48 цагийн дотор бэсрэг кино хийн уралддаг “48 цаг” кино наадам өнгөрсөн баасан гаригт “Black Box” театрт шилдгээ тодруулан, шагналаа гардууллаа. Гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа тус наадам есдүгээр сарын 14-нд эхэлсэн юм. Энэ удаагийн бэсрэг кино наадамд 30 багийн 259 уран бүтээлч оролцсоноос 27 баг 48 цагт амжиж, киногоо бүтээн уралдаанд ирүүлжээ. Оролцогчид есдүгээр сарын 14-16-нд 48 цагт багтаан аймшгийн, драм, дуугүй, детектив, зөгнөлт, инээдмийн зэрэг 14 төрөл зүйлээс сугалж, 4-7 минутын кино хийж өрсөлдсөн юм. Ингээд “48 цаг Монгол 2012” бэсрэг кино наадмын шилдгийн шилдгээр “Absolute pictures” багийн “Эзэгнэгч” бүтээл шалгаран 2013 оны гуравдугаар сард болох Олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрхийг гардан авлаа. Энэ жилийн “48 цаг” Олон улсын кино наадамд дэлхийн 215 хотоос шалгарч ирсэн уран бүтээлчид оролцох ба наадмын шилдэг киног 5000 ам.доллар, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг аж.
“48 цаг Монгол 2012” наадмын шилдэг долоон номинацийн эзэд:
- “Шилдэг кино” “Absolute pictures” багийн “Эзэгнэгч”
- “Шилдэг эвлүүлэг” “Greative art group” багийн “Love story” кино
- “Дууны шилдэг найруулга” “Bros entertainment” багийн “Далд давхраа”
- “Шилдэг зураг авалт” “Цахиур чулууныхан” багийн “Догол мөр”
- “Шилдэг жүжиглэлт” “Bros entertainment” багийн “Далд давхраа”
- “Шилдэг найруулга” “Absolute pictures” багийн “Эзэгнэгч”
- “Шилдэг зохиол” “Absolute pictures” багийн “Эзэгнэгч”
Түүнчлэн, Үзэгчдийн нэрэмжит шагналыг “Step creative” багийн “Надад гэрэл хэрэгтэй”, Шүүгчдийн нэрэмжит шагналыг “Оюунлаг” багийн “Сүүлчийн зоог” бүтээл тус тус хүртэв.
Г.ДАША