Москвад согтуу жолооч 7 хүүхдийн аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Москвад согтуу жолооч 7 хүүхдийн аминд хүрчээ

Москва хотод согтуу жолооч хурдтай давхиж яваад автобусны буудал дээр зогсч байсан долоон хүүхдийг дайрч хөнөөсөн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. 

Оросын Интерфакс агентлагийн мэдээлснээр согтуу жолооч 200 км/цагийн хурдтай явсан аж. Ослын улмаас долоон хүүхэд амиа алдсаны гурав нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй хүүхэд байсан бөгөөд өөр гурван хүүхэд гэмтэж бэртсэн байна. Харин хүн дайрсан согтуу жолооч ослын дараа доргилтоос ухаан алдсан байсан бөгөөд эмнэлэгт хэвтэж байгаа аж. ОХУ-ын Онцгой байдлын яамны төлөөлөгчийн мэдээлснээр харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүд Москва хотын Минскийн гудамжин дахь нэгэн кино студийн ойролцоо амралтын өдрөөр зугаалж явсан аж. Цагаад нарын олж тогтоосноор 29 настай жолооч 2010 онд мөн согтуугаар машин жолоодсон хэргээр жолоо барих эрхээ хасуулж байжээ.

ОХУ-ын хуулийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосон этгээдэд есөн жил хорих ял оноодог байна. ОХУ-д сүүлийн хэдэн сарын дотор архидалтыг хязгаарлах зорилгоор шар айрагны татварыг нэмэгдүүлж, согтууруулах ундааны реклам, зар сурталчилгааг интернэтээр цацахыг хориглосон хууль баталсан байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж