Харьд эзлэгдсэн “Залуу техникчдийн ордон”

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Харьд эзлэгдсэн “Залуу техникчдийн ордон”

Улсын нийслэл Улаанбаатарт “Залуу  техникчдийн ордон” гэж хүүхэд шуугисан  их өргөө  байлаа. Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатова  Монголын хүүхэд багачуудад  Хүүхдийн ордон, “Найрамдал” олон улсын зуслан, “Залуу техникчдийн ордон”-ыг байгуулж өгөн, Монголын хүүхэд, залуучуудад бэлэглэсэн юм. Тэнд хүүхэд, багачуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлж, ирээдүйн инженерүүд төрөн гарах уурхай  болж  байв.

Хорь гаруй жилийн өмнө “Пионер” нэртэй Монголын анхны компьютер, “Мазаалай” нэртэй Монголын анхны автомашин тэнд бүтээгдсэн.  “Хэрэм” микро мотоциклийг хүүхдүүд өөрчдөө бүтээж, түүнийгээ унаж давхидаг байлаа. Алсын удирдлагатай  найман  программаар ажилладаг “Сансар“  анхны  робот  тэнд л бүтээгдэж, олон улсын  үзэсгэлэнгээс шагнал  хүртэж  байв.  Багш, сурагчдын зохион  бүтээсэн техникийн  бүтээлүүд  Москва, Берлин, Пьяханяны олон улсын залуучуудын  техникийн  бүтээлэн үзэсгэлэнд оролцож, шагнал  хүртэж байлаа. Анхны  дельтаплан тэнд бүтээгдэж, суудлын моторгүй нисэх онгоцыг хүртэл  тэнд  бүтээж  туршиж  байлаа.  Нисэх загварын хүүхдүүд олон улсын тэмцээнээс 40 гаруй  медаль хүртэж байсан юм. Хүүхдүүд одот тэнгэрийг дурандаж, одон гариг сарыг судалж байв. Алтан гартай, техникийн өндөр боловсролтой  зөвлөлтийн  мэргэжилтнүүд уригдан  ажиллаж,  мэдлэг мэргэжлээ Монголын  багачуудад  зааж сургаж  байв. Залуу техникчдийн ордонд  хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл буцалж, техник сэтгэлгээний цөм болж хүүхдүүдийн эрдмийн өргөө, их үйлсийн гарааны эхлэл болсон газар байсан юм. Монголын 18 аймагт салбараа  нээж,  жил болгон  өсвөрийн техникчдийн тэмцээн уралдаан өргөнөөр зохион байгуулж, олон улсын тэмцээнд оролцож байв. Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, Жанибеков тэргүүтэй Монгол, Оросын зургаан сансрын нисгэгч, гадаадын хүндэт зочид зочилж, хүүхдүүдийн бүтээл туурвилтай танилцаж, Монгол орны нүүр царай болж байлаа. Тэнд суралцаж байсан хүүхдүүд зах зээлийн энэ үед ихэнхдээ сайн инжинерүүд, пүүс, компаны эзэд болж, маш амжилттай ажиллан,  нисэх,  авто загварын спортыг хөгжүүлж,  Ази тивийн аварга  төрүүлэн, дэлхий, олон улсын чанартай тэмцээнээс  30 гаруй  медаль  хүртжээ.

Гэтэл одоо Залуу техникчдийн ордон техникийн бус харь сэтгэлтэн хүмүүст, газрын дээрэмчдэд нэгэнт эзлэгджээ. Ихэс дээдэст нэр нүүр талтай, намын нэрээр томилогдсон  тэгсэн атлаа  техникийн талаар  “А”  ч  байхгүй гурван ч захирлын гараар орж, Залуу техникчдийн ордон  зүйл дуусаад 20  гаруй жилийн  нүүр үзэж  байна. Хотын төвийн  А зэрэглэлийн газар  байршсан  болоод ч тэрүү авилгачдын шүлс асгарч, улмаар ордны газрыг дөрвөн  талаас  нь дайрч эзлээд мөнгөтэй эрх мэдэлтэй танил талтай авилгачид тэр газрыг хувийн  баар  цэнгээний газар болгосон юм.  Яг  Немцүүд Оросын  тосгонд орж  ирсэн лугаа  бүхнийг бусниулж  сүйтгэсэн  юм. 

Зохион бүтээх, дадлага сургалтын бүхий л суурь машин багаж, төхөөрөмжүүдийг бүгдийг үгүй хийж, акталж устгаад, хүүхдийн техникийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж  байсан орчин үеийн  интерьер дизайны шийдэл бүхий  шилэн тасалгааг нурааж гуанз болгоод эхэлсэн. Одоо тэнд  техникийн нэг ч дугуйлан  явагдахгүй  болж бүхнийг үгүй  хийжээ. Хүүхдүүд  астроном  үзэж, одот тэнгэр,  гариг ертөнцийг дуранддаг  телескопыг буулгаж хаяад, өндөр цамхагийнх нь  ёроолоос  нь орой хүртэл новш  дүүргэж,  склад  болгожээ. Хүүхдүүдийн зохион бүтээсэн  Авто картинг,  нисэх онгоц, авто загвар  туршиж, уралдуулж байсан  өргөн уужим хашааг талбайг нь захирлууд, хотын эрх мэдэлтнүүд хувийн байгууллагад зарж борлуулаад, мөнөөх  мөнгө хөрөнгөтэй  эздүүд нь дайран эзэлж. кофе баар, цэнгээний газар  “Ард” “Мандал” даатгал нэртэй  том байшингууд хашаанд нь босгоцгоож битүү дүүргэж өчүүхэн умгар зайг л хүүхдүүдэд үлдээжээ. Ийнхүү “Залуу  техникчдийн  ордон” үгүй болж устгагдаж харин үр хойч  үе, хүүхдийн эсрэг дайн заралсан  хэсэг  хөмүүс  баяжиж  цулайсан юм.

Ордны 10 жилийн ойн тухай Монгол кино нэгтгэлийн хийсэн баримтат кино  болон Залуу техникийн ордны үүсэл хөгжил  хүүхдүүдийн  бүтээл  туурвилын гэрэл зургууд Хүүхдүүдийн  бүтээсэн кино гэрэл зураг ном  товхимол  бүхэл  бүтэн  архивыг  ор мөргүй  устгажээ. Захиралын эхнэр нь  хувийнхаа сургуулийн дотор нь  оруулчихаад  тарвалзаж  байсан үе ч бий. Техникийн боловсрол муутай, хувийн сонирхол  түлхүүтэй тэдгээр захирал нар  залуу техникчдийн ордны  уран гартай  багш ажилтныг  нэгийг  ч үлдээлгүй  ажлаас халжээ. Одоо тэр газар  Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль нэртэй өндөр төлбөртэй сургалт муутай жирийн нэг сургууль болжээ.

Энэ зун нийслэлийн иргэдийн хурлын  даргаас шийдвэр гарч зөвшөөрөлгүй нэгч  барилга  барьж  болохгүй  шийдвэртэй гарсантай зэрэгцэж  уралдаад энэ зун хойд  хэсгээс  нь “Алтай Констракшн” компани эзлэн авч, бас  зүүн талаас  нь  бас нэг өндөр барилга бариад дуусаж байна. Одоогийн захирал  сургуулийнхаа үлдсэн хамгийн  сүүлчийн хэсэг газрыг зарж  амжжээ. Мөн 13, 31 р сургууль Орос 3 р сургууль   Хүүхдийн урлан  бүтээх ордон, Залуу техникчдийн ордон,  УБИС,  Хүмүүнлэгийн Их сургууль,  Шастины нэрэмжит 3-р эмнэлэг  гээд маш олон сургууль  төрийн  байгууллагууд  хашаан дахь газраа зарж  борлуулсан. Нийслэлийн өмнөх засаг дарга нарын газрын наймаанаас улбаалан  хот төлөвлөлт ерөнхий архетектур гэсэн  ойлголтыг  ул мөргүй  устгасан  тул одоо  Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал, төрөх газар, театр, спортын ордон, биеийн тамирын талбай, цэцэрлэг саад  хүүхдийн  тоглоомын талбай, явган хүний зам шинээр  байгуулах  өчүүхэн ч хэсэг   зай   үлдээсэнгүй. Ийм эмэгнэлт дүр зурагтай  нийслэлийг  өмнөх  засаг дарга нар  үлдээжээ.

Монгол улсын боловсролын бодлого дампууралд орсоныг илтгэж  буй нэг үзүүлэлт  бол Залуу техникчдийн ордны  эмэгнэлт хувь заяа билээ. Улс орныг  хөгжүүлэхэд  сайн  мэдлэг боловсролтой  инженерүүд хэрэгтэй байна. “Инженер” гэсэн сургалтын цогц, хөтөлбөр хэрэгтэй  байна. Инженерийн  боловсролгүй, техникийн талаар  “А” ч үгүй дарга нар үйлдвэр албан  байгууллага цаашлаад хот улс орныг удирдаж  байгаа  нь нийгмийн хөгжилд саад болж  байна.  

Хуульчид,  эдийн засагчдыг сүүлийн 20 жилд хэдэн мянгаар  нь бэлдэж гаргалаа. Улс  орны хөгжил дэвшилд техникийн  сэтгэлгээ, зохион  бүтээх  авьяас чадвар, техникийн өргөн  мэдлэг, инженерийн боловсрол  хэрэгтэйг ухаарч  шинэ засгийн газар “Залуу  техникчдийн  ордон” г харийнхнаас  чөлөөлж,  жинхэнэ эзэд  нь  болох техник сонирхогч хүүхдүүдэд буцааж өгнө гэдэгт найдаж   байна

Г.АЛТАНГЭРЭЛ (Инженер, багш)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж