Энэхүү хөтөлбөр нь тодорхой нэг мэргэжлээр шалгуур тавьж хязгаарлалгүй, аймаг орон нутгийн хэмжээнд нэн түрүүнд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлдгээрээ онцлог. Тухайлбал энэ жилийн тухайд аймгийн хүн амын өсөлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг тэтгэлэгт түлхүү хамруулахыг зорьсон байна. Өмнөх 3 жилийн тэтгэлэгт хамрагдсан 90 гаруй оюутны сурлагын чанарт мэдэгдэхүйц ахиц гарч байгаагаас үзэхэд тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго биелэлт сайтай байна. Цаашлаад нутаг орондоо зорин очиж ажиллах, нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой оюутнуудын тоо нэмэгдсээр байгаа нь шалгаруулалтад тэнцсэн оюутнуудын ярианаас харагдаж байна. Энержи Ресурс ХХК-ийн тухайд говийн бүсийн боловсролыг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлдэгийн зөвхөн нэг хэсэг нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд одоогийн байдлаар хөтөлбөрийн хэрэгжилтэнд 100 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа юм байна.
Энержи Ресурс ХХК-ийн Нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцааны газрын дарга З.Сугармаа:
– Орон нутгаас суралцаж байгаа оюутнуудын хувьд өөрийгөө бие дааж хөгжүүлэх чадвартай байх, хариуцлагатай байх, нутаг орноо гэсэн сэтгэл зүтгэлтэй байх явдал их чухал байдаг. Энэ ч талыг нь хөгжүүлэх үүднээс бид тэтгэлэг горилогч оюутнуудад харьцангуй өндөр шалгуур тавьж, илтгэх чадвар, биеэ авч явах байдал, хүсэл эрмэлэзл гээд олон талаас нь судлахыг хичээдэг. Манай компанийн хувьд дан ганц оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр хязгаарлагдалгүй, орон нутгийн боловсролыг дэмжих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Тухайлбал аймаг, орон нутгийн хамтарсан санхүүжилтээр энэ жил Цогтцэций суманд 800 орчим хүүхдийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчин үеийн иж бүрэн цогцолборыг ашиглалтад оруулах гэж байна. Шинэ сургууль үүдээ нээснээр сум, орон нутгийн боловсролын чанарт томоохон ахиц гарах юм.
Б.Мягмарсүрэн, ЭМШУИС-ийн 4-р курсын оюутан:
-Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн ихэнхи нь зөвхөн уул уурхай, технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад олгоно гэх мэт хэт нарийн шалгуур тавьсан байдаг бол Говийн ирээдүй хөтөлбөр яг манай аймгийн хөгжилд нэн шаардлагатай байгаа эрүүл мэнд, боловсрол зэрэг чиглэлүүдийг багтааж өгснөөрөө их ач холбогдолтой гэж би боддог. Эмч болохоор бэлтгэгдэж байгаа бидэнд боломж олгосонд маш их баярлаж байна. Манай сургуулийн оюутнуудын унших бэлтгэх материал нь хүртэл их байдаг. Дээрээс нь хичээлийн бус цагаар заавал нэмэлт орлого олох гэж хичээх шаардлагагүй, цаг зав их хэмнэж өгч байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар “миний мэргэжил хаана хэрэгтэй вэ, би нутаг орныхоо төлөө юу хийж чадах билээ” гэж илүүтэй их бодох болсон доо.