Жон Терри Английн шигшээг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Жон Терри Английн шигшээг орхилоо

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Жон Терри олон улсын тавцан дахь замналаа өндөрлүүлж буйгаа зарлалаа. Шигшээ багийнхаа төлөө 78 тоглолтод оролцсон, “Челси” клубын хамгаалагч ийнхүү 2014 онд Бразилид болох ДАШТ-ий сонгон шалгаруулалтад шигшээ багаа төлөөлөхөөргүй болж байгаа юм. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргээр шүүх танхимд дуудагдсан түүний асуудлыг өнөөдөр Английн хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хороо хэлэлцэх аж. “Квинс Парк Рейнжерс” багийн тоглогч Антон Фердинандыг арьс өнгөөр ялгаварласан хэрэгт буруутгагдсан ч өнгөрсөн долдугаар сард Лондонгийн шүүх түүнийг гэм буруугүй хэмээн үзсэн юм.

Талбайн гадуурх хоёр ч асуудлаас болоод шигшээ багийн ахлагчийн туузаа хураалгасан Терригийн үйлдлийг Английн хөлбөмбөгийн холбооноос “шигшээ багт байж болшгүй зүйл” хэмээсэн билээ.

Английн хөлбөмбөгийн шигшээ багийг орхих болсон талаарх мэдэгдэлдээ Жон Терри “Би олон улсын хөлбөмбөгийн замналаа энд хүрээд өндөрлүүлж байна. Шигшээ багаа төлөөлж 78 тоглолтод оролцох боломж олгосон үе үеийн дасгалжуулагч, менежерүүддээ баярлалаа. Шигшээ багт тоглосон нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хамт хүчин зүтгэж байсан тоглогчид, хөгжөөн дэмжигчид, гэр бүлийнхэндээ бүгдэд нь талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Эх орноо төлөөлж, тэр бүү хэл шигшээ багаа ахалж талбайд гарна гэдэг миний хүүхэд байхын мөрөөдөл. Би үүнд бүхнээ зориулсан. Ийм шийдвэр гаргах үнэхээр хүнд байлаа. Рой Хожсон болон түүний багт амжилт хүсье” хэмээжээ.

Жон Терри анх 2003 онд Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, анхны тоглолтоо Серби ба Монтенегро улсын багийн эсрэг хийж байжээ. Улмаар 2008 оноос шигшээ багийн ахлагч болсон юм. Шигшээ багтаа хийсэн түүний сүүлийн тоглолт Молдавын эсрэг байсан. Энэ сарын эхээр Молдавын нийслэл Кишинёв хотноо болсон тус тоглолтод англичууд 5:0 харьцаатай ялалт байгуулсан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж