Өнгөрсөн бямба гаригт Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны дарга Жоу Юнкан Афганистанд дөрвөн өдрийн айлчлал хийхээр нийслэл Кабул хотноо хүрэлцэн ирсэн байна. Харин өчигдөр уг айлчлалынхаа үеэр Жоу Юнкан Афганистан, БНХАУ хоёрын хооронд батлан хамгаалах болон эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр Хятад улс Афганистаны цагдаа, цэргийн хүчнийхнийг сургаж, дадлагажуулахад туслах гэнэ. Энэхүү гэрээний дагуу ирэх дөрвөн жилд Афганистаны 300 орчим цагдаагийн албан хаагч Хятадад очиж, дасгал сургуулилт хийх юм байна. Түүнчлэн Жоу Юнкан айлчлалынхаа үеэр Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзах бөгөөд аюулгүйн үүднээс түүний энэ айлчлалын талаарх мэдээллийг айлчлал дуусах хүртэл нууцалж байгаа аж. БНХАУ нь АФганистантай батлан хамгаалах, эдийн засгийн хүрээнд хамтран ажиллахаас гадна тус улсын байгалийн баялагийн салбарт хөрөнгө оруулалт хийх эрмэлзлэлтэй байгаа юм. Тиймдээ ч Хятад улс сүүлийн жилүүдэд Афганистаны ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийх нь нэмэгджээ. Өмнө нь өнгөрөгч зургадугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжинд болсон бүс нутгуудын бага хурлын үеэр тус улсууд хоорондын харилцаагаа хамтан ажиллах болон стратегийн шинэ түвшинд гаргах шийдэлд хүрсэн аж.
Б.АНХТУЯА