Завхан аймаг дахь Хилийн цэргийн ангид хилчид хоорондоо буудалцсан хэрэг энэ сарын 22-ны 16:00 цагийн орчимд болжээ. Хоёр хилчин хоорондоо буудалцан, биенээ хүнд шархдуулж хамгийн ойрхон эмнэлэгтэй газар болох Увс аймгийн Баруунтуруун сумын эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээллийн мөрөөр бид өчигдөр тодрууллаа. Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудаас мэдээлэл авахаар утас цохисон боловч мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнуудын утас холбогдох боломжгүй байлаа.
Харин Завхан аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Одхүүтэй өчигдөр 17:30 цагт утсаар холбогдоход, "Одоогоор яг юу болсон талаар тодорхой мэдээлэл алга, дам сонсчихоод байж байна. Буудалцаан болсон гэсэн мэдээлэл аваад хариуцсан төлөөлөгч нь шалгахаар хэргийн газар руу явсан. Манай аймагт хилийн цэргийн ангитай сум ганцхан л байдаг. Тэс суманд хилийн анги бий. Төлөөлөгчтэйгөө утсаар холбогдож чадахгүй байна" гэлээ.
Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр Завхан аймгийн Тэс суман дахь хилийн 0277 дугаар ангид буудалцаан гарсан бололтой. Тэнд цэргүүд хоорондоо буудалцсан уу, эвсэл дарга, ахлагч нь оролцсон уу гэдэг мэдээллийг бид өнөөдөр тодорхой болгож, уншигчдадаа хүргэнэ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин