Баримтат өвийг хамгаалах сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Баримтат өвийг хамгаалах сургалт болно

“Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж, сэргээн засварлах нь” сэдэвт  онол практикийн сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон “Гёте” институт хамтран Монголын Бурхан шашинтны төв Гандан тэгчэнлин хийдэд өнөөдөр 14.00 цагт эхлүүлэх гэж байна. Нээлтэнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан болон хамтран зохион байгуулагчдын удирдлагууд ирэх гэнэ. Энэ нь ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй “Цаасан баримтат өвийг хадгалан хамгаалах нь, Зүүн азийн цаас хийх арга барил, цаасан баримтат өвийг хадгалан хамгаалж ирсэн уламжлал, арга зүй 2008-2012” төслийн хүрээнд болох бөгөөд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Сургалтыг ЮНЕСКО-гийн олон улсын цаасны мэргэжилтэн Дирк Перлман ахлан хийх бөгөөд энэ үеэр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Үндэсний Номын Сан, Үндэсний Архивын Ерөнхий Газар, Соёлын Өвийн Төв, Хүүхдийн номын ордон, Төв Гандан Тэгчэнлин хийд болон Чойжин ламын сүм музей  зэрэг байгууллага оролцох юм байна.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссоос тавдугаар сард энэ талаарх сургалтыг хийж байсан бөгөөд Төв Гандан Тэгчинлэн хийдийн номын санд хадгалагдаж байсан мөөгөнцөртсөн судруудыг олон улсын мэргэшсэн сэргээн засварлагчдын зааврын дагуу цэвэрлэх ажил эхэлсэн тухай албаныхан мэдээлж байна. Энэ удаагийн сургалтаар гэнэтийн аюул ослын үед гэмтэж муудсан баримтат өвд усан цэвэрлэгээ хийх аргыг сургахаас гадна мэргэжилтнүүдийн хамт сэргээн засварлах зарим ажлыг хийх ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж