд-Замын-Үүдийн бүс нутгийн ус хэрэглээ 2287 литр усыг нэг секундад зарцуулах урьчилсан тооцоо гарч байдаг.
Оюутолгойд ойрхон Гүний хоолойн усны ордоос 870 л ус, Таван толгойд бол ховорхон цэнгэг усны орд болох Балгасын Улаан нуур, Наймгантын хөндий орчмоос 720 л ус, Сайншанд-Замын-Үүдийн бүсд 760 л секундад өгөх боломж зааж байна.
Ингээд харвал ихээхэн нөөц дутагдаж байгаа нь харагдаж байна. Хэдийгээр төрөөс болон хувийн хэвшлийнхэн нэмэлт хайгуул хийж нөөц нэмэгдүүлэх гэж байгаа ч алсдаа цэнгэг усны нөөцийг зөвхөн ундааны зориулалтаар ашглахаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг удирдлага болгон зарим ордыг нөөцөөс хасч, хамгаалалтанд авбал дээрх том төслүүд яалтчгүй өөр эх үүсвэр хайх, гадаргын ус хослуулан ашиглах нөхцөл рүү түлхэж байна. Гэхдээ монгол улс хөгжих суурь уул уурхайг ашиглах явцыг удаашруулах хандлагатай зарим хүмүүс энэ баримтыг битгий буруу тайлбарлаасай гэж хүсэх байна. Иймд 2 зам үлдэнэ. 1. Байгаль нуурын усны биржид хамаарч Сингапур шиг ус худалдаж авах 2. Монгол орны нутагт жилийн турш унадаг тундасны ус бол бурханаас өгсөн бэлэг түүнийг голуудын сүлжээгээр дамжуулан боомт хаалтанд хуримтлуулан авч, голоор зөвхөн олон жилийн дундаж өнгөрөлттэй усыг нь өнгөрөөж, хуримтлуур сангийн усны нөөцийг зохистой хуваарьлан, үлгэрвэл хөгжлийн банк лугаа адил ашиглахыг гадаргын усыг зохистой, экологийн баримжаатай ашиглах гээд байгаа юм.
Түүнээс биш зарим нэг эх оронч шиг усандаа авхуулж, үерт живж байдаг хоёр талын хөршид очиж цутгах монгол нутгаас хулжсан усыгговийн боржгон монголоос тас харамлаж, харийн эрх ашиг хамгаалж, харь нутгийн нууранд хайртай болсон хүмүүсийн ойлгодог Ферганы суваг шиг хажуу тийш урсгаад явчих төсөл биш, үүссэн усан сангийн 10 хүрэхгүй хувийг хоолойгоор татах тул ууршихгүй, шүүрэхгүй ийм л төслийг хэрэгжүүлэх ажлыг зохистой гэж үзээд байгаа юм. Зохистой болгон ашигтай, ашигтай болгон зохистой байдаг жамтай.
Ухаандаа хөдөө ус багатай газрынхан лааз, түмпэндээ борооны ус тосч савалдаг, хөр цасыг оруулж ирээд ашигладагтай агаар нэг гэж ойлгоорой. Тохируулгатай усан сан барина гэж яриад байдаг нь нэг хоногт юүлж барах сав, сарын дотор юүлж барах томхон сав, жилийн дотор юүлээд барагдах бүр том сав, олон жилийн гэдэг нь устай 12 жилд ус хуритлуулж ус бороогүй бага устай 12 жилийн усны гачаалыг, голын хомсдлыг даах савууд барьж байгуулна гэж ойлгох хэрэгтэй.
Урсац тохируулгын гээд байдаг нь голын их устай үеийн үерийн усыг барьж хуримтлуулж хэвийн өнгөрөлтийг хангах, бага устай жилүүдэд гольдрол руу ус нэмж урсган голоо амьсгалыг нь таслахгүй байхыг хэлээд байгаа юм.
Тэгвэл Үүл баатар Туулын усан санг Япон ч юм уу хаа нэгтэйгээс дэмжлэг авч төр хувийн хэвшил хослуулан бүтээж ашиглаваас эхлээд 1966 үер шиг үерт цэг тавина, Туул гол тасрах асуудалд цэг тавина, Улаанбаатар хотыг агаараас тэжээгддэг хүчилтөрөгчийн хангамж өндөртэй гадаргын цэнгэг усаар найдвартай хангана, эргэн тойрон чийглэг тансаг орчин бүрдэнэ, аялал жуулчлал, амралт сувилалын орчин бүрдэнэ, нүүрс шатааж, үнс, утаа гаргахгүйгээр ашигт үйлийн итгэлцүүр нь 97 хувийн цахилгаан энерги гаргаж авна. Үүнийг л Туулын усан цогцолбор гээд байгаа юм. Монголын усны инженерүүд болох гидротехникч, гидрологич, гидрогеологич, ус хангамж, усны энергийн инженерүүдэд тулах цэг, итгэл, мөнгө босгох боломж өгвөл барилга, замынхан шиг олз ашигт улайрч эвдрэхээсээ өмнө үзээд алдмаар байх юм.
Байгаль орчныг хайрлая , хамгаалъя гэж үзэлцэж байгаа сайн муу найз нар, иргэний хөдөлгөөний байгууллага 700 гаруй байдгийн 500 орчим нь гол ус нуураа хамгаалах гэж тэмцдэг тэд нар жинхэнэ эх оронч юм бол, Сэлэнгэ мөрний Шүрэн татамд шинээр бий болох Тэрхийн цагаан нуур, Эгийн гол дээр үүсэх бас нэг Хяргас нуур, Орхон гол дээр үүсэх Буйр нуур, Хэрлэн гол дээр үүсэх бас нэг Хар зүрхэний Хөх нуур, Туул гол дээр үүсэх гурван ч Тэлмэн нуурыг шинээр байгуулбал ад үзээд юун их хар ус вэ, бариулахгүй гээд байхгүй гэдэгт итгэдэг юм.
Эцэст нь хэлэхэд Туул дээр усан сан бариулахгүй газар хөдөлбөл живүүлчихнэ гэж айгаад 15 малчны өвөлжөө усан доор орж махчин монгол хохирчих гээд байвал орчин үед Япон, Солонгосууд нэвтрүүлээд байгаа газар доорх далан барьж болох юм. Тэр нь Туулын хөндийн 10-30 орчим метр зузаантай аллювийн сэвсгэр хурдасыг газар доор пластик хөндлөн экранаар чулуулгын засраар шүүрэн урсах хэвгийг хааснаар уст үе усаар бялхаж, тэнд нь 20-25 худагтай тэнцэх цацраг ус цуглуулагчтай худгаар усыг авч болох технологийг японууд санал болгоод байгаа юм. Үүнийг ч турших хэрэгтэй. Хаа сайгүй хот тосгод сүндэрлэх гээд байхад ингэж хосолмол байдлаар усны хомсдлоо шийдмээр байх юм.
Усны салбарын аз болоход бодлого тодорхойлох, хууль сэдэх түвшинд нэгэн усны инженер гарч ирсэн байна. Тэр бол зүгээр ч үгүй тэмцэгч, ард түмэнд өгсөн амлалт нэхээд байдаг Батцогт хэмээх эрхэм билээ. Одоо миний найз эрх баригч нам болсон тул засгийн эсрэг биш, усны салбарыг бэхжүүлэх зохистой ашиглах, хамгаалуулах талаар Уянгаатайгаа бас аваргыг олж аваад лобби групп байгуулж биднээсээ мэдээлэл авч хамтарч, эх орноо Финлянд шиг нуурын орон болгодоггүй юм аа гэхэд 4 жилийн дотор говьд ус хүргэхийн төлөө хамтрахыг инженер бид хүсч байгааг ялдамд нь илэрхийлж байна. Энэ бол барьцгүй, бүтэхгүй, хийрхсэн амлалт нэхсэнээс хавьгүй боломжтой, үр дүн нүдэнд харагдах, буянтай, бурханы сургааль, хөгжлийн төлөвлөгөөтэй ч нийцдэг, хэн ч эсэргүүцэж, татгалзаж чаддаггүй ногоон гэрлийн ажил шүү. Чандмань эрдэнийн Батцогт гэх нь амлалтын гэхээс илүү наалдацтай байх болно. Амжилтанд хүрвэл усныхан зэврэхгүй гангаар пирамид дурсгал танд босгоно.